Сүүмийн сүүмийх алс тэртээд
Сүргээ хариулж яваа даа
Баян далайн ус шиг
Бялхам сэтгэлт аав минь
Сураг чимээ чагнаад
Хүүгээ хүлээж суугаа даа…
Энэ дууг дал, наяад оныхон андахгүй. Тэд өдгөө ч найр наадам дээр дуулсаар л байгаа. Мөн энэ дуутай холбогдоод “Сүүмийн сүүмийх…” гээд аялангуут л дуучин Янжиндулам санаанд буудаг. Цаг хугацааны шалгуурт сайхан дуу үлдэхээс гадна сайн дуучны хоолой бас хоногшиж үлддэг. Дууг нь сонссоор байгаад тухайн дуучны хоолой сэтгэл зүрхэнд хоногшчихдог. Гэвч зүрхэнд хоногшсон тэр сайхан дуу, тэр сайхан хоолой өдгөө бидний сонорт байнга хүрээд байх боломжгүй.
Хэдэн зуун жилийн өмнөөс амнаас ам дамжин яригдаж хүн бүрийн сэтгэлд үлдэж хоногшсон зүйлийг бид “Домог” гэдэг. Гэхдээ домог бол заавал тийм олон зуун жилийн урт настай байх албагүй. Тавиадхан жилийн өмнөх “Битлз”, гучаадхан жилийн өмнөх Фреди Мерькюри, арваадхан жилийн өмнөх Майкл Жексон гэх мэтээр дэлхий дахинд домог болчихсон хамтлаг, дуучид олон бий. Үүн шиг Монголд Янжиндуламаас эхлээд домог болчихсон дуучдыг хорь, гуч, дөчөөр нь тоолох хэрэг гарна.
Тээр жил яруу найрагч Б.Даваацэрэн Янжиндуламын тухай: “Уг нь миний садан хүн л дээ. Жамбын Янжиндулам гэдэг юм. Жинхэнэ нэр нь Янжиндулам биш Янжинлхам юм шүү дээ. Жамбын ах нь Содном гэж байсан. Эдгээр хүмүүс манай аав Бямбажавын нагац юм л даа. Түүнийг далаад оны дунд үед зарим аймгуудаар Хятадын тагнуул гэж нэг хэсэг шуугьсан. Ямар юмных нь Хятадын тагнуул байхав дээ. Тэр ярианаас чинь болоод Янжиндулам нэг хэсэгтээ л сэтгэл санаагаар унаж гутарсан…” гэх мэтээр сонинд ярилцлага өгч байлаа. Гэхдээ энд овог нь зөрөөд байдаг. Мандширын Янжиндулам гэдэг шүү дээ. Тэгэхээр нэрээ өөрчлөхөөс гадна овгоо бас өөрчилсөн ч юм шиг. 1970-аад оны дунд үед дуучин Янжиндуламыг Хятадын тагнуул гэж хөдөөгүүр нэг хэсэгтээ шуугиж байсныг тэр үед тавдугаар ангид байсан миний бие сайн мэдэх юм.
Ялангуяа манай Өвөрхангай аймгийн хэдэн сумдаар түүнийг Хятадын тагнуул гээд бүр итгэчихсэн, томчууд хүртэл “Нам засаг худлаа хэлнэ гэж байхгүй ээ. “Үнэн” сонин дээр хүртэл бичигдсэн болохоор Янжиндулам тагнуул байхаас зайлахгүй” гээд л цуурч өгдөг байлаа. Сугарын хөгжим, Лодойсамбуугийн шүлэг “Аавдаа” дуунд,
“Хантайширын оройгоор харийн шувууд буцлаа даа
Хайртай буурал аавтайгаа харьж очоод золгоно доо” гэдэг мөр бий. Үүнийг томчууд өлгөж аваад,
“За тэр харж байна уу. Хантайшир гэдэг уул Өвөр Монголд байдаг юм гэнэ. Хайртай буурал аавтайгаа харьж очоод золгоно доо” гэдэг чинь Хятадад байгаа аавтайгаа уулзахыг хэлж байгаа юм. Даанч дуучин Янжиндулам үүргэвч үүрээд урагшаа гарах гэж байгаад баригдчихжээ” гээд л хүүхэд бидний тархийг эргэтэл тун үнэмшилтэй хүүрнэдэг байж билээ.
Мөн тэр үед “Аавдаа” дууны үгийг бичсэн Ядамжавын Лодойсамбуу гэдэг хүнийг дуучин Янжиндуламтай холбож ярих нь их байлаа. Энэхүү Лодойсамбуу нь 1960-аад оны үед Хятад руу дүрвэх гэж яваад Дотоод яамныханд баригдаад арван жилээр яллагдаж байсан нь бүр ч нэрмээс болж, томчуудын ярианы сэдэв болж байлаа.
“За тэр харж байна уу. Одоо шоронд сууж байгаа Лодойсамбуу гэдэг хүнтэй энэ Янжиндулам холбоотой болж таарлаа. Лодойсамбуу нь Хятадын эрлийз юм гэнэ. Аягүй бол “Аавдаа” дууны аяыг бичсэн Сугар гэдэг хүн Хятадын эрлийз байж магадгүй боллоо. Эд нар бүгдээрээ холбоотой байжээ. “Аавдаа” гэдэг дуу чинь тэгвэл “Аав руугаа очиж явна аа” гэсэн тагнуулын нууц дохио байж шүү” гээд л цуурцгаана.
Үнэндээ тэр Лодойсамбуу нь жараад оны сэтгүүлч Маанийн Цэрэндорж гэдэг хүнтэй хамт хятад руу дүрвэх гэж байгаад баригдсан байх бөгөөд Цэрэндорж нь түүнд хандаж: “Чи хө надтай хамт Дундад улсыг үзэхгүй юу. Мотоциклоор шууд давхисаар яваад л Монголын хилийг давчихна. Айсны хэрэггүй. Би 1957 онд залуучуудын чуулга уулзалтаар Эрлиян (Одоогийн Эрээн хот) тосгонд очиж байсан. Цаашаа их гоё гоё хотууд байдаг гэсэн. Би Хятадаар чөлөөтэй ярьчихна. Тэгээд хоёулаа цаашаа Сингапур, Хонконг хүртэл явж саятан болох боломж байна” гэх мэтээр сэнхрүүлсэн гэдэг. Гэвч мань хоёр Замын-Үүдийн хил дээрээс баригдсан байдаг. Ерээд оны үед Я.Лодойсамбуу гуайтай энэ тухай нь ярилцлага хийхэд тэрбээр: “Бид Хятад руу гарах тун дөхсөн. Ганцхан цаг л хурдалсан бол цаашаа хил давчих байлаа. Цэрэндорж бид хоёрын хэргийг таслах гэж тухайн үед Төмөр замын соёлын ордонд бөөн дуулиан дэгдэж байлаа. Тэгээд бид тус тусынхаа ялыг аваад Улаанбайшингийн шоронд очиж байв. Дараахан нь тэгтэл дуучин Янжиндуламыг надтай холбоод Хятадын тагнуул байсан мэтээр хөдөөгүүр зөндөө цуурсан байдаг юм. Би бол Хятадын эрлийз биш. Бас тийм том яруу найрагч биш. “Аавдаа” дууны шүлгийг зохиосноос цаашгүй…” гэх мэтээр хуучилж билээ.
Далаад оны үед ийнхүү баруун солгойгүй цуурч байсан томчууд маань “Үнэн” сонин дээр үнэхээр л Янжиндуламыг тагнуул мэтээр бичсэн эсэхийг нь ч мэдэхгүй байж дур зоргоороо цуурч байсан нь төдөлгүй ойлгогдсон. Дуучин Янжиндуламын тухай бүх зүйл худлаа болж хувирав. Одоогийнхоор бол дуучин маань нэр төрөө сэргээлгэхээр Өвөрхангайчуудаас овоо хэдэн сая төгрөг нэхэмжилж болохоор л байлаа. Тэгтэл харин ч элдэв юм санасан шинжгүй 1979 онд “Баян Монгол”-ын хэсэг дуучидтай ирж Хужиртын амралтын соёлын төв дээр тоглолт хийж хөдөөгийн залуусыг нэг сайн баясгаад авч билээ. Уг нь өөрийг нь тагнуул гэж гүтгэсэн тэр том агуулган дээр одоогийнх шиг жаахан “хар пиар” хийж өгөөд “хэлбэр” хөөчихсөн бол Янжиндулам улам од болох байлаа. Учир нь түүнд агуулгаас хэлбэрт нөлөөлөх амьдрал, авъяас, баримт, тэдгээрийн түгээмэл тодорхой илрэлүүд бүгд байсан. Гэвч ихэнх тохиолдолд агуулга нь хэлбэрээс түрүүлж хөгжих зүй тогтолтой байдаг болохоор дуучин бүсгүй маань аясын салхинд өөрийнхөөрөө л намирч байсаар ард түмний дунд домог болсон.
Дуучин Янжиндуламын тухай дээрхи утгагүй гүтгэлгийг тухайн үед залруулж явсан хүн бол Улсын филармонийн дарга Д.Ухнаа юмсанж. Энэ тухай Ухнаа гавъяат өгүүлэхдээ: “Тэр үед нэг сонин зүйл болсон нь “Залуучууд” сонин дээр “Үүргэвч үүрсэн бүсгүй” нэртэй нийтлэл гарч, тэрхүү нийтлэлд Янжиндуламыг Өвөрмонголын тагнуул хэмээн бичжээ. Тэр үед үүргэвч үүрч явдаг хүн ховор байж. Тухайн цаг үеийн ойлголтоор гуйлгачин хүн л үүргэвч үүрэх ёстой байв. Харин Янжиндулам хаанаас авсан юм бүү мэд, нэг тийм бор үүргэвчтэй байжээ. Тиймээс тэрхүү үүргэвчнээсээ болж хардуулж, одоогийнхоор бол жинхэнэ “сенсацийн” эзэн болсон. Дээрээс надад үүрэг өгч, М.Янжиндуламын удам судрыг нь судлах лүндэн буулгав. Нэгэнт ийм лүндэн авсан хүн өөр яахав, Төмөр зам дахь гэрт нь очиж аав ээжтэй нь уулзаж, аав нь Ховд, ээж нь Архангайгаас гаралтай болохыг өөрийн чихээр сонсож ирээд гадны тагнуул биш, цуу яриа болохыг тайлбарлаж байлаа…” хэмээв.
Дуучин Янжиндулам нь Ухнаа даргын анхны шавь бөгөөд түүнийг “од” болгох замыг анх зассан хүн нь мөн л Ухнаа дарга юмсанж. 1975 онд тэрбээр “Эстрадын залуу дуучид” уралдааныг санаачлан зохион байгуулжээ. Тэрхүү уралдааны тэргүүн байрыг “Архи пивоны үйлдвэр”-т савлагч ажилтай, өвөрмөц содон хоолойтой, урлагт сэтгэлтэй охин авсан нь Мандширын Янжиндулам байлаа. Хоёрдугаар байрны шагналыг гэр бүлийн дуучид болох О.Болдбаатар, Н.Пүрвээ нар, харин гуравдугаар байрыг өнөөгийн Ардын жүжигчин А.Долгор хүртэж байжээ. Үүний дараа Ухнаа дарга Янжиндуламыг филармондаа дуучнаар үлдээх санал тавихад дуучин бүсгүй маань ноот мэдэхгүй гээд түр хойшлуулжээ. Тэгсэн ч Ухнаа дарга “Архи пивоны үйлдвэр” рүү явж очоод тэндхийн ээлжийн мастер авгайг хөнгөхөн аргалж байгаад Янжиндуламыг “Баян Монгол”-ын тоглолтонд дуулуулдаг байжээ. Үүгээр зогсохгүй түүнд дуулах арга барил, тайзны соёл гээд дуучин хүнд байх ёстой бүхнийг зааж сургаж, радиод дуугаа бичлүүлэхэд нь хүртэл дагаж явдаг байсан байна. Удалгүй М.Янжиндулам олонд танигдаж, жинхэнэ “од” болон гялалзжээ.
Энэ тухай Ухнаа дарга “Тэр үед Ардын дууны Адраа ид нэрд гарч хот хөдөөгүй байлдан дагуулж байлаа. Тиймдээ ч хөдөөд Адарсүрэн ирсэн бол чуулгын тоглолтыг үзнэ, Янжиндулам яваа бол “Баян Монгол”-ын тоглолтыг үзнэ гэх яриа гарахав дээ. Сүүлдээ чуулга, хоёр тоглолтоо зөрүүлдэг болж, Адраа баруун аймгаар бригадаар явсан бол, “Баян Монгол”-ынхон Янжиндуламыг аваад зүүн аймаг руу явдаг болсон…” гэж дурссан юм.
Нэгэн үе Монголын эстрад урлагт өөрийн өвөрмөц хоолой, авъяас чадвараараа од болон гялалзаж явсан М.Янжиндулам тухайн цаг үеийнхээ сор болсон хэдэн сайхан дуутай. “Аавдаа”-гаас гадна “Орь залуу нас”, “Алсаас дуулсан дуу”, “Огторгуй сонсоорой” гэх мэт. Тухайн үед Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраагийн өвөрмөц үг хэллэг бүхий дууны шүлгүүд уламжлалт нийтийн дуунаас эстрад урлагт орж ирсэн байдаг. Жишээлбэл “Орь залуу нас” байна.
Тас хар огторгуй нойрсон тайвшираад
Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахад
Орь залуу нас саран шиг туяа цацаад
Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ ээ
Үүр цайж бялзуухай дуулан бүжиглээд
Үүлэн хөшиг ярагдан наран гарч ирэхэд
Opь залуу нас өглөө шиг баяраар бялхаад
Орчлон хорвоогийн зүрхэнд нь булиглана аа…
“Дуу аялгуу”, “Хөг аялгуу”, “Хэл аялгуу” гурав яруу сайхнаар зохиролдсон энэ дуу “Арьсны хэнгэргийг мянган дохиур дэлдэвч, аялгуу хөгийг нэгэн дохиурт тогтооно” гэх эртний үгийг санагдуулдаг.
Янжиндулам хатагтай Гадаадын эстрад урлаг, тэр дундаа Оросоор ч олон дуу дуулсан байдаг. “Чингис”-ийн Жагаа түүний тухай дурсахдаа: “Мандширын Янжиндуламын маш чадварлаг дуулсан, чанарлаг уран бүтээлүүд сонсогчдод хамгийн ойр дотно дуулагдсаар ирлээ. Хэнтэй ч андуурамгүй өвөрмөц хоолой түүнийх байлаа. Хэн гаргасан нь мэдэгдэхгүй цуу ярианд тэгтлээ гундаагүй энэ дууч бүсгүй “Орчлон хорвоод дуулах гэж ирсэн” хэмээн ярих дуртай байсан. 1970-аад онд залуусын дунд зохиогдсон эстрадын анхны уралдаанаас нэрд гарах эхлэлээ тавьж, “Боргио”, “Залуус”, “Баян Монгол” зэрэг хамтлаг, чуулгад гоцлон дуулж байсан энэ дуучин бүсгүй гадаад орнуудад Монголын нэрийг гаргахад жинтэй хувь нэмэр оруулсан юм. Түүнийг нэг үе Монголын Роза Рембаев гэж хэлэлцдэг байлаа…” гэж өгүүлэв.
Б.ОЙДОВ