АВТОБУС: “Алив ээж ээ, дансаа…”
Өглөө эртээ /2020.06.02/ ХМК-ОФицерын автобусандаа суугаад ажил руугаа явж байтал ээж хөдөөнөөс утас цохиж байна. Ингэж эрт залгадаггүйсэн гэж санаад бушуухан авбал
Түмний нэг /Т/: Байна уу ээж. За та хоёр минь сайн уу? /аав, ээж/
Ээж /Э/: Өө сайн. Ээжийнх нь тэтгэвэр орсон /тэтгэврийн насанд хүрч анх удаа авч байгаа юм/
Т: Ашгүй дээ. Хэдэн төгрөг орж байх юм?
Э: Хоёр сарын мөнгө гээд 600 гаруй мянган төгрөг орсон байна
Т: Өө болж болж
Э: Аавынх нь бас орсон. Бид хоёр сумын төв ороод буцаж явна. Нараагийн гуанзанд ороод хоол авч идээд…
Т: За ямар хоол идэв, хэхэ
Э: Хоёр, хоёр хуушуур
Т: Өө, мөнгөтэй хүмүүс байна даа. Ахиухан хоол авч идэхгүй яагаа вэ
Э: Сумын гуанзанд хуушуур л байна лээ.
Анх удаа тэтгэврийн мөнгөө авч төрд ажилласан хөдөлмөрөө үнэлүүлсэн ээж минь тун баяртай байна. “Миний хүү мөнгөтэй юу, ээж нь мөнгө явуулах уу” гэнэ. “За хаанаас даа ээж, би оюутан байхаа болиод орлоготой болсон шүү дээ” гэж нэрэлхмээр аядвал “Ээж нь та нарт бүгдэнд нь тэтгэврийнхээ дээжээс хуваамаар санагдаад” гэхэд нь зангирч байна. Насных биз.
Хэдэн жилийн өмнө “Ээж одоо л мөнгө гялс шилжүүлэхгүй бол, өлсөөд уналаа. Ээж ангийнхан агаарт гарна гэнэ. Би л мөнгөгүй үлдэх гээд байна. Ээж бие даалт гаргуулах гэсэн мөнгө байхгүй. Ээж хавар болоод хөл халууцаад, пүүз авмаар байна. Ээж энэ муу утас бүр эвдэрсэн” гээд л дуусдаггүй хэрэглээ, дураараа хүсэл бүрт дансаа явуулчихаад “Одоо гялс шилжүүлчих” гэж араас нь шавдуулдаг байлаа.
Одоо та биш би танаас “Алив ээжээ, дансаа” гэж асуух учиртай…
НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ
1 сэтгэгдэл
Unen unen