Оюунчимэг ээ, наалддаг туузнуудаа яах уу?
Эмэгтэй гишүүд энхрий хөөрхөн байгаа, эхэлж санаачилдаг байгаа. Гэхдээ байгаа олохгүй буудаад, амьдрал мэдэхгүй аашлаад хэцүү байгаа.
Хүчирхийллийн сэдэв хөндөгдөнгүүт хөл гараа савчаад л архийг хазаарлая, дарсыг дарж авъя гээд эдтэй ноцолдоод, ууштай уралдаад ухардаг араандаа залгачихсан байгаа. Түгжрэлд түжигнээд, бөглөрөлд бөндөгнөөд хэцүүдэхээрээ нийтийн тээврийг үнэгүй болгоё гээд үсээ зулгаагаад суучихна. Ингэж төр түшилцэхгүй ээ. Наад төрд чинь нийслэлийн 1,7 сая хүнийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах чадал байхгүй. Өртэй, зээлтэй. Өврөө ухаад ч нэмэргүй. Нэртэйгээр нь татвар төлдөг нөгөө хэдэн хувийн компанийнхаа захирлуудыг хуу дуудаж авчраад, бүх зорчигчийн автобусны тасалбарыг бүгдийг нь даа гээд даналзчихгүй юу. Нямтайшир, Оджаргал хоёроос эхлээд нам нам алхаад ороод ирэх л байлгүй. Тэднээс ямар татаж сураагүй биш, тарааж амжихгүй биш. Эсвэл дахиад Хятадад өр тавих юм уу? Эх орноо зарах чинь дутав уу? Би хэлээд байгаа шүү, бодлогын шийдэл л хүлээнэ. Болохгүй, чадахгүй байгаа бол дуугүй л сууж бай. Архийг 5000 хүн тутамд ганц дэлгүүрээр зарна гэсэн. Хөрсөн дээрээ буу хөөе. Тэр цагдаагийнхнаас мэдээллийг нь аваад үз. Архины үнийг дийлэхгүй хүнд гарууд гутлын цавуу үнэрлээд, хар тамхины үнэ хүчрэхгүй залуус наалддаг тууз зажлаад мансуураад, согтуурхаад, маргаашаа мартаад байгаа гэж харин ч нэг хэлээд өгнө. Иргэдэд ажлын байр, орлого, цалин хэрэгтэй байна. Үүний тулд үйлдвэрлэлийг, хувийн хэвшлийг хавчиж боолгүй хөгжүүлмээр байна. Одоо тэгээд наалддаг тууз, наалдан падыг бүгдийг хураах уу, бүгдийг нь 5000 хүн тутамд ганц цэгээр борлуулах уу? Цаашдаа бүх хуванцар эдлэлийг хураах уу? Шатааж хайлуулаад үнэрт нь мансууран согтуурхаж байна. Тэгээд бүх хүний гутлыг хураа, гутлын цавуутай ул ч бас чанаж, үнэрлэж мансуураад, хүчирхийлэл үйлдэхэд эвгүй нөлөөлнө шүү дээ. Эдтэй ноцолдохгүй ээ, эвдэрсэн зүрх, эвгүйдсэн сэтгэлзүй, эмнэгшсэн тархитай ноцолдоод өгөөч ээээээ…яамаар ч юм бэ дээ. ММ агентлаг энэ хүнээ хөдөө сайн явуулахгүй яагаад гадагшаа үргэлж томилоод байсан юм бэ, Орост төгссөн гэхээрээ олдмол коммунист болчихмооргүй юм аа, наад бүтээгдэхүүн чинь хөрснөөсөө тасраад, хөөрхөн попрол үйлдвэрлээд байна шүү дээ, эсвэл энэ гишүүнээ буцаан татаж хотын зах руу надтай хамт илгээнэ үү…за тэгээд нэгэнт ухарч байгаа юм чинь бүх хүний хувийн машиныг журмын хашаанд хурааж цоожилж байгаад үнэгүй нийтийн тээвэртээ үрчийтэл нь чих ээ, чих…яршиг зүгээр.
Эмүжин