Хэрэв таны ойр дотны хүмүүсээс тамхи татдаг, чихрийн шижинтэй, таргалалттай, даралт ихсэлттэй, эцэг эх нь 55-65 наснаас өмнө зүрхний шигдээсээр өвдөж байсан удмын түүхтэй гэх мэт шигдээсээр өвдөх эрсдэлт хүчин зүйлүүдтэй бол та дараах зөвлөмжийг уншаарай.
Энэхүү зөвлөгөөг Интермэд эмнэлгийн Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Б.Туултай бэлтгэв.
Зүрхний шигдээс гэдэг бол зүрхийг цусаар хангагч титэм судас бөглөрснөөс зүрхний булчин гэмтэж үхжил үүсэх эмгэг юм. Хэрэв энэ нь том талбай хамарсан тохиолдолд амь насаа алдах өндөр эрсдэлтэй байдаг.
Цээж, зүрх орчим өвдөх, өвчүүний араар дарах базах, хоолой руу шахах мэдрэмж төрөх, ар нуруу, эрүү, аюулхай руу дамжиж өвдөх, амьсгаадах, хүйтэн хөлс нь асгарч, бие сулрах гэх мэт шинж илэрвэл яаралтай 103 дуудах ёстой.
Зарим хүнд цээжээр хорсох, хатгах, огидос хүрэх бөөлжих, эсвэл толгой эргэх, ухаан балартах шинжүүд гарч болно.
Уг хүнийг тайван байдалд оруулж өмнө нь эмчийн заалтаар авагдсан нитроглицерин байгаа нөхцөлд 1 ширхгийг хэл дор нь тавьж болно.
Өвдөлт намдахгүй эсвэл бүр ихэссэн тохиолдолд дахин тавих хэрэггүй, 103-тай холбогдох хэрэгтэй. Мөн эсрэг заалтгүй, өмнө нь харшил өгч байгаагүй бол бол аспириныг 160-320 мг-г зажлуулж уулгаж болно.
Зүрхний шигдээс болсон үед аюултай хэм алдагдал гарах, зүрх зогсох эрсдэлтэй тул өөрийн машинаар биш, эм тариа дефибриллятороор хангагдсан түргэн тусламжийн машинаар эмнэлэг рүү зөөвөрлөхийг хичээх ёстой байдаг.
103-ын эмч үзлэгээ хийж зүрхний бичлэгээ хийгээд хэрэв зүрхний шигдээс болсон нь батлагдах юм уу магадлалтай байвал зүрх сэтгүүрийн шинжилгээ хийдэг эмнэлэг рүү хүргэнэ. Зүрхний титэм судас бөглөрсөн тул тэлэгч тавьж бөглөөсийг гаргах гол эмчилгээ байдаг. Та шууд л мэргэжсэн 103-ын эмч нарт хандсанаар цаг алдалгүй зүрх сэтгүүрийн шинжилгээнд орох ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл зүрх сэтгүүрийн шинжилгээ эмчилгээг эрт хийх нь шигдээсийг цаг алдалгүй эмчлэх гол хүчин зүйл гэдгийг анхаараарай. Хэрэв шигдээс үгүйсгэгдвэл та дараа нь өөрийн дуртай эмнэлэг рүүгээ хандаж үзүүлж болно.
Эмнэлэг дээр очмогц 12 холболтоор зүрхний бичлэг хийгдэнэ. Мөн шигдээсийн үед ихэсдэг энзим уургуудыг цусны шинжилгээ авч шалгана.
Шигдээсийн үед хэрэглэдэг эмүүдийг товчхон танилцуулбал: Нитроглицерин нь артер ба вены судсыг тэлснээр цусан хангамжийг сайжруулж өвдөлт намдаана. Морфин нь өвдөлт намдааж тайвшруулна. Аспирин нь үүссэн бүлэнг хайлуулж чадахгүй боловч нэмж бүлэн үүсэхээс сэргийлнэ.
Ангиографийн буюу судас сэтгүүрийн шинжилгээгээр цавины эсвэл шууны артерийн судсаар нарийн гуурс оруулж, зүрхний титэм судсанд тодосгогч бодис шахан судасны зургийг аваад нарийсаж бөглөрсөн хэсэг байвал шахаж тэлэх эсвэл метал тэлэгчээр бөгжилж онгойлгоно.
Хэрэв энэ аргаар бөглөрлийг онгойлгох боломжгүй бол титмийн судасны байпас засах мэс засал хийгдэж хөл эсвэл цээжний хэсгийнх нь судаснаас авч бөглөрсөн хэсгийг тойруулан залгалт хийгдэнэ.
Зүрхний өвдөлт эхэлсэн цагаас хойш 4 цагийн дотор (2 цагийн дотор бол бүр сайн) титмийн бөглөөсийг онгойлгож чадвал эмчилгээний үр дүн маш сайн байх тул цаг алдалгүй судас сэтгүүрийн лабораторитай эмнэлэгт очих нь чухал. Зарим тохиолдолд эхний 30 минутын дотор бүлэн уусгах тусгай бүлгийн эмээр эмчилгээ хийгдэж болох боловч цус шингэлэх үеэр тархинд цус харвалт өгөх өндөр эрсдэлтэй тул судас сэтгүүрээр бөглөрлийг онгойлгох арга илүү аюулгүй, илүү үр дүнтэй байдаг.
Шигдээсээр өвдөж эмчлүүлээд эмнэлгээс гэртээ гараад бичиж өгсөн эмийг уухад онцгой анхаараарай. Судас нарийсах шалтгаанууд, жишээ нь, өөх тос сахар ихсэлт, тамхи таталт, хөдөлгөөнгүй байдал, таргалалт, даралт ихсэлт гэх мэт шалтгаанууд хэвээр үргэлжилж байгаа тохиолдолд шигдээс давтагдах аюул оршсоор байдаг. Иймд амьдралын хэв маягийг өөрчилж, заагдсан эмнүүдийг ёсоор нь ууж байж зүрх тогтворжиж ирнэ.
Элдэв хүндрэл өгөөгүй, эрт эмчлэгдсэн шигдээсийн дараа дасгал хөдөлгөөнийг 1-2 долоо хоногийн дараа эхэлж болно. Байнгын дасгал хөдөлгөөн хийж хоолны дэг барьснаар жин буурч, цусны өөх тосны хэмжээ буурч, инсулинд тэсвэржилтийн алдагдал арилж, стрессийг багасгаж, сэтгэл санааг тайвшруулж, даралтыг бууруулна. Явган алхахыг аль болох эрт эхэлж, хэт хүйтэн биш, их салхи шуургагүй үед өдөр дутам алхаж байвал сайн үр дүнтэй. Дасгал хөдөлгөөн хийхэд зүрхээр өвдөх, эвгүй мэдрэмж төрөх зовиур 2-3 минутаас удаан үргэлжилбэл хөдөлгөөнийг зогсоож тайван байдалд орох шаардлагатай. Мөн их хоол идсэний дараа дасгал хөдөлгөөн хийгээд хэрэггүй.
Даралтыг 140/90 мм муб-аас, чихрийн шижин эсвэл бөөрний архаг өвчтэй хүмүүс бол 130/80 мм муб-аас ихгүй байхаар барихыг зөвлөдөг. Даралт буулгах эмчилгээг хоолны давсыг багасгаж, өдөрт 30 минутаас багагүй хугацаанд дасгал хөдөлгөөн хийн, жингээ хасч, архи, тамхийг хаях дэглэмээс эхлэх ёстой.
Сэтгэл санааны хувьд тайван, итгэлтэй, өөдрөг байх явдал эдгэрэлтэд чухал шүү.
Эмчийн бичиж өгсөн эмүүдийг тасралтгүй уугаарай. Хэрэв зохимжгүй байвал цаашид уух эсэхээ эмчтэйгээ зөвлөөрэй.