Алдартнуудын хэрэг: Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын нэгэн рүүгээ халуун ус цацсан хэрэг

Сүүлийн үед жүжигчин Ц.Алдармаагийн бүтээсэн Эхиймаа гэх содон нэртэй кино цахим орчинд олны анхаарлыг татах болсон. Хүн бүрт сайхан сэтгэгдэл төрүүлэхээргүй уг хүнд жанрын кино нь Ц.Алдармаагийн буцлам халуун ус бусад руу цацсан хэргээс санаа авсан гэх мэдээлэл бий. Тиймээс зургаан жилийн өмнөх энэхүү аймшигт хэргийн талаар хүргэж байна.
Хэрэг болсон өдөр юу болов?
2014 оны 04 дүгээр сарын 27-ноос 2014 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонорхайрхан” зочид буудлын өрөөнд Ц.Алдармаа Д.Оюунтуул нар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан. Улмаар Д.Оюунтуул эхэлж Ц.Алдармаагийн ар нурууг нь халуун усаар түлж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна. Үүнд нь дургүйцсэн Ц.Алдармаа маргааш нь халуун усаар нуруу түлсэн гэх шалтгаанаар Д.Оюунтуулыг халуун усаар түлж, онц харгис хэрцгий аргаар бие махбодид нь хүнд/хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан байна.
Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын товч намтар

Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй. Хэрэгт холбогдох үедээ “Шинэ үе” продакшнд жүжигчнээр ажиллаж байсан. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Цогбадрахын Алдармаа.

Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй. Хэрэгт холбогдох үедээ “Шинэ үе” продакшнд жүжигчин ажиллаж байсан. Монгол улсын Cоёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Дариймаагийн Оюунтуул.
Тэд ямар ял авав?
Хэн хэн рүү халуун ус цацаж гэмтэл учруулсан уг хэргийг эхлээд нуухаар шийдсэн аж. Гэсэн ч хэргийн талаар Д.Оюунтуул анх олон нийтэд дэлгэсэн. Улмаар хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1 буюу бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан, Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6 буюу онц хэрцгий аргаар бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр шалгасан. Улмаар анхан шатны шүүхээс Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Ц.Алдармааг долоон жилийн хорих ялаар шийтгэсэн.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр Д.Оюунтуулын гэмтлийн зэргийг дахин тогтоож хүнд гэсэн гэмтлийн зэргийг хүндэвтэр болгож өөрчилсөн. Ингэснээр Ц.Алдармаагийн зүйл анги буюу хүлээх хариуцлага нь хөнгөрсөн юм. Улмаар хэргийг анхан шатны шүүхээр хэргийг 2015.01.29-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд дахин хэлэлцсэн.
Уг шүүх хурлаар Ц.Алдармаад 3,5 жилийн ял оноож, хоёр жилийн тэнсэн харгалзахаар боллоо. Ингэснээр Ц.Алдармаа эрх чөлөөтэй болж байгаа юм. Харин Д.Оюунтуулд үүссэн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд ямар нэгэн ял, шийтгэл оногдуулаагүй байна.
Бэлтгэсэн Т.Энхриймаа

