Дуучин Г.Бадамцэцэг нөхрөө эмчлүүлэх зорилгоор хандивын данс нээжээ
Цэл залуухан 19 насандаа согтуу жолоочийн балгаар осолд орж, суумгай болсон дуучин Г.Бадамцэцэг нийгмийн амьдралд тун идэвхитэй оролцдог нэгэн. Нэгэн үе МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хамтран дуулж байсан тэрбээр өөрийг нь насан туршид тэргэнцэр дээр “хадсан” согтуу жолоочийг уучилсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж байлаа.
Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн халамжлах хань ижилгүй ганцаардсан дуучин бүсгүй хэдхэн жилийн өмнөөс хайр, халамжийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлсэн гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд багтсан хэдий ч гэрийн ажилд сүрхий, хоол хийх урлагт гарамгай суралцсан, ааш зан эвлэгхэн, царайлаг дуучин бүсгүйг хайрлах хүн цөөнгүй байсан нь ойлгомжтой. Гэвч олны дотроос онцолж сонгосон хань нь саяхан зүрхний өвчнөөр өвдөж, яаралтай мэс засал хийлгэх шаардлага тулгарсан тул дуучин Г.Бадамцэцэг түмэн олноосоо тусламж гуйж, хандивын данс нээжээ.
Өдийг хүртэл өөрийг нь тулж, түшиж, түрж, хайрлаж явсан халамжит ханиа харсаар суугаад алдах вий гэхээс тэр үнэнхүү болгоомжилж буй. Тиймдээ ч, их бага гэлтгүй тусламжийн гараа сунгасан сонсогч фэнүүд, сошиал дэмжигчид, түмэн олондоо хандан ийнхүү учирсан зовлонгоо дэлгэхээс өөр аргагүйд хүрчээ. Түүний нөхөр мөн л урлагийн хүн бөгөөд Хүүхэлдэйн театрын жүжигчнээр ажилладаг гэдгийг дуучин бүсгүй ихэд онцолсон аж.