Ж.Жаргалсайхан
“АМЬДРААД Л БУЦНА. ГЭХДЭЭ ӨӨРИЙНХӨӨРӨӨ” номын хэсгээс
Нэгдүгээр хэсэг буюу “Амьдралын дарга”-тайгаа учиртлаа амссан бүхэн минь уншсан хэнд ч сургамж болох буй за
Зөвхөн охиноо төрүүлж байх үеийн тухай өгүүлэхэд л их олон зүйл хүний амьдралд тохиодгийг мэдэрнэ.
Би 40 жил зоргоороо амьдарсан нэгэн байлаа. Тэр зоргоор насны 40 жилийг уургалж цаламдан цоо шинэ, хоёр дахь удаагаа энэ дэлхий дээр амьдарч байгаа мэт болтол өөрчилсөн их хүч бол ээжийн минь “40 жил загнуулах хүнгүй, хүнээр хэлүүлэхгүй өөрийн хүссэнээр дураараа амьдарсаан, охин минь чи. Одоо энэ нялх охин чамайг захирах гэж ирсэн юм. Номондоо ингээд ор доо” гэж хэлснээр л болсон. Өөрөөр хэлбэл, би амьдралын даргатай болсныг ээж надад тэгэж ойлгуулсан юм. Амуулай миний дарга болов. Гэхдээ би амьдралын даргаа олж авах гэж 18 настай жаахан оюутан охин байхаасаа эхлээд л багагүй бие, сэтгэлийн зовлон үзсэн байлаа. Анх ээжээсээ хол, дөнгөж оюутан болов уу үгүй юу нөхөн үржихүйн талаар ямар ч ойлголтгүй хэрнээ жирэмсэн болсон минь намайг олон жил дахин давтан шаналгасан бие болоод сэтгэлийн зовлонгийн эхлэл байлаа. Би 18-хан настайгаасаа хойш барагцаагаар 9 удаа жирэмсэлсэн байв. Барагцаагаар гэдэг нь түүнээс илүү тоо хэлэхээсээ, тоолж үзэхээсээ айсан хэрэг. Энэ тухай бодохоос ч аймшигтай санагддаг ч эмнэлэгт хэвтэх тоолонд минь стори нээх бүртээ эмч нар жирэмслэлт хэд, төрөлт хэд гэж байнга асуудаг болохоор өөртөө байж болох хамгийн бага оронтой нэг тоо бий болгочихсон нь энэ. Багшийн дээдийн монгол хэлний ангийн онцын нэмэгдэлтэй стипенд авдаг 6 оюутны тоонд сая намайг эмчлүүлэхээр Солонгост үүрийн нислэгээр буухад урд шөнө нь онгоцны буудалд ирж хоноод тосож авсан оюутан ахуйн алтан найзуудын нэг Оюунханд бид хоёр ордог байв. Стипенд буусан өдөр бид ресторанд орж тансагладаг байсан. Тэр үед Цамбагарав рестораны шницель, пүнтүүзтэй ногооны салат хоёр хамгийн гоё хоол шиг санагддаг байж билээ. 4 сартай жирэмсэн оюутан стипенд буусан өдөр ээлжит “тансаглалаа” уламжлал ёсоор давтаж Оюунхандтайгаа хөтлөлцөөд “Бамбарууш” кафе орсон сон. Талбайн урд талын “Говь”-ийн нэрийн барааны дугуй хэлбэрт дэлгүүр хүн бүхний орох дуртай хөөрхөн кафе байж билээ. Бид хоёр тэнд ороод цөцгий л авдаг оюутнууд байсан. Тэндхийн цөцгийг бүх хүмүүс ингэж зорьж очдог байсан л даа. Цөцгийгөө амтархан хүртчихээд хоёулаа “оюутнуудын унаа” 26 номерийн автобусандаа суун Цамбагарав орж шницелээ идлээ. Тэр шницелийг хийдэг рестораны А тогооч нь Оюунхандын маань арван жилийн найзынх нь ээж байсан. Ингээд хоёулаа гадуур тансаглаж тансагласан хоёр оюутан гэрт иртэл дүүрэн хуушууртай сав угтсан. Ямар гадуур хооллоцон гэлтэй биш хүний сэтгэлийг бодоод нэрэлхэн юу ч хэлж чадалгүй хуушуур, салатыг амтархан “чихэж” орхисон. Найз минь гэртээ харьж би тэр шөнөөсөө +40 градус хүрч халуурч эхэлсэн. “Бамбарууш” кафены цөцгий гашилсан цөцгий байж таарсан юм билээ. Дээр нь хэмжээгээ мэдэхгүйгээр гоё санагдаж нэг, нэрэлхээд хүний сэтгэлийг бодож байна гээд татгалзаж чадалгүй нэг идсээр би ходоод гэдсээ хямрааж халдварт дезинтри гэдэг өвчний нянгаар жирэмсэн биеэ өвтгөжээ. Тэрийгээ мэдэхгүй 3 хоног гүйлгэж суулгаж +40 хүртэл өндөр халуурч халуундаа дэмийрч байсан намайг үзсэн түргэний эмч “левомецин” гэдэг эмийг 4 цагийн зайтай нэг уухдаа 2 давхарлаад уу гэсэн. “Би жирэмсэн шүү дээ, эмч ээ” гэхэд “4 сартай хөдөлчихсөн хүүхэд яах ч үгүй. Хэрэв ингэж уухгүй бол халдвартад хэвтүүлнэ” гэхэд нь “Эм ууя аа” гээд үлдэж билээ. Эмчийн хэлснээр эм ч уусан, өвчин ч зүгээр болсон. Харин яг нэг сарын дараа нэг өдөр хичээл дээр сууж байтал гэдсээр хатгаж өвдөөд болдоггүй. Хүн чинь биеэ өвдөхөөр ээж рүүгээ л тэмүүлдэг юм билээ. Одооных шиг гар утас гэж байгаагүй болохоор ээж рүүгээ яриад яах уу ийх үү гээд асуучихна гэж байхгүй. Ээждээ л очвол болчих юм шиг санагдаад хичээлийн хэдэн паарыг арайхийж дуусгаад галт тэрэгний буудал орж вагонд суугаад авлаа. Ингэж л ээжийгээ зорьж явахдаа галт тэрэг зогсоолд зогсоод хөдлөхдөө займчдаг нэг тийм займчаанд би шээчих шиг халуу дүүгээд л явчихсан. Вагоны шалаар нэг гол шиг л жирэлзсэн өнгөгүй шингэн урсаж өгсөн. Жаахан охин байсан болохоор юу гэдгий нь ч мэдэхгүй, “Яана аа хүмүүс намайг шээчихлээ” гэж бодож байгаа байх даа гэж бодон ичсэндээ час улайгаад нүүр хийх газаргүй хавчганаж суухад минь тэр галт тэрэгний билет шалгагч Долгор гэдэг настай эгч ирээд намайг проводникийн өрөөнд оруулж хэвтүүлэн ажлаа ч хийлгүй гэдсийг минь илсээр Мандал өртөөнд ирж билээ. Вагоны хаалгаар түргэний эмч, аав ээж ар гэрийнхэн минь орж ирээд л нутгийн залуус насилкэн дээр намайг дамнан буулгаж сумын төвийн эмнэлэгт шууд аваачин яаралтай тусламж үзүүлж цэвэрлэгээ хийлгэсэн. Гэтэл гэдсэн дэх 5 сартай үр хөврөл аль сар орчмын өмнө левомецин гэдэг эмийг 4 цагийн зайтай 2 давхарлаж уух үед л амьгүй болчихсон байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, би амьгүй ураг сар орчим тээж өөрөө ч бас үхэлтэй их ойрхон явжээ гэсэн үг болохыг тэр үедээ ч, хожим олон удаа хүүхэдтэй болох гэж жирэмслээд бүтэлгүйтэх тоолондоо ч сайн ойлгоогүй явсан байдаг. Ийм том болтол нь тээж байгаад зулбачихаар түүнийг дагаж ирэх хүнд өдрүүд ёстой тэнгэрийн шийтгэл л гэмээр байдаг. Алтан хэвлийдээ хадгалж чадаагүйн минь шийтгэл хөх саамшиж сүү орсноор эхэлдэг байв. Эзэн нь амлаж чадаагүй буцчихсан хөхийг үүр шөнөөр уйлан уйлан сааж суугаа үртэй болохын шаналанд унасан бүсгүй хүний зовлон ямархан хүнд байдгийг бурхан, чөтгөр хоёр л мэддэг байх.
Заримдаа цэвэрлүүлсэн сав дорхноо хүүхэд олж 5 сартай зулбасан хүн нэг жилд хоёр удаа жирэмслээд хоёуланг нь тав таван сар хүргээд дутуу төрчих ч үе гарсан. Ингэж жирэмслэх тоолон одоо л тогтчих болов уу гэж горьдсоор, эмнэлэг бараадаж тогтоох эмчилгээ хийлгэсээр байсан ч нэгэнт зуршил болсон дутуу төрөлт гэдэг зүйл намайг дийлсээр 2004 оны зун хоёр ихэр жирэмслээд 6 сар хагастай байхад нь хоорондоо 15 минутын зайтай хоёуланг нь дутуу төрүүлснээр миний хүүхэдтэй болох гэж бие, сэтгэлээ тамласан олон жилийн их хүсэл үндсэндээ унтарч, би ялагдсан юм.
Бий болгосон амьдрал, бүтээн байгуулсан бизнес, хийж байсан бүхнээсээ татгалзаж, хүүхэд тогтоохын тулд хэрэглэдэг хүмүүний орчлонгийн бүхий л аргуудыг нэгийг нь ч үлдээлгүй (бүр нэгийг ч үлдээлгүй хэрэглэж шүү дээ) янз янзаар үзсэн оролдлогуудаа орхин итгэлээ гээж, ахин ийм зүйл үзэхээсээ зүрхшээж цор ганцаар байхыг илүүд үздэг болов, Амуулайтай учирсан 2012 оны 3 дугаар сарын 20 гэсэн тэр нэг гайхамшигт өдрийг хүртэл… Энэ хооронд бүхэл бүтэн 21 жил өнгөрсөн байлаа.
Энэ хэсгээс санаа авууштай нь:
НЭГ. Хэрэв бүсгүй ээжийнхээ дэргэд байсан бол тэр хүчтэй эмийг эх хүн хэзээ ч бие тулгар охиндоо уулгахгүй, өөр аргаар охиноо аврах л байсан даа. Учир нь бүсгүйн ээж олон сайхан үр хүүхдээ настай ээжийнхээ дэргэд алдаа эндэлгүй тээж төрүүлээд сайхан өсгөсөн сайн ээж, “алдарт эх” билээ.
ХОЁР. Амьдрал яг л кино шиг. Амьдрал дээр хүн эцсийн үр дүнг үзэн үзтэлээ “Мятаршгүй Жулиа” шиг байх хэрэг гардаг. Замд тохиолдсон зүйлст автан тэр эцсийн зорилгоосоо няцвал амьдрал хүнийг шалгаж шалгаж эцсийн мөчид өгөхөөр зэхэж байсан хамгийн том шагналаа буцаагаад авчихдаг юм.
ГУРАВ. Энэ зүйлд хэлэх санаа хэт хатуу сонстож болох ч бусдын бодол бусдадаа зөв, миний бодол наддаа зөв. Зарим бүсгүй нөхрийнхөө сэтгэлийг бодоод үр хөндүүлж өөрсдийг нь зорьж ирсэн бяцхан бурхдыг тэнгэрт үүрд буцааж алддаг бол зарим нь нөхөр, ажил, карриер, эрүүл мэнд, бүх зүйлээ золин байж тэр хөөрхөн амийг тээж төрүүлээд өөрөө амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, насан турш үрээсээ нулимсаа нууж өөрийн жаргалыг огоорсон ганц бие ээжийн хүнд ачааг үүрэх, бусдын хэл амны бай болсоор дуусах тавиланг сонгодог ч энэ нь хамгийн нигүүлсэнгүй, хамгийн хүмүүнлэг энэрэнгүй сонголт юм.
Миний бодол надад зөвийн учир би Амуулайтай учирсан цаг мөчөө “Дайнд ялсан эмэгтэй баатар” мэтээр төсөөлж билээ. Яагаад ийм ихээр өөрийгөө “өргөмжилнө” вэ? Ямар муухай “онгироо” юм бэ? Эсвэл өргөмжлөх, онгирохын аль аль нь бас чамлагдах уу? Энэ тухай “3 недельтэйгээсээ “Мятаршгүй Жулиа”-гийн дүрээр амьдраад 3 цаг орчим үргэлжилсэн хагалгааг давж учирсан учрал” гэдэг дараагийн хэсэгт өгүүлнэ.
Ж.Жаргалсайханы “Амьдраад л буцна. Гэхдээ өөрийнхөөрөө” номын хэсгээс
2019 оны 10 сарын 20