Сургуульд орох хүүхэд чинь сууж сурсан уу
Хүүхдийг “суулгаж” сургахын тулд төрсөн цагаас нь эхлэн ярилцах, нялх балчир ч гэсэн тэд бүхнийг ойлгож, танин мэдэж байдаг. Ярилцахдаа хүүхдийнхээ нүд уруу хараад, өөрийнх нь түвшинд очиж тогтуухан ярилцах, хүүхдийн хариу үйлдлийг анхааралтай хүлээн авах, хүндэтгэж хандах энэ харилцаа юм.
Хэлд ороогүй нялх байсан ч хүүхэдтэйгээ ярьж байх хэрэгтэй, яг л том хүнтэй ярилцаж байгаа мэт. Ингэвэл хэлд хурдан орно, анхаарал нь төвлөрч сурна, үгийн баялаг нь нэмэгдэнэ, сэтгэн бодох чадвар хурдан хөгжинө.
Хүүхэдтэй харилцан ярилцсанаар тэдний уураг тархи, хэл ярианы хөгжлийг сайжруулахаас гадна өөртөө итгэлтэй болж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурахад чухал нөлөөтэй. Миний хувьд амьдралын туршлагаасаа олж харсан, өөрөө хэрэгжүүлдэг хүүхдийг сууж сургах дараах үндсэн алхмууд байж болох талаар хуваалцвал:
1. Үлгэр уншиж өгөх, ярилцах
2. Бүтээлч тоглоом тоглуулах, хамт тоглох
3. Гэр бүлийн тав тухтай орчин
Үлгэр уншиж өгөх, ярилцах. Үлгэр ойлгох нас нь болоогүй байсан ч үлгэр ярьж, уншиж өгөх хамгийн чухал. Үлгэрийг зүгээр нэг унших биш дууныхаа өнгийг үлгэрийн баатруудынхтай адил болгон дүрд нь орсон байдлаар өөрчлөн дуугарч, сонирхол төрүүлэхүйц унших, ярих хэрэгтэй.
Ийм байдлаар ном уншиж өгөхөд хүүхэд хичнээн их баярладаг гэж санана. Ялангуяа Монгол ардын үлгэр домгуудын үг хэллэг яруу тод, шүлэглэсэн өнгө аястай байдаг нь хүүхдийн төсөөлөн бодох болон хэл ярианы чадварыг хөгжүүлэхэд тустай.
Ингэж үлгэр уншиж, ярьж өгсөнийхөө дараа тухайн үлгэрт юуны тухай гарсан талаар асуулт асууж, үлгэрийн утга санааг товчхон ярилцаж, хүүхдийнхээ ой тогтоолтыг сайжруулж байх. Ийнхүү үлгэр сонсож, харилцан ярилцаж байгаа нь хүүхдэд сууж сурахын үндсийг бүрдүүлж өгдөг гэвэл та итгэх үү?
Мэдээж энэ нь сууж сурахад маш том ач холбогдлыг өгөх бөгөөд сургуульд ороход нь гэрийн даалгавар хийлгэх гэж хүч гаргахгүй байхын суурь эндээс тавигддаг.
Үүнээс гадна үлгэрийг шинэчилж, байнга сонирхлыг нь татахуйц уншиж бас ярьсаар ном уншиж чаддаг болонгуутаа миний хүү /охин/ өөрөө уншина гоё байгаа биз гэх мэтчилэн сэдэл төрүүлнэ.
Уншиж чаддаг болонгуут нь цагаан толгойн номноос багшийн өгсөн даалгаврыг уншуулахаас гадна үлгэрийн номон дээрээс нь үзсэн үсгүүдийг нь зааж уншуулна.
Аав ээжийн уншиж өгдөг тэр сайхан сонирхолтой үлгэрүүдийг БИ ингээд уншдаг болох нь гэж хүүхэд баярлана, урамшина, улмаар уншиж сурах хүсэл оргилох нь лавтай. Энэ мэтчилэн алхам алхамаар унших, суух дадал хэвшүүлнэ.
Энд аав ээжээс маш их тэвчээр, цаг хугацаа шаардана. Гэхдээ үүний үр дүнд таны хүүхэд сууж сурсан, танаар хэлүүлэлтгүй даалгавраа хийдэг, ном уншдаг, чихнээс хонх уялгүй сурдаг болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Учир нь би хүүхдүүддээ багаас нь ингэж хэвшүүлсэн, үүний үр дүнд тэд сууж сурсан, ном сайн уншдаг болсон, үгийн баялаг сайтай болсон, онц сурдаг, танин мэдэхүй, төсөөлөн бодох чадвар нь хөгжсөн, алдаагүй бичдэг болсон, аливаа зүйлийн учир шалтгааныг мэддэг, ойлгодог болсон гээд дурьдаад байвал олон чадваруудыг эзэмшсэн.
Бүтээлч тоглоомоор тоглуулах. Бүтээлч тоглоом бол хүүхдийг сууж сурахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнд: Зураг зурах, өнгөөр будах, цаасан наамал хийх, зураг эвлүүлэх тоглоом буюу паззл, лего тоглоом, өрж байгуулах, угсрах тоглоомууд гэх мэтчилэн олон төрлийн тоглоомууд багтана.
Бүтээлч тоглоомоор тоглож буй хүүхэд анхаарлаа нэг зүйл дээр удаан төвлөрүүлэхээс гадна тухайн тоглоомоороо хэрхэн тоглох талаар уран сэтгэмж, мэдрэмж, бүтээлч чанараа ашиглаж эхэлдэг. Тиймээс энэ нь хүүхдийн оюун ухааныг төвлөрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ сууж сурахад маш том үүрэг гүйцэтгэдэг.
Ингэж хүүхэд бүтээлч тоглоомоор тоглохдоо уйдахгүй, улам шинэ зүйлийг олж мэдэхийг эрмэлзэж байдаг нь тогтвортой суух үндсийг бүрдүүлж өгдөг байна. Хүүхдийг бүтээлч тоглоомоор тоглож байх үед аав ээжийн дэмжлэг маш чухал, хамт тоглонгоо санал бодлоо хуваалцах, асуудлыг хэлэлцэх байдлаар хүүхдийн тоглох идэвхийг өрнүүлнэ.
Аав ээжийн дэмжин урамшуулсан үг, хамтдаа тоглож буй байдал зэрэг нь хүүхдэд урам зориг өгч, сууж сурах болон хүмүүжил төлөвшилд нь сайнаар нөлөөлж байдаг.
Энд мөн ямар нэгэн бүтээлч зүйл хамтдаа хийх нь хүүхдийн сууж сурахад маш үр дүнтэй нөлөө үзүүлнэ. Хамтдаа зураг зурах, будах, цаасаар хайчлах, наах, нугалах, баримлын шавраар дүрс хийх болон нас насанд нь тохирох шинэлэг бүтээлч үйлийг хийж байвал сайн.
Хамгийн гол нь энэ дадал хэвшлийг аав ээжүүд удирдан чиглүүлж, хүүхдэд үргэлж урам хайрлаж байхаа мартаж болохгүй. Таны хүүхэд утас, компьютер тоглох биш өөрийгөө хөгжүүлэх бүтээлч тоглоомоор тоглох, мөн урлан бүтээх нь хүүхдийн оюун сэтгэхүйн болон бие бялдрын хөгжилд нэн чухал гэдгийг мартах ёсгүй.
Эдгээр нь хүүхдийг сууж сургахад чухал үүрэгтэйгээс гадна хүүхэд аливаа асуудалд ул суурьтай хандах, бэрхшээлийг даван туулах чадварыг хөгжүүлэх, урлан бүтээх дадал төлөвших, хөдөлмөрлөхийн чухлыг ойлгох гэх зэрэг олон сайн зан чанар төлөвших суурь нөхцөл болно.
Гэр бүлийн тав тухтай, тогтвортой орчин. Хүүхдийг сууж сургах бас нэг чухал зүйл нь гэр бүлийн тав тухтай орчин, амар тайван байдал, аав ээжийн халуун дулаан харилцаа юм. Аав ээжүүд хүүхэд сургуульд ормогц л сууж сурах, шууд л хичээлээ хийгээд эхэлчих мэт ташаа ойлгох нь бий.
Тэгвэл өмнө хэлсэнчлэн бидний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд болон өөрсдийн харилцаа, хүүхэддээ үзүүлэх анхаарал халамжаас гадна гэр бүлийн орчинг сурахад зориулж бэлтгэх, хичээлээ хийхэд нь саад болохгүй байх зэргийг сайтар бодож, зөв шийдэх нь хүүхдийн тогтвортой суух төлөвшилд чухал нөлөө үзүүлнэ.
Ялангуяа томчууд зурагт үзэж байхад хүүхэд хичээл хийвэл анхаарал төвлөрч чадах уу? Аав ээжийн харилцаа маргаантай байхад хүүхэд тайван суугаад хичээлээ хийх үү? Хичээл хийхэд тохирсон ширээ, сандал бэлтгэж өгсөн үү? Хүүхэд ширээ сандалдаа зөв сууж байна уу? Сургуульд орсоны дараах анхаарал, халамж буюу даалгавраа хийхэд нь хэн туслах вэ? гээд олон зүйлийг бид зөв шийдэж өгөх шаардлагатай.
Ингэснээр хүүхдийн анхаарал төвлөрөх, сууж сурахад нь туслахаас гадна сурч боловсрох хөдөлмөрийг ойлгох, түүнд бүх хүчээ дайчлах боломжийг нээж өгнө. Дахин хэлэхэд гэр бүлийн орчин, харилцаа хамгийн чухал нөлөөтэйг мартаж болохгүй.
Бяцхан зургаан настнууддаа анхаарал сайн хандуулж, зөвхөн хичээлээр шахахгүй, тоглох цаг зав гаргаж, тэр цаг хугацааг нь хамтдаа өнгөрүүлж дэмжээрэй.
Тэгэхээр аль ч утгаараа хүүхдийг “суулгаж” сургах нь зөвхөн хичээл хийлгэх, томоотой байлгах гэсэн ойлголт биш болох нь тодорхой боллоо.
Энэ нь бүр өргөн хүрээнд хүмүүжлийн суурь ойлголт төдийгүй, анхаарал төвлөрөлд маш чухал нөлөө үзүүлсэнээр зөв суралцах үйлийн эхлэл, цаашилбал ирээдүйд хэн болох, харилцаа хандлага, биеэ авч явах соёл, хариуцлага, сахилга баттай зөв хувь хүн болон төлөвшихөд нь хамгийн чухал нөлөөтэй байх нь ээ.
Хэрвээ таны хүүхэд суугаад сурчихсан бол та тэдний ирээдүйд том хөрөнгө оруулалт хийсэн гэдэгтээ итгэлтэй байж болно. Танд баяр хүргэе! Харин таны хүүхэд хэдэн сартай, эсвэл хэдэн настай байхаас үл хамааран сууж сураагүй байгаа л бол дээрх зөвлөгөөг анзаараад үзээрэй. Танд амжилт хүсье!
Эх сурвалж: “Хүн болох урлаг” ном