Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 ЧУХАЛ ХИЧЭЭЛ
1.Талархлаа үргэлж илэрхийлэх.
Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр л хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурах болно. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй. Хариу талархал илэрхийлнэ гэдэг сэвгүй харилцаанд тавигдах эн тэргүүний шаардлага.
Магадгүй илүү олон сонголттой учраас хариу талархал илэрхийлэх нь Японд илүү амар хялбар байж болох юм. Хэрэв хэн нэгэн чамд шинэхэн авсан буйданг гэр лүү чинь оруулахад тусалсан бол, өөрийн талархсанаа илэрхийлэн ундааны автомат машинаас нэг хүйтэн ундаа аваад өгөхөд л хангалттай. Хэн нэгний төлөө хийсэн бараг бүх зүйл чинь хүндлэл дагуулах болно.
2.Дахин уулзахдаа талархлаа илэрхийлэх
Япончууд хариу талархлаа тэр дор нь илэрхийлээд зогсохгүй, нөгөө хүнтэйгээ дараагийн удаа таарахдаа ч, талархлаа дахин илэрхийлэхээ хэзээ ч мартдаггүй. Энэ нь хэт их хичээсэн мэт санагдаж болох ч, хэрэв чи талархлыг нь хүлээн авч буй нэгэн бол “Тэр өдөр буйданг өргөхөд тусалсанд чинь баярласан шүү” гээд чамд хэлэхэд үнэхээр сайхан санагдах болно.
3.Эелдэг зан нь тэгнэ үү, баярлалаа гэдгээр хязгаарлагдахгүй
Эелдэг зан бол Японы соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд, энэ нь хүмүүс хоорондоо ярихад, худалдагч таныг хаалга хүртэл гаргаж өгөх, ресторанд ороход таны өөдөөс мэндчилэх, нөхөрсөгөөр угтахад хүртэл бат шигтгэгдсэн байдаг.
Хэрэв аль нэгэн газар зогсоод очих гэсэн газрынхаа байршлыг асуувал, та маш тодорхой байдлаар гараар зурсан газрын зурагтай болох, эсвэл худалдагч байрлалаа орхиод таныг зөв замдаа орох хүртэл чинь хамт дагдалдах жишээтэй. Эелдэг байна гэдэг нь бага хувиа хичээж, өөрийгөө бусдын төлөө зориулах явдал юм.
4.Бусдыг эхэнд тавих
Бусдыг таны хувьд ямар чухал болохыг нь мэдрүүлэх хамгийн зөв арга бол тэднийг тэргүүнд тавих. Найздаа бялууны хамгийн том хэрчмийг өгөх, ээждээ ресторан дахь хамгийн ая тухтай суудлыг санал болгох, зургаа даруулахдаа зочноо голдоо оруулах гээд л, энэхүү хүндлэлийн хэлбэрүүд Японы өдөр тутмын амьдралын бүхий л хэсгүүдэд илэрдэг. Японы уламжлалт байшингуудад зочдод тусгайлан зориулсан суудал хүртэл байдаг – токонамагийн урд сууснаар зочид Японы урлагийн гоо үзэсгэлэн (хананд өлгөсөн каллиграф, тусгайлан бэлдсэн ваартай цэцэг г.м) бүхий хүрээгээр хүрээлэгдэнэ. Тийм ээ, хүмүүсийг онцгой гэдгийг нь яагаад мэдрүүлж болохгүй гэж? Дөнгөж сая бейкеригээс шинэхэн гарсан бялуу худалдаж аваа юу? Тэгвэл хөршүүддээ бас нэгийг ав. Японд харилцаа холбоогоо тэмдэглэдэг олон жижиг аргууд бий.
5.Бүлэгтээ хүн бүрийг багтаах
Хүмүүсийн зарим нь чамд таалагддаггүй байсан ч, бүх хүнийг анхаарч, урих хэрэгтэй болно. Зөвхөн сайн найзуудтайгаа шар айраг хуваах, эсвэл ажлынхнаасаа заримыг нь л урих гэсэн ойлголт байхгүй. Хэн нэгэн таны хамаатан, найз нөхөд, эсвэл зүгээр л тэнд байгаа нэгэн байсан ч, тухайн цаг мөчид цуг байгаа бүх хүмүүс зурганд багтан орох ёстой. Бүх хүмүүсийг багтаах нь бидэнд хүн бүрийг байгаагаар нь хүлээн авч, биднээс ялгаатай бүгдийг тэвчихэд сургадаг.
6.Хүний өмчид хүндэтгэлтэй хандах
Монгол хэлэнд “Олсон хүний олз, хаясан хүний хальс” гэсэн хэллэг байдаг. Харин Японд бол үгүй. Хэрэв тухайн зүйл чинийх биш бол, авах ёсгүй. Хэрэв хэн нэгэн зам дээр гээсэн нусны алчуур олбол, түүнийгээ хамгийн ойрын шуудан дээр үлдээнэ, ингэснээр гээсэн хүн хаясан эд зүйлээ олоход хялбар байх болно. Уяж хүлээгүй л юм байвал, авч болно гэсэн үг биш. Ичих булчирхайтай бай.
7.Ууж согтлоо гээд хүчирхийллийг төрүүлэхгүй
Японд дөнгөж л зочлоод гарсан хүн ч, шөнө (зарим нь бүр өдөр) гудамжинд согтуу хүмүүс цөөн бишийг харах боловч, догшин омголон байхыг нь хэзээ ч харахгүй. Шөнийн клубт зодоон цохион гарах нь их ховор, Япончууд уусан үедээ зүгээр л аз жаргалтай болдог (эсвэл шууд л унтаад өгдөг, дараа сэрээд дахиад үргэлжлүүлээд уухын тулд шүү дээ).
8.Амар амгалан байдал бол сонголт
Одоо үед Японы хүүхдүүдэд хүчирхийлэл бол буруу, дайн гэдэг хэрэггүй зүйл гэдгийг багаас нь зааж сургадаг. Амар амгалан байдал нь боловсрол, жил бүрийн санан дурсах үйл явдлуудаар хөхүүлэн дэмжигдэж бий болдог.
9.Засгийн газрын хяналт удирдлага заримдаа үнэхээр сайн зүйлсийг авчирдаг.
Дэлхийн зэрэглэлийн төмөр замын систем (нийтийн тээвэр), дэлхийн хамгийн шилдэг шуудангийн системийн нэг, өндөр чанартай, хямд үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нь засгийн газраас хэрэгжүүлсэн хамгийн зөв бодлого, үйл ажиллагааны жишээ. Хувийн хэвшлийнхэн эдгээрийг илүү сайн хийх байсан гэж бодоход ч хэцүү.
10.Бүрэг даруу байдал бол хүсэмжит зан чанар
Японы нийгэм нь их зөөлөн, эгэл даруу. Хүмүүс урт очерь дараалалд ямар нэгэн гомдол дургуйцэлгүйгээр зогсдог. Зам дээр жолоочид ямар нэгэн маргаан гаргахгүй. Дуугаа өндөрсгөх, нүдээ эргэлдүүлэн муухай харах явдал ч тохиолдохгүй. Япончууд их уян зөөлөн, амьсгалж, амьдрахдаа тайван дөлгөөн байдлыг эрхэмлэдэг, үнэхээр мундаг араншинтай.
Японд аливаа үйл ажиллагаа хатуу дэг журмын дагуу явагддаг тул, таны төлөө дүрэм зөрчсөн үйлдэл хийнэ гэж хүлээх хэрэггүй.
11.Их сайн сонсогчид
Япончууд их зөөлөн ярьдаг. Тэд бүрэг ичимхий, даруу төлөв, тэвчээртэй байх нь элбэг. Тэд ярианд шуудхан орохоосоо илүүтэйгээр эхлээд бусдад ярих боломжийг олгодог. Тэд маш сайн сонсогчид.
Бусдад санаа бодлоо илэрхийлэх боломжийг олгох нь маш чухал, учир нь тэдэнд нээлттэй байх, бидэнд сонсох нөхцөл бүрдэх болно. Бид бусдын үзэл бодлыг ойлгох гэж хичээх үедээ бага шүүмжилдэг. Бид мэтгэлцэхийн оронд хэлэлцэх үедээ автоматаар дуугаа сулруулж, яриаг ноёлохоо больдог.
Япончууд чимээгүй байдлыг үнэлдэг; харилцан ярианы дунд үе үе зогсолт хийх нь үнэ цэнийг тань өсгөх болно.
12.Хэт үндсэрхэг байх хэрэггүй
Өөрийгөө хэт өргөмжлөх хэрэггүй, яагаад гэвэл хүн бүр л өөрийнхөө төрсөн газар орныг хамгийн сайхан газар гэж мэдэрдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цагаачид амьдардаг Япон шиг орон бол, дэлхийн хамгийн сайхан газраас ирээгүйг чинь ухааруулаад өгнө, угаасаа л тийм зүйл оршдоггүй юм.
13.Ганбару – хамгийн сайнаараа хий
Англи хэлэнд энэ үгтэй тэнцэхүйц үг байхгүй гэдэгт . Ямарваа нэгэн зүйлс төсөөлж байснаас их хугацаа, мөнгө, эрч хүч шаардаад ирэх үед бидний ихэнх нь амархаан буугаад өгчихдөг. Харин Японд бол, хамгийн сайнаараа, бүх хүчээ дайчилсны эцэст түүндээ хүрнэ гэж итгэдэг. Япончуудын оюун санаа, итгэл үнэмшилд ганбару бат суулгагдан, шигтгэгдсэн байдаг.
14.Амлалт бол чухал
Японд хэн нэгэн хүн ямар нэгэн зүйлийг хийнэ гэж хэлсэн л бол, чин сэтгэлээсээ хэлдэг болохыг бид сурна. Тэд хэлснээ хэзээ ч мартахгүй. Хэрэв тэд ямар нэгэн үйл ажиллагаанд уригдсан бол, очих ёстой юм шиг л санана. Хэрэв тэд очно л гэсэн бол, бороо асгаж байсан ч болзсон газраа заавал очно. Хэрэв үнэхээр амжихгүй бол, энэ талаараа урьдчилан мэдэгдэх, эсвэл өөрийнхөө оронд хэн нэгнийг илгээх хэрэгтэй болно.
15.Илүү сайн иргэн бай
2014 оны Бразилд болсон Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Япончууд өөрсдийн сууж хөгжөөн дэмжсэн стадионы танхимын хэсгийг цэвэрлэсэн байдаг. Хэрэв та Японд очиж байсан бол, үүнд нэг их гайхаад байхгүй байх. Учир нь Япончууд бохирдуулсан бол цэвэрлэчихээд явдаг. Хэрэв та гэртээ үдэшлэг зохион байгуулсан бол, оролцсон хүн бүр цэвэрлэгээ хийхэд тусална гэж найдаж болно – тэд аяга тавгийг чинь хүртэл угаана. Япончууд байгууллагынхаа урд талын замыг ч өдөр бүр шүүрдэж цэвэрлэдэг, мөн хүн бүр оролцох ёстой хөршүүдийн цэвэрлэгээг байн байн зохион байгуулдаг. Тэдний үүрэг биш байсан ч, бусдын бохирдуулсан зүйлсийг цэвэрлэдэг.
16.Аливааг соёрхон гүйцэтгэх
Хэрэв Япончуудыг нэг үгээр тодорхойл гэвэл, энэ нь “соёрхолтой”. Хүндлэл үзүүлэн бөхийх, зөвхөн долоовор хуруугаар бус, бүхэл гараараа хэн нэгэн рүү заах гэх мэт дээд зэргийн гоёмог байдлаар хандах нь нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг. Хоёр гараараа өгөх, сайхан хувцаслах, хүн бүртэй инээмсэглэн мэндчилэх гэх мэт бүхий л үйлдэл нь талархал, хүндлэл, ёс журам шингээсэн байдаг.
17.Цагаа барь
Японд сурсан хамгийн том хичээлийн талаарх судалгаанд оролцогчдийн хамгийн нийтлэг хариулт нь “цаг барихын ач холбогдол” байв. Энэ нь зөвхөн бусдыг хүндэтгэж буйгаа харуулахын зэрэгцээ бүх зүйлсийг үр ашигтай, найдвартай гүйцэлдүүлэх боломжийг олгодог байна.
Ж.Билгүүн