Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Евро Комисс мөнгө угаалт, терроризмийн санхүүжилттэй тэмцэх шинэ байгууллага байгуулах санал боловсруулж байгаа тухай Ройтерс агентлаг саяхан олж мэдээлсэн билээ.
Уг саналд хэд хэдэн улсыг хар жагсаалтад нэмж оруулах тухай тусгасан байсны дотор Монгол Улс багтаж байв.
Тэгвэл Евро Комиссын удирдлага энэхүү саналаа өчигдөр буюу Пүрэв гарагт Европын Холбооны гишүүн 27 улсын засгийн газарт илгээжээ. Ингэснээр Ройтерс агентлагийн Мягмар гарагт тараасан мэдээлэл үнэн болох нь батлагдаж байна.
Олон улсын мөнгө угаалт, терроризмийг санхүүжүүлэх явдалтай тэмцэх шинэ дээд байгууллага байгуулах санааг үүнд тусгасан байна.
Ингэхдээ тус байгууллагыг одоо идэвхтэй ажиллаж байгаа Европын Банкны Удирдах Газраас тусдаа байх ёстой гэж заажээ.
Саналд мөн Европын Холбооны хар жагсаалтад нэмж оруулах улсуудын нэрсийг илгээсэн байна. Тэдгээр улсууд нь Монгол, Багамын арлууд, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мавритус, Мьянмар, Никарагуа, Панам, Зимбабве байгаа юм.
Хэрвээ Европын Холбооны гишүүн орнууд санал нэгдвэл эдгээр орнуудыг ирэх аравдугаар сард хар жагсаалтад нэмэх юм байна.
Одоо хар жагсаалтад байгаа орнууд нь Афганистан, Ирак, Вануату, Пакистан, Сири, Йемен, Уганда, Тринидад ба Тобаго, Иран, Умард Солонгос юм.
Евро Комисс санхүүгийн гэмт хэрэгтэй хийх тэмцэлд ахиц дэвшил гаргасан Босни, Гайана, Лаос, Этиоп, Шри Ланка, Тунис улсуудыг өмнө нь хар жагсаалтаасаа хассан юм байна.
Эх сурвалж: Reuters