Ерөнхийлөгч ээждээ зориулж Яармагийнхаа хашаанд шинэ байшин эхлүүлжээ. (Ерөнхийлөгч ч гэж дээ түүнээс гадна эгч, дүү хоёр нь, ач зээ нар нь бий шүү дээ…) Гэтэл сошиал сүлжээгээр “нас өндөр гарсан ээждээ ийм тансаг харш бариад яах гэж байгаа юм бол ” гэсэн илт тавласан, доромжилсон, хорссон сэтгэгдлүүд хөврөх…
Сэтгүүлч би одоогийн Ерөнхийлөгчийг энэ албандаа сонгогдоогүй байхад, 2016 оны УИХ ын сонгуульд ялагдчихаад гудамжинд “лааз өшиглөж” явахад нь “Гэргий” гэдэг нэгэн нэвтрүүлэг хийсэн юм. Учир нь миний ижий хэт залуухнаараа (58 хан насандаа ) хорт хавдраар өнгөрчхөөд би гэдэг хүн ижийтэйгээ авахуулсан олигтой ганц зураг ч үгүй хоцроод сэтгэлээ урж явсан цаг. Тэгээд бусад хүмүүс ижийгээ амьдад нь сайн сайхан дурсамжийг нь авч үлдээсэй гэж бодоод нэгэн шинэ контент эхлүүлэхээр зорьсон нь “Гэргий” хэмээх хөрөг нэвтрүүлэг. (харамсалтай нь би энэ нэвтрүүлгээ цааш нь үргэлжлүүлж чадаагүй… эрэн сурвалжилах нэвтрүүлгийн хажуугаар хөрөг нэвтрүүлэг хийнэ гэж худлаа юм билээ ) Нэлээд хэдэн хүнд санал тавьсан ч зөвшөөрөл авч чадалгүй харин одоогийн Ерөнхийлөгч зөвшөөрсөн юм. Тухайн үед тэр иргэн Х.Баттулга байлаа. Тэр жил ээж нь 90 нас хүрч байсан санагдана. Ингээд нэвтрүүлэг хийлээ. Надад одоо ч мартагддаггүй сайхан зүйл юу гээч. Ерөнхийлөгчийн эгч Х.Цэндбаяр гэж бүсгүй бий. Баянгол зочид буудлын захирлаар ажиллана. Өдөржин ажиллачихаад орой хичнээн ядарсан ч, ямар ч их ажилтай байсан, хотын их түгжрээнээс ч залхахгүй орой болгон ижийдээ заавал очно.
Бод доо, Баянгол зочид буудлаас Яармаг хүртэл ямар их түгжрээ орой байх билээ. Заавал очиж яасан ийснийг нь асууж ярилцаж байгаад буцна. Цэндээ эгчийн үсийг задлавал өсгийгөө шүргэсэн урт. Аав Халтмаа гуай, ээж Должинсүрэн нь “охин хүүхэд үсэндээ хайч хүргэх хэрэггүй. Тайрч болохгүй” гэж хэлсэн болохоор одоо хүртэл үсээ тайрахгүй яваа 50 гаруй насны эмэгтэй. “Үсээ нууцаар тайрч болоогүй юм уу” гэж намайг зүггүй асуулт шидэхэд “Ээж аав хоёр болохгүй гэсэн шүү дээ” гэж билээ.
Ерөнхийлөгчийн дүү Х.Баттуул гэж хүн бий. Цагтаа дэлхийг шуугиулж олимпод ч зодоглож Монгол улсын нэрийн хуудас болж явсан нэгэн. Нэгэн үеийн эрэгтэй хүүхдүүд Баттуул гэдэг нэртэй болсон нь энэ хүний нэрийг авсан байдаг юм. Одоо “Женко групп” ийг удирдаж яваа. Энэ хүн долоо хоногийн эцсээр ээждээ заавал очиж гарынхаа хоолыг хийж өгнө. Ор, дэр, хөнжлийнх нь даавууг авч яваад өөрөө угаагаад авчирч сольж өгнө. Мэдээж Цэндээ эгч нь юмуу, ач зээ нараас нь хаяа угааж авчирч өгөх үе гаравч ээж нь “Туулын угааснаас муу болж. Туул их гоё үнэр шингээдэг” гэнэ. Цэндээ эгч нь нэг удаа дүү Баттуулаасаа асууж байгаад хэрэглэдэг воок, үнэртэн зайлагчийг нь хэрэглээд угаагаад авчирч өгч л дээ. Гэтэл эмээ харж харж үнэрлэснээ “Туулын шингээдэг үнэр биш л байна даа” гэсэн гэдэг.
Цагаан сарынх нь буузыг Цэндээ эгч нь амтална. Харин Баттуул нь хийнэ. Буузны даргаар ажилладаг гэсэн үг. Тэдний бууз их амттай. Ямар ч үед ороод гарахад байнга буузтай байна. Олон хүн ирдэг болохоор жигнээд л….жигнээд л…байна. Харин манай улсын Ерөнхийлөгч бол гэрийн ажилд нь тэр бүр оролцож чаддаггүй гэж байгаа. Хаяа очиж ээжийнхээ жигнэсэн буузыг идэж л “гийгүүлнэ”. Та бүхэн харсан л байх, Ерөнхийлөгч тавагтай буузны зураг тавиад “ижийдээ ирж бууз идэж гийгүүллээ” гэсэн пост явж байсныг. Үнэн нь тэр шүү дээ. Ерөнхийлөгч ижийдээ очиж бууз идэж, сэтгэлийг нь амрааж гийгүүлнэ ээ үе үе.
Тэднийх 1966 оны үерт урсаж сүйдсэн айлуудын нэг. Ээж нь Цэндбаяр охиноо тэврээд нэг гартаа тортой юм барьчихсан хашгираад л, аав Халтмаа гуай хоёр гартаа Баттулга, Баттуул хоёроо тэвэрчихсэн хоолой татсан усаар урсаж хүүхэд хашигарч ус самардан хариугүй живж явахад нь орос цэргүүд тааралдаж аварсан гэдэг юм. Тэгээд одоогийн энэ Яармагийн дэнж дээр гаргажээ. Гурван хүүхэдтэйгээ тавуулаа амьд гарах хувьтай байсанд баярлаж Яармагийн дэнжийг сүсэглэж явдгаа Должинсүрэн гуай ярьж билээ. Тухайн үеийн төр засаг нь гэр оронгүй болж үеэрт урсаж сүйдсэн айлуудад Яармагийн дэнжид газар олгож тэнд Халтмаагийнх гэдэг айл буйраа засч төвхнөжээ. Хожим хүүхдүүд нь том болж хоёр хүү нь чөлөөт, самбогоор тив дэлхийг шуугиулж Х.Баттулга дэлхийн аварга болж гавьяат цол хүртэн , Х.Баттуул нь олимпийн чанартай тэмцээнүүдэд түрүүлж, 1988 оны олимпод зодоглож 5-р байранд орж, Монгол улсын 11 удаагийн аварга цол хүртэж, одоогийн Ерөнхийлөгчийн анхны бизнес үхрийн саравчиндаа ганц оёдлын машинтайгаар эхэлж хожим тэрбумтан болсон учраас Халтмаа гуай, Должинсүрэн гуай хоёр энэ хашаандаа, Яармагийнхаа дэнжид хайртай.
Эмээ ингэж ярьсан юм “Монгол улсын гавьяат тамирчин энэ л хашаанаас төрж, хүүхдүүдийн минь бизнес эндээс цэцэглэж, төрийн сайд, УИХ ын гишүүн, бүр төрийн тэргүүн хүртэл манай энэ хашаанд өсч бойжсон болохоор энэ хашаандаа хайртай. Хэзээ ч битгий зарж үрээрэй.
Аав нь ч тэгж захьсан юм. Манайх гэдэг айл энэ л хашаанаас өөдөлж, энэ хашаанд сайн сайхны эхлэл тавигдсан буянтай юм .“ гэж. Хүүхдүүд нь “Ээжид бид байр авч өгье. Халуун хүйтэн усгүй, гаднаа бие засах газартай, нүүрс түлдэг хэцүү шүү дээ ээж минь… Хотод байранд бай” гэхэд Должинсүрэн гуай “Хотод байранд очихоор агаар дутагдаад бүтэж үхэх гээд байдаг юм. Тэгээд ч энэ Яармагтаа дассан. Энэ сайхан газраасаа явахгүй. Гурван хүүхдээ өсгөж ханьтайгаа насан туршдаа амьдарсан энэ сайхан газраасаа явахгүй ээ. Надаас хойш битгий зарж үрээрэй ” гэсэн гэдэг юм.
Ингэж л Халтмаагийнх гэдэг айлын үүх түүх Яармагтай холбогдсон байдаг юм. Би тухайн үед “Энэ хашаа байшингаар нь музей байгуулчихвал бэсрэг хөөрхөн үзмэртэй нэг музей бий болох нь дээ “ гэж бодож л яваа…. Харин одоо “Ерөнхийлөгч өндөр настай ээждээ яагаад ийм тансаг харш шиг байшин барьж өгөх гэж байна аа ха ха “ , “Өндөр настай хүн ийм байранд хэр удаан амьдарна гэж дээ” гэх мэтийн илт тавласан, хонзогносон, доромжилсон этгээдүүдэд хандаж үг хэлмээр санагдана. Тэд ч, бид ч адилхан эхийн хэвлийгээс унасан. Хүн ээждээ болдог бол дэлхий ертөнцийг тэр чигт аваад өгөхсөн гэсэн эх үрийн хязгааргүй нандин сэтгэлийн углуургатай гэж бодном. Над мэт нь ижийтэйгээ авахуулсан ганц ч зураггүй үлдчихээд зүрхээ урж явахад, сайхан ижийтэйгээ байгаа хүмүүс бүхнээ зориулах нь жам билээ. Должинсүрэн гуайн нэг үг бий. Одоогийн Ерөнхийлөгчийг хилс хэрэгт нэлээд зовоож байх үеэр тэр нэвтрүүлэг хийгдсэн болохоор “Та хүүгээ энэ ажлаа боль, зүгээр л бизнесээ хийгээд явж бай “гэж хэлдэг үү…Хүүдээ санаа их зовдог уу “ гэхэд “Үгүй шүү. Миний хүү хэзээ ч буруу юм хийхгүй. Тийм хүү биш. Зөв л болоод хүү минь зүтгэж яваа. Тулга өөрөө мэднэ. Би хүүгээ замын дундаас боль гэж хэзээ ч хэлэхгүй” гэж хоолой нь зангиран нэвтрүүлгийн багийнхны сэтгэлийг өмрүүлсөн билээ. Бас нэгэнтээ ” Намайг өнгөрчихвөл миний хүүхдүүд ээжийнхээ ачийг хариулж чадсангүй гэж болохгүй шүү. Хүүхдүүдийнхээ сайн сайхныг бишгүй үзлээ.!Миний хүүхдүүд ижийнхээ ачийг хариулсан шүү ” гэсэн нь Гэргий нэвтрүүлэгт бий. Хөвгүүд нь, хүүхдүүд нь 90 насыг хол давж жилээс жилд жижгэрсээр яваа жижигхэн буурал ижийдээ зориулан байшин барьж байна. Харин ч жаахан оройтсон мэт…
(Жич : та бүхэн Гэргий нэвтрүүлгийг үзье гэвэл “Гэргий Должинсүрэн “ гээд юүтүүбээс үзээрэй)