Ингэж хэлэхийн учир нь ЖДҮ-чин гэх тодотголтой УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сонгуулын амлалтаа биелүүлэхээр боловсролын салбараар шоу хийж ардын хүүхдүүдийн сурах эрхэнд ноцтойгоор халдаж нэлээд олон сарын нүүрийг үзлээ. Тодруулбал, тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөхдөө тойрогтоо шинэ сургууль байгуулна хэмээн бүлт, бүлт үсэрчихсэн. Гэтэл мань хүн сонгогдсон тойрогтоо юун сургууль барьж байгуулах зөвхөн өөртөө зээл авч өөрийнхөө бизнесийг тордсоор ирэх 2020 оны сонгуультай золгох гэж байна. Уг нь тэрбээр дахин сонгогдохын тулд хийж бүтээсэн ажлаа сонгогчддоо тайлагнах ёстой. Гэтэл түүнд би энийг хийсэн гэж хэлэх олигтой зүйл байхгүй учраас адаг сүүлд нь мөрөөрөө сурч боловсорч яваа түмний хүүхдийн сурах эрх рүү ноцтойгоор халдаж нэр нүүрээ барж явааг хэвлэлүүд олонтаа мэдээлж байна.
Тодруулбал, ЖДҮ-чин нөхөр Ж.Энхбаяр БСШУЯ-ны харьяа, Төрийн өмчит, Кембрижийн боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлдэг “Монгол тэмүүлэл” сургуулийн байрыг дээрэмдэж, нийслэлийн 133 дугаар сургуульд шилжүүлэх арга замыг сонгож увайгүй үйлдэл гаргасанд олон мянган эцэг эхчүүд тэнд сурч буй сурагчид ч түүнд эгдүүцэж боловсролын салбараар шоудахаа боль хэмээн илэрхийлж байсан удаатай. Тэгвэл тэрбээр энэ удаад ард түмнийхээ боломжоос супер хулгайлсан шигээ “Монгол тэмүүлэл сургуулийн байрыг мөн л тэр аргаар дээрэмдэхээр хотын дарга С.Амарсайханыг энэ ажилдаа татан оролцууллаа. Тухайлбал,, өнгөрсөн баасан гарагт хотын дарга С.Амарсайхан Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нэгдүгээр байр руу гүйж очоод ““Монгол тэмүүлэл” сургуулийг танай байр руу нүүлгэнэ. Одоогийн байдлаар хүүхэд хүлээн авах орчин нөхцөл тааруу байгаа тул засвар хийх санхүүжилтийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нөөц хөрөнгөнөөс гаргана” гээд зарласан нь тус салбарынхныг хийгээдъбагш, сурагчид, эцэг эхчүүд гээд олон хүнийг шоконд оруулж өөрийнхөө ямар хүн бэ гэдгийг харуулчихав. Уг нь С.Амарсайханд “Монгол тэмүүлэл” сургуулийн байр савнаас нь хөөж туух эрх мэдэл түүнд байхгүй. Учир нь тус сургууль нь БСШУЯ-ны харьяа Төрийн өмчит сургууль. Гэтэл мань хүн өөрт нь хамааралтай үгүйгээ ч мэдэхгүй намба алдан өөрөө гүйж очоод хувийн сургуулийн байранд Кембрижийн боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлдэг “Монгол тэмүүлэл” сургуулийг оруулна гэж таахалзсан нь үнэхээр ичгэвтэр.
Яг үнэндээ хотын дарга гуай 133 дугаар сургуулийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй хүн. Тиймээс л түүнийг ЖДҮ-чин нөхөртэй халаас нэгтэй болчихоо юу гэж хардсан хэрэг. Яг үнэндээ түүний энэхүү үйлдэл бүхэл бүтэн боловсролын яамны эрх мэдэл рүү халдаж тэнд ажиллагсадыг хэн ч биш болгосон үйлдэл. Хэрвээ бид ажлаа мэддэг хотын даргатай байсан бол ядаж “Монгол тэмүүлэл” сургууль байгуулагдсан цагаасаа хойш олон саад давааг туулан байж 2017 онд өөрсдийн байртай болж Монголын нэрийг дэлхийд тахлах, Монгол боловсролыг дэлхийд түгээх Кембрижийн боловсрол эзэмшиж буй хүүхдүүдээ сурч боловсроход нъ онцгой анхаарая хэмээг санаа тавих ёстой байсан. Гэтэл ЖДҮ-чин Ж.Энхбаяр, хотын дарга С.Амарсайханыг энэ ажилдаа татан оролцуулж олон улсын Кембрижийн хөтөлбөрт заагдсан стандартын дагуу тохижуулсан, тусгай тоноглогдсон анги танхимд хичээллэдэг сургуулийг үгүй хийхээр зэхэж буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авах цаг нь нэгэнт иржээ. Уг нь энэ стандартыг хангахын тулд БСШУЯ-ны дэд сайд асан Ё.Отгонбаяр улсын төсвөөс 4.110.900.000.00 (дөрвөн тэрбум нэг зуун арван сая есөн зуун мянган) төгрөгийг гарган барьсан байдаг. Ингэх болсон шалтгаан нь гэвэл ардын хүүхдүүдийн эцэг эхчүүд Ж.Энхбаяр шиг ЖДҮ-ээс хүүгүй зээл авч төлбөр өндөртэй хувийн Кембрижийн хөтөлбөртэй сургуульд хүүхдээ сургаж чадахгүй учраас өдөр шөнөгүй хүүхдээ бэлдсээр Кембрижийн боловсролыг үнэ төлбөргүй олгодог “Монгол тэмүүлэл” сургуульд оруулсан хэрэг. Нөхцөл байдал ийм байхад хотын дарга С.Амарсайхан ЖДҮ-чин Ж.Энхбаяртай хүзүү сээрээ холбочихсон Төрийн өмчит сургуулийг байрнаас нь хөөж тууж байгаагийн цаана ямар нэгэн ашиг сонирхол байна уу гэж хардахад хүргэж байна. Мөн өөрийнх нь хариуцаж буй салбарт өөрийнх нь өмч рүү халдаж байгаа ЖДҮ-чин гишүүн, хотын дарга хоёрт БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг яагаад ямар нэгэн хариу үйлдэл хийж өмчөө хамгаалахгүй байна вэ.
Уг нь “Монгол тэмүүлэл” сургууль олон улсад Монгол Улсын нэр хүндийг тахалж маш их амжилт гаргасан Кембрижийн боловсролыг үнэ төлбөргүй олгож буй Төрийн өмчид бүртгэлтэй ганцхан сургууль. Бодит байдал ийм байсаар атал ЖДҮ-чин нөхрийн сонгуулийн амлалтын төлөө тус сургуулийн олон мянган хүүхдийн сурах эрхэнд ноцтойгоор халдаж, эрсдэлд оруулж золиосолж болох уу гэж Ё.Баатарбилэг сайдаас асуумаар байна. Эцэст нь ЖДҮ-чин Ж.Энхбаярын сонгуулийн амлалтын төлөө “Монгол тэмүүлэл” сургуулийг хөөж болох уу, Ё.Баатарбилэг сайдаа, хотын дарга аа.
Р.Саруул