УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргалтай ярилцлаа.
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг сүүлийн үед ямар ажил амжуулж байна вэ. Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан Ардчилсан намын хангайн бүсийн чуулга уулзалтад оролцсон биз дээ?
-Гишүүн төвтэй, бодлогын нам болох шинэчлэлийн хүрээнд Ардчилсан нам шат дараатай олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь бүсийн чуулга уулзалтууд юм. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын 15-18-ны өдрүүдэд “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018” амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн гишүүд, дэмжигчдээс гадна Ардчилсан намын дэргэдэх байгууллагын төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцсон өргөн дэлгэр сайхан уулзалт болж өнгөрлөө. Энэ удаагийн бүсийн чуулга уулзалтад зочин дүүргээр Багахангайчууд оролцож, туршлагаа хуваалцаж, санал бодлоо солилцлоо.
-Бүлгийн зүгээс Сэлэнгэ аймагт болсон хангай бүсийн чуулга уулзалтад нэлээн ач холбогдол өгч оролцсон байх. Намын гишүүд дэмжигчид хэр идэвхтэй оролцов?
-Манай бүлэг Хангайн бүсийн чуулга уулзалтад “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажиллагаа” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулсан. Учир өмнө нь Ардчилсан нам эрх барьж байхдаа эдийн засгийг унагачихсан харин бид сааруулчихлаа, сайхан болгочихлоо гэж эрх баригчид ярих болсон. Тиймээс ч энэ асуудалд үнэн бодит дүгнэлт өгөхийн тулд бүлгийн зүгээс Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Монголбанк болон Статистикийн газрын мэдээлэл дээр үндэслэж судалгаа, шинжилгээ хийж, чуулга уулзалтад оролцогчдод мэдээлэл өгсөн. Чуулга уулзалтад оролцогчид манай улсын эдийн засагт чухамдаа юу нөлөөлж буйг талаар онцлон ярилцсан. Мэдээж манай улсын эдийн засаг уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтөөс шууд хамааралтай гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засгийн өсөлт, бууралтад уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ шууд нөлөөлдөг талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, жилийн өмнө чулуун нүүрс 67.3 ам доллар байсан бол одоо 78.4 ам,доллар болж 11.1 ам.доллароор өсчихсөн байх жишээтэй. Мөн өнгөрсөн жил үнэ нь өсөөд 1042 ам.доллар байсан зэс энэ жил 1386 ам.доллар болж 300 гаруй ам.доллароор нэмэгдчихсэн байна. Мэдээж ийнхүү үнэ өсч байгаатай холбоотойгоор борлуулалт нэмэгдэж байгаа учир манай улсын эдийн засаг сэргэж эхэлж байгаа. Түүнээс биш аль нэг нам очоод, уул уурхай түүхий эдийн үнийг дэлхий зах зээл дээр өсгөөгүй гэдгийг онцолмоор байгаа юм. Гэхдээ эдийн засгийн өсөлт ард түмний амьдралд ямар ч нөлөө үзүүлээгүй гэдгийг чуулга уулзалтад оролцогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байсан. Өнгөрсөн хугацаанд ард түмний цалин орлого, тэтгэвэр нэмэгдээгүй, харин ч олон төрлийн татвар нэмэгдсэн гэдгийг хэлж байсан. Ер нь Ардчилсан намын гишүүд дэмжигчид гэлтгүй Монголын бүх ард түмэнд эдийн засгийн асуудлын бодит үнэнийг хүргэж байх нь зөв. Эдийн засгийн асуудлаар улс төржиж хэзээ ч болохгүй гэдгийг хаа хаанаа ойлгох л хэрэгтэй. Чуулга уулзалт оролцогчдын өөр нэг онцолж байсан асуудал бол Монгол Улсын гадаад өрийн асуудал байсан. 2016 онд манай улсын нийт өр хэд байсан,хоёр жилийн хугацаанд буюу одоо хэд болоод байгаа талаар их сонирхож байсан. Манай улсын өрийн тухайд, нийт өр 2016 оноос хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд ойролцоогоор гурван тэрбум ам.доллароос дээш гараад явчихлаа. Гэтэл Ардчилсан нам эрх барьж байх хугацаанд уул уурхайн түүхий эдийн үнэ одоогийн байгаатай харьцуулахааргүй уначихсан байсан үед хоёр тэрбум ам.долларын бонд босгоод, маш их бүтээн байгуулалтуудыг хийж чадсан байдаг. Тухайлбал, 70 жилийн хугацаанд барьсан авто замаас илүү замыг барьсан, 100 мянган айлыг орон сууцтай болгож, цементийн үйлдвэр, дулааны цахилгаан станц гээд томоохон бүтээн байгуулалтуудыг хийж чадсан. Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэмж тавьсан өр болох гурван тэрбум ам. доллароор эрх баригчид ямар бүтээн байгуулалтыг хийв гэх мэтээр эдийн засгийн асуудлуудаар нэлээн өргөн хүрээнд чуулга уулзалтад оролцогчидтой ярилцсан. Мэдээж эдийн засгийн асуудал зөвхөн Ардчилсан намын гишүүд дэмжигчдэд хамаатай асуудал биш. Нийт монголчууд бодит үнэнийг мэддэг байх нь чухал.
-Бүлэг саяхан ээлжит бус хурал хийж Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндсөн. Хэрэв Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг мэдэгдэж байсан. Үнэхээр бүлгийн бүх гишүүд гишүүний суудлаасаа татгалзахад бэлэн гэдэг дээр санал нэгдсэн юм уу. Эсвэл хэсэг гишүүдийн үг байв уу?
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 13-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцсэн. Улмаар асуудалд гал унтраах төдийхнөөр хандаж, цөөн хүнд хариуцлага хүлээлгэсэн байдлаар олны анхаарлыг сарниулж хариуцлагаас зугтах гэсэн Засгийн газрын оролдлогыг Ардчилсан нам болоод бүлгийн гишүүд эрс эсэргүүцсэн. Тиймээс ч эрх баригчидыг УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулж, Монгол төрийг сулруулж, чадамжгүй болгож байгаа 60 тэрбумын асуудал, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, удаа дараалан алдаагаа давтаж, хариуцлагагүй ажиллаж буй Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлуудыг нэн яаралтай хэлэлцэхийг шаардсан. Улмаар УИХ ээлжит бус чуулган хуралдуулж Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэсэн Ардчилсан намын зөвлөмжийг бүлгийн бүх гишүүн дэмжсэн. Энэ бол хэн нэгэн хүний шийдвэр биш бүлгийн шийдвэр. Өөрөөр хэлбэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ыг тараахад ямар нэгэн байдлаар сандал суудалтайгаа зууралдаад байх сонирхол байхгүй гэдгээ тухайн үед хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн байгаа.
-Ардчилсан намын зүгээс мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн ч асуудал шийдэгдэх нь ховор байх юм. Тиймээс ч сөрөг хүчин ажлаа сайн хийж чадахгүй байна гэх шүүмжлэл их байна. Энэ тал дээр бүлгийн ажлын албаны даргын хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Сөрөг хүчин гэдэг эрх баригч намынхаа үг, үйлдэл бүрийг сөрж зогсохыг хэлэхгүй шүү дээ. Эсрэгээрээ харин ч эрх баригчдын буруу бодлого, шийдвэрт ташуур өгч, зөвийг нь дэмжихийг хэлнэ. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 9 гишүүний хийсэн ажил, 65 гишүүний хийсэн ажилтай харьцуулагдах хэмжээний байна гэдэг сайн гэсэн үг биз дээ. Тухайлбал, 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг 13 удаа хуралдаж, зарим шаардлагатай хууль, тогтоомж, бусад шийдвэрийн төсөлд бүлгээс ажлын хэсэг байгуулан ажиллаж, төрийн бодлогод бүлэг ямар байр суурьтай оролцох эсэх, орж ирж буй хуулийн төслүүдийн аль зөв, аль буруу байгаа зэрэг бодлогын асуудал дээр түлхүү анхаарч ажилласан. Түүнчлэн манай гишүүд ард түмний амьдралд ойр нэн шаардлагатай хуулийн төслүүдийг өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Тухайлбал, УИХ гишүүн Л.Болд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулиудын төсөл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай, Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тэтгэмж олгох тухай хуулийн төсөл зэрэг ач холбогдол өндөртэй хуулийн төслүүдийг өргөн барьсан байгаа. Зарим хуулийн төсөл нь хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтахгүй байгаа бол зарим хуулийг төслүүд нь хэлэлцэгдээд эхэлчихсэн явж байгаа. Тухайлбал, зээлийн хүүгээс болж ард иргэдийн нуруун дээр татвараас дутахааргүй хүнд ачаа ирж, сэтгэл зүйн дарамт бухимдлын нэг эх үүсвэр болж байгаа. Тэгвэл банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох зорилготой Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 94.1 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа. Хэрвээ та бүхэн анзаарсан бол манай бүлгийн гишүүд нийгэм цаг үедтэй холбоотой нэн чухал асуулгуудыг тавьж байгаа. Тухайлбал, одоо Английн арбитрын шүүхээс эцсийн шийдвэр нь гарч үл хөдлөх хөрөнгийг царцаах, эрх бүхий этгээдүүдийг гадаад улс оронд зорчих эрхийг хязгаарлах зэргээр маш олон арга хэмжээг авахаар эцсийн шийдвэр нь гарчихаад байгаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ аль эрт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлж байсан. Түүнчлэн нийгмийг цочроосон хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлууд ар араасаа шил даран гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгддэг хүчирхийллийн үйлдлүүдийг ил болгох, 2018 оны нэгдсэн төсөв хүүхэд хамгаалал, гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар тусгасан 5 тэрбум хэрхэн яаж зарцуулсан асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлсэн. Хариу ирүүлээгүй байна. Энэ мэтээр манай бүлгийн гишүүд цөөхөн гэж хэлэхээргүй ажиллаж чадаж байгаа гэдгийг би бардам хэлж чадна.