Багш нарын цалин нэмэх гурван талт хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ Засгийн газраас биелүүлээгүй. Тиймээс 2018 оны 09-р сарын 03-ны өдрөөс эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчид ажил хаясан. Тодруулбал, 09-р сарын 03-нд 26 ЕБС, 09-р сарын 04-нд 37 ЕБС, өнөөдрийн байдлаар 45 ЕБС тус тус ажил хаяад байгаа.
Тэгвэл энэ ажил хаялтад сургуулийн өмнөх боловсролын багш ажилчид нэгдэж маргаашаас ажил хаяхаар болжээ. Нийслэлийн хэмжээнд маргааш 34 цэцэрлэг ажил хаях бөгөөд суралцагчдын эцэг эхэд энэ тухайгаа мэдэгдэж байгаа юм байна. Дээрх 34 цэцэрлэгээс гадна 92 цэцэрлэг ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа юм.
09-р сарын 03-нд 43 цэцэрлэгийн багш, ажилчид ажил хаяхаар байсан боловч дарамт шахалтад орсон аж. Тиймээс багш, ажилчдыг дарамталсан иргэн, ААН-ийг хуулийн байгууллагад өгөөд байгаа аж. Тиймээс дарамтад орсон багш, ажилчид ҮЭ-дээ хандаж эрхээ хамгаалуулах боломжтой юм байна.
Багш, ажилчдын хувьд ачаалал их, цалин бага байдаг бөгөөд цалингаа нэмүүлэх энэхүү ажил хаялтыг АН-ын захиалга мэтээр мэдээлж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.
Цаашид ажил хаях багш, ажилчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул Засгийн газраас яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг эцэг эхчүүдийн төлөөлөл илэрхийлсээр байна.