Нэгэн цагт зохиолын дууны ханхүү нэртэй явсан МУГЖ дуучин С.Жавхланг танихгүй хүн ховор. Сүүлийн 10-аад жил улс төрөөр “өвчилсөн” тэрээр Увс нутагт АН-аас нэр дэвшээд “өвдөг шороодож”, нутгийн олондоо гоморхон суусан цаг саяхан. Тэгвэл тэрээр гуниж гундаж явахад түшдэг цөөхөн хэдэн найзтай бөгөөд тэдний нэг нь найруулагч Д.Галбаяр.
Оюутан цагаасаа нөхөрлөсөн тэд талхаа хувааж идэн, таарч буй цамцаа ээлжлэн өмсдөг найзууд байсан гэх. Дуучин С.Жавхлангын амжилтын үндэс ч найруулагч найзтай нь холбоотой гэдэг. Шинэ дуу, кино клипэнд нь чадахаараа туслаж, мэргэжлийн “өнцөг”-ийн зөвлөгөө өгдөг байсан гэнэ лээ.
Найруулагч Д.Галбаяр найзыгаа улс төрд “бадарч, бадамлаж” явахад нь хэсэгтээ холдож, харин гуниж гутарч гундуу явахад нь очиж сэтгэлээр дэмнэдэг түшигтэй тулгатай сайн найз хэмээн ойр дотныхон нь хэлэх юм билээ.
Зовох цагт нөхрийн чанар, ядарч явахад найзын чанар танигддаг гэдэг үнэн болой.