Одоогоос нэг жилийн өмнө Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатын түрээсэлдэг 200 м.кв байранд автомат мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсан хэрэг гарсан. Уг асуудалтай холбоотойгоор ажлаа хэл амгүй өгч байсан Э.Бөхбат хурандаа эргээд ажилдаа орсон гэж эх сурвалж мэдээллээ.
Тоглоомын газрын талаарх мэдээлэл олонд ил болох үед Э.Бөхбат хурандаа “Уг байрыг хоолны газрын зориулалтаар 2017 түрээслэх гэрээ хийсэн. Гэтэл түрээслэгч маань цааш нь дамлаж түрээслээд автомат, мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ. Байраа эргэж, тойрч байгаагүй нь миний алдаа боллоо. Ард түмнээсээ уучлалт хүсч байна. Энэ асуудлыг шалгуулахаар би ЦЕГ-ын дотоод хяналтад өргөдөл өгсөн. Мөн түрээсийн гэрээг цуцалсан” гэж байсан юм.