“Мундаг” жүжигчдийн залгамж халаа Г.Нарансолонго
Хэдхэн хоногийн өмнө “Солонгон үүл” киногоороо ямар жүжигчин болохоо үзэгч олондоо өөрийгөө дахин баталсан Г.Нарансолонгод үзэгчид ам сайтай байна.
Х-түц продакшнаас угшилтай жүжигчин Г.Нарансолонгыг өмнөх үеийн уран бүтээлчид ихээнхэн “тоодог” гэнэ лээ.
Өдгөө 40 насны босгыг алхаж яваа жүжигчин бүсгүй маань анх дунд сургуульд байхдаа “Найзууд” хэмээх телевизийн нэвтрүүлэг хөтөлж гараагаа эхэлж байжээ. Харин оюутан байхдаа тоглосон “Зүүд шиг хайр” уран сайхны кино олны анхаарлыг өөртөө татсан гэхэд болно.
Түүний дараах “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Миний хөрш чөтгөр” гэх мэт арав гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлжээ.
Х-түц продакшнд харъяалагдаж байхдаа сэргэлэн цовоо, алаг нүдэн хэмээн нэрлэгдэж байсан залуу жүжигчин өдгөө өрх тусгаарлан нөхөр Тэмка болон Төөтөө, залуу уран бүтээлчидтэй хамтран “Эмоци” продакшныг байгуулж, хошин урлагийн салбарт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож хүчин зүтгээд завгүй яваа билээ.