Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж пробиотик агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй
1974 онд R. Parker хүний биед эерэг нөлөө бүхий бичил биетнийг антибиотикийн сөрөг утга бүхий пробиотик хэмээн нэрлэх саналыг дэвшүүлсэн байна. Амьд бичил биетэн буюу тэдгээрийн бодисын солилцооноос үүсэх биологийн идэвхт бодис агуулах пробиотик хүнс нь гэдэсний микрофлорын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж улмаар хүний биемахбодийг хүрээлэн буй орчиндоо дасан зохицох, төрөл бүрийн сөрөг нөлөөллийг эсэргүүцэх чадварыг бий болгоход чиглэгдэнэ. ХХ зууны хүнсний биотехнологи, анагаах ухааны томоохон ололтын нэг бол пробиотик буюу зохицуулах үйлчилгээтэй хүнс хэрэглээний шинэ үзэл баримтлалыг томьёолсонд оршино. Эл үзэл баримтлалаар хүнс нь бие махбодийг зөвхөн илч болон нөхөн сэргээх материалаар хангаад зогсохгүй физиологийн үйл ажиллагаа, биохимийн үйл хөдлөлийн урвалыг хянах буюу загварчлах замаар хүний эрүүл мэндийг дэмжих, өвчний эрсдэлийг бууруулна. Пробиотикийн бүрэлдэхүүн хэсгийн харьцаа, агууламжийг зааварчилснаар хүний эд, эсийн түвшин дэх бүх л үйл ажиллагааг зохицуулах боломжтой хэмээн судлаачид үзэж байна. Иймээс пробиотик хүнсний хэрэглээ хэдийгээр өнөөдөр хүн амын дунд харьцангуй бага боловч 15 – 20 жилийн дотор хүнсний зах зээлийн 30 хүртэлх хувийг эзэлнэ хэмээн анагаах ухаан болон хүнс судлалын тэргүүлэх эрдэмтэд урьдчилан таамаглаж буй юм. Ингэснээр хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хэрэглэж буй эм бэлдмэлийн хэрэглээг 50%-иар бууруулах нөхцөл бүрдэнэ. Эдүгээ пробиотик хүнсний эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээлд өсөж байна. Тухайлбал, Япон улсад өнөөдрийн байдлаар 300 гаруй бүтээгдэхүүнийг зохицуулах үйлчилгээтэй хэмээн баталгаажуулснаас 70% нь пробиотик бүтээгдэхүүний бүлэгт хамрагдана.
Пробиотикийг дараах байдлаар ангилж байна.
• Монопробиотик – Зөвхөн нэг төрлийн бактери агуулах бэлдмэл буюу бүтээгдэхүүн
• Хам пробиотик – Олон төрлийн бичил биетэн агуулах бэлдмэл буюу бүтээгдэхүүн
• Синбиотик – Хүний бие махбодод ашигтай бичил биетэн /пробиотик / ба тэдгээрийн үржлийг дэмжих үйлчилгээтэй бодисыг /пребиоток/ хам агуулах бэлдмэл буюу бүтээгдэхүүн
Пробиотик нь хүний биед эерэг нөлөө үзүүлэхэд дараах хэдэн шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
• Хүнс үйлдвэрлэх явцад ашигтай бичил биетний идэвх алдагдаагүй буюу эдгээрнь амьдрах чадвартай байх
• Пробиотик нь ходоод гэдэсний хүчил, шүлтийн үйлчлэлд тэсвэртэй бөгөөд идэвхээ алдаагүй байх
• Пробиотик нь бүдүүн гэдэсний хананд бэхлэгдэж улмаар тэндээ хамгаалалтын үйл ажиллагааг гүйцэтгэх идэвхтэй байх
Дээрх шаардлагад нийцэх бактерийн омгийг сонгон үүсгэж Комбуча мөөгийг устай исэлдүүлэн, 30 хоногийн хугацаанд амьд бактери гаргаж авдаг. Комбуча цайны мөөг нь чихэртэй цайгаар тэжээгддэг амьд биет юм. Комбуча нь хоол боловсруулахад сайнаар нөлөөлдөг пробиотикоор баялаг байдаг. Энэхүү эрүүл мэндийн ундаа нь дархлаа дэмжих ходоод гэдэсний хэвийн бичил орчинг тэнцвэржүүлэн сайжруулах, уураг тархины үйл ажиллагааг дэмжих, ходоодны улайлт, хелико бактерийг устгах, биеийг хорт нэгдлээс цэвэрлэх, элэгний хордлого тайлах, холестериныг бууруулах,бие махбодь дахь РН буюу хүчил шүлтийг тэнцвэржүүлэх, уургийн боловсруулалтыг сайжруулах, тунгалгийн эргэлтийг идэвхжүүлэх, эрдэс бодисуудын шингэцийг сайжруулах нойр булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжих, организм дахь сахарын хэмжээг зохиуцуулах, хүхэр, В12-аминдэм,К аминдэмийн физиологийн шүүрлийг ихэсгэх, эсийн хүчилтөрөгчийн шимэгдэлтийг сайжруулах зэрэг хүний эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай.
Хүний бие хоол хүнснээс шаардлагатай пробиотик амин дэм, эрдэс бодисуудыг авч чадахгүй үед гадаад орчиноос маш олон тооны нянгууд амны хөндийд үхэхгүй цааш дамжиж ходоод гэдэсний үйл ажиллагааны тэнцвэрийг алдагдуулдаг. Ходоод гэдэсний тэнцвэрт үйл ажиллагаа алдагдсанаар хоол боловсруулах эрхтний хямрал явагдаж хоолонд дургүй болох дотоод хордлого цочмог суулгалт өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ходоод гэдэс нь хүний биеийн хамгийн чухал хэсгүүд бөгөөд үүссэн хямралаас шалтгаалан нийтлэг өвчлөлүүд үүсэх шалтгаан болдог байна. Тиймээс бие өвдсөний дараах эмчилгээнээс илүү гэр бүлээрээ аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж пробиотик агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь зүйтэй юм.
Бичсэн: Ж Баясгалан АУ-ны магистр, Хоол зүйн ухааны доктор