Шинэ байр худалдаж авангаа ямар айлуудтай хөрш зэргэлдээ байгаа, танай дээд давхарт хэнийх амьдардаг гээд судалгаа явуулах хэрэгтэй. Магадгүй танай дээд давхарт архичин айл байх нь тэднийхээс муу энерги “урсаж орж ирэх” аюултай. Мөн доод давхарт чинь их таагүй хүмүүс байдаг бол унтаж амрах боломж өгөхгүйгээс гадна тэднийхээс сөрөг муу энерги нь дэгдэж орж ирнэ. Огтлол цэгүүд болох баруун, зүүн талын хөршүүд сэтгэлд нийцэхээргүй бол гэр орон, гал голомтоо муу энергийн урсгалаас хамгаалах хэрэгтэй.
Эрт дээр үеэс ийм зорилгоор зориуд сүмд аравнайлсан бургасны мөчир гэрийнхээ дөрвөн буланд тавьдаг байжээ. Бургасыг амьд сахиус, дээд тэнгэртэй биднийг холбогч ид шидийн агуу хүчтэй хэмээн шүтэж, дөрвөн зүгийн муу бүхнээс хамгаалдаг байв. Ийнхүү бусдын сөрөг энерги орж ирэх аюулаас хамгаалахаас гадна өөрийн гэрийн эерэг энергийг буюу буянаа бусдад алдахаас сэрэмжилдэг байжээ.
Олон зууны турш Оросын ард түмний уламжлагдаж ирсэн нэг зан үйл бол гэрийн сахиуснууддаа өргөл өргөх явдал юм. Сард гурван удаа шинэ хамар цоргим үнэртэх халуухан талхыг давстай хамт бариад гэрийнхээ өрөө тасалгаа бүрд орж талархаж, өргөл үйлдэх ёслол хийдэг. Энэ аргыг Монголчууд та бид ч хэрэглээд үзэхэд буруудах юмгүй. Одоо ч дөнгөж барьсан халуун талх, боов, бялууны үнэр нь сэтгэлийн хямрал, уур бухимдлын эсрэг тайвшруулах, сэтгэл санааг өргөж өгөх хамгийн сайн эм, эмчилгээ гэж үздэг.
Гэр оронд ч элбэг хангалуун, таатай сайхан уур амьсгал бүрдүүлдэг гэдэгтэй хүн бүхэн санал нэгдэнэ. Айл бүрийн хоол, идээ ундаа өвөрмөц амттай. Магадгүй тэр бүр амттай байдаггүй нь тэр гэрийн эзэгтэйн сэтгэл зүрх, энергитэй холбоотой юм.
Тэргэл сартайд өрөөнийхөө булан бүрт чимх давс тавьж хонуулаад өглөө нь заавал шүүрдэж авах хэрэгтэй. Чухам энэ давс хурж цугларсан бусдын муу санаа, нүдний хор, хэл амыг өөртөө шингээж авдаг. Эрт дээр үеэс гадна хаалганыхаа дээр хуучин хутга тавьж муу хүн, бузар юм орж ирэхээс хамгаалдаг байв. Зуны хурц нартайд агь түүж аваад гэртээ хадгалдаг уламжлал нь агийг 99 хорон муу зүйлээс хамгаалдаг ид шидийн хүчит сахиус хэмээн үздэгтэй холбоотой.
Мөн танай гэрийг гадаад “ертөнцөөс зааглах” гэрийн хаалга, ялангуяа босгыг байнга арчиж цэвэрлэн, ариусгаж, хаалга чихрах чимээг муу ёр хэмээн цээрлэдэг. Гэрийнхээ хаалганы дотор талд элдэв хамгаалагч сахиус, өргөстэй ургамал, хутга, хөрөө зэргийг зүүдэг нь өвчин зовлон, гадны хэл ам, элдэв муу, сөрөг бүхнийг орж ирэхээс хамгаалж буй хэрэг.
Таазны доохно гацуурын мөчир, зүсэм талх тогтоох, өрөөний булангуудад янз бүрийн аравнайлсан өвс ногоо тавих зэрэг нь мөн орон гэрт элдэв муу юм үүрлэх, сөрөг муу энерги хурж цугларахаас хамгаалдаг байна. Гэрийнхээ гадна дотор хаалгыг, тотго, нугас, хүрээ гээд юуг ч үлдээлгүй сайтар угааж цэвэрлээд босгоо үнсээр арчиж зүлгэдэг, дараа нь рашаанаар аравнайлдаг нь мөн элдэв өвчин, бузар, хорон муу бүхнээс хамгаалж буй байдал.
Муу ёрын юм гэрт орж ирэхээс сэрэмжилж хаалгандаа зүү, тэвнэ хатгах, босгон дээрээ шүүр тавих, санаандгүй олдсон морины тах хадах зэргээс гадна гэрийнхээ босгыг ихэд анхаарч байх ёстой. Айлын гэрийн босго гадна дотор хоёрын зааг гэхээсээ илүү бусдын нүдний хор, хараал, элдэв хэл ам, сөрөг муу бүхнийг оруулахгүйн бэлэгдэл юм.
Босготой холбоотой янз бүрийн дом заншил байдаг. Босгон дээр зогсох, гишгэх, босго давуулан ярилцах, эд юм дамжуулах зэргийг муу ёр гэж үздэг тул өөрөө гарах, эсвэл тухайн хүнийг оруулж байж өгч авалцах хэрэгтэй. Айлын босго амин чухал учир хүний нүдэнд анзаарагдамгүй сахиус хамгаалалт заавал байх ёстой.
Зарим айл улаан өнгөтэй халуун чинжүү, дээр өгүүлсэн хурц ирмэгтэй эд зүйлс хадаж, зүүж тогтоосон байдаг. Сахиус хамгаалалт хийж юу зүүж, өлгөх, хадах нь таны хэрэг хэдий ч тэр бүгд өрөө гэрийн тань засал, өнгөтэй зохицолтой байх нь хүний нүдэнд тэгтлээ сонин харагдаж анхаарал татахгүй байх болно.