МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатартай ярилцлаа.
-Танай намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж 60 тэрбумын гэх асуудлаар шийдвэрээ гаргасан. Хяналтын ерөнхий хороо уг асуудлыг санаачилгаараа хэлэлцсэн үү, эсвэл намын удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хэлэлцсэн үү?
-Хурлынхаа талаар би сар гаруйн өмнө байр сууриа илэрхийлж хэвлэлийн хурал хийсэн. Манай тогтоол интернэтэд нээлттэй байгаа. Гэхдээ би сонирхож байгаа бүхэнд чинь хариулъя. Энэ 60 тэрбумын гэх яриа нийгэмд нэлээд газар авсан. Өрсөлдөгч намууд маань ч хөөргөн дэвэргэж улс төрийн зорилгодоо ашигладаг. Хэд хэдэн сонгууль дамнуулж ашиглалаа. Энэ нь МАН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас “60 тэрбум”-ын яриа үнэхээр бодитой юу, ийм сүлжээгээр мөнгө төгрөг өгч төрийн ажил, албанд очсон хүн байдаг уу, энэ талаар нам шийдвэрээ гаргаач” гэж манай намын олон гишүүн санал тавьдаг. Хяналтын ерөнхий хорооноос өнгөрсөн зургадугаар сард орон нутгийн намын бүх нэгжээ оролцуулсан нэгдсэн сургалт зохион байгуулсан. Тэр үеэр ч олон гишүүн ийм утгатай санал хэлсэн. Тэгээд гишүүдийнхээ өргөдөл, саналаар Хяналтын ерөнхий хороо асуудлыг авч үзсэн. Нэр холбогдсон гишүүдтэйгээ биечилж уулзсан, заримаас нь бичгээр тайлбар авсан. Хууль, хяналтын байгууллагаас энэ асуудлыг хэд хэдэн удаа шалгаад гаргасан шийдвэр тогтоолтой танилцсан. Хяналтын ерөнхий хорооны хуралд М.Энхболд дарга өөрөө биеэр ирж оролцоогүй. Харин тайлбараа бичгээр ирүүлсэн. Намынхаа нэр хүндийг энэ ярианд хутгасандаа харамсч байна гэсэн утгатай. Ц.Сандуй болохоор, иймэрхүү утгатай нэг удаагийн хурал болсон, Ганбаатар нь “би ийм юм боловсруулсан” гээд телевизээр хэлчихсэн байдаг.
-М.Энхболд дарга 60 тэрбумын гэх ийм уулзалт ярианд би оролцож байгаагүй гэж өмнө нь дандаа хэлдэг байсан. Харин сая Хяналтын ерөнхий хороонд ирүүлсэн тайлбар бичигтээ “Ийм уулзалт нэг удаа болсон, би оролцсон, түүндээ харамсч байна” гэсэн юм биш үү?
-Үгүй ээ. М.Энхболд даргын Хяналтын ерөнхий хороонд ирүүлсэн бичигт тийм үг, үсэг ч байхгүй.
-Та л өөрөө хэвлэлийн хурал дээр иймэрхүү үг хэлчихсэн юм биш үү. Хэвлэл, сошиалаар яг ийм утгатай мэдээлэл явсан даа?
-Үгүй ээ, ёстой худлаа. Хүний хэлээгүйг, бичиж ирүүлээгүй юмыг зохиож ярих эрх надад байхгүй. Би хэвлэлийн хурал дээр хэлсэн үгийнхээ хариуцлагыг бүрэн хүлээнэ. Харин зарим хэвлэлд яг чиний асуусан шиг утгаар мэдээлсэн болохоор манайхан хэвлэлийн хурлын яриа бичлэгээ эргэж нягталж үзсэн. Би тийм өгүүлбэр байтугай, тэгж ойлгогдохоор үг ч хэлээгүй. Намайг бас “60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг намаас хөөнө гэж хэлсэн” гэсэн байгаа юм. Гэтэл манай намын дүрэмд намаас хөөнө гэсэн үг байдаггүй. Дүрэмд байдаггүй эрх мэдлийг эдлэх эрх маньд байтугай, манай намын даргад ч байхгүй. Энэ дашрамд хэлэхэд үйл явдлыг мэдээлж үнэнийг хүргэх ёстой хэвлэлийнхэн маань хүний хэлээгүйг хэлсэн мэтээр мэдээлж, улс төрийн утгаар зориуд ингэв үү гэмээр мушгиж байгаад харамсч байгаа.
-Тэгвэл та энэ ярилцлагадаа хавсралт баримт болгож УИХ-ын дарга М.Энхболдын Хяналтын ерөнхий хороонд ирүүлсэн тайлбар бичгийг өгч болгох уу?
-Угаасаа Л.Оюун-Эрдэнэ гишүүн нийтэд гаргаад тараачихсан байна лээ. М.Энхболд дарга манайд хаягласан албан толгойг нь өөрчлөөд л яг тэр бичгээ Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлсэн байна лээ. Агуулга нь адилхан.
-Тэгвэл М.Энхболдын нэг зураг, мөн дуу хоолой нь гэх нэг бичлэг яваад байдаг. Тэр тухайд та юу хэлэх вэ?
-Тэр зураг, бичлэгийг үнэн, эсвэл худлааг чи бид хоёрын хэн ч мэдэхгүй. М.Энхболд дарга бол өөрөө үгүйсгэдэг. Энийг хууль хяналтын байгууллага нь тогтоох ёстой.
-Тэгээд Хяналтын ерөнхий хорооноос яг ямар шийдвэр гаргасан бэ?
-М.Энхболд даргын тухайд, “намайг намын дарга байх үед ийм яриа гарсанд харамсч байна” гэж тайлбараа өгсөн учраас ёс зүйн алдаа гэж үзээд хариуцлага хүлээлгэх эсэхээ Удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрээ намын хамт олонд танилцуул гэсэн. Харин Ганбаатар, Сандуй хоёрын тухайд телевизээр өөрсдөө тодорхой ярьсан учраас ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн. Одоо эдгээр гурван хүнийг харьяалсан намын дээд байгууллагууд нь хэлэлцээд хариуцлагаа хүлээлгэх эсэхээ шийдэх ёстой. М.Энхболд даргын тухайд намд хашиж байгаа хамгийн өндөр алба нь одоогоор намын удирдах зөвлөлийн гишүүн учраас Удирдах зөвлөлд санал хүргүүлсэн. Ц.Сандуйн нийслэлийн намын байгууллагад, Ганбаатар намын анханд шатны үүр, дүүрэгт харьяалагддаг. Хяналтын ерөнхий хорооноос тэдгээр бүтцэд нь саналаа хүргүүлсэн.
-Хяналтын ерөнхий хороо “60 тэрбумын” энэ асуудлыг гэнэт хэлэлцсэнийг М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр зөрчилтэй байгаа учраас намын даргынх нь даалгавар байх гэж зарим хүн хардаж байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Нэгд, Хяналтын ерөнхий хороо асуудлыг санаачилгаараа биш, гишүүдийнхээ өргөдлийн дагуу хэлэлцсэн. Хоёрт, Хяналтын ерөнхий хороо гэнэт хэлэлцээгүй. Олон сар хүлээцтэй хандсан, судалсан. Ингэж явахдаа би намын Ёс зүйн хорооны даргатайгаа хамт хамгийн түрүүнд М.Энхболд даргатай уулзсан. 60 тэрбумын гэх энэ яриаг нэг талд нь гаргах хэрэгтэй байна, УИХ дахь намын бүлгийн талцлыг нэг болгох, та нийслэлийн намын байгууллагад олон жил ажилласан туршлагатай хүний хувьд нийслэлийн нам дотор болж байгаа асуудал дээр санаа оноо хэлээч, намын эв нэгдлийг хангах тал дээр санаа тавиач” гэжуулзсан. Дараа нь бид намын дарга болон ерөнхий нарийн бичгийн даргатай тус тусад нь уулзсан. Ингэж цуврал уулзалт хийхдээ энэ гурван хүнд гурвууланд нь Хяналтын ерөнхий хороо энэ асуудлыг удахгүй хэлэлцэж шийдвэрээ гаргана гэдгээ хэлсэн. Энэ явдлаас нэлээд хойно, Хяналтын ерөнхий хорооны хурал болохоос гурав хоногийн өмнө би хэвлэлийн бага хурал хийсэн. Гурав хоногийн дараа бид хуралдах гэж байна, 60 тэрбумын гэх энэ хэргийн талаар мэдээлэл, гомдол байгаа бол бидэнд өгөөч гэж олон нийтэд зарласан. Ингэж мэдээлэл хүсэхээс гадна Хяналтын ерөнхий хороо энэ асуудлаар хуралдах юм байна гэдэг хүлээлтийг нийгэмд бий болгохыг зорьсон. Яагаад гэвэл нэг дарга нь, нэг фракц нь энэ хурлаа боль гэвэл яах вэ гэж үзсэн учраас заавал хуралдах ёстой шүү гэдэг шахалтыг Хяналтын ерөнхий хороо өөр дээрээ авсан хэрэг. Хэрвээ зарлачихаад хуралдахгүй бол Хяналтын ерөнхий хороо төдийгүй нам эвгүй байдалд орох учраас өөртөө хариуцлага хүлээж ийм мэдээлэл хийсэн. Гуравт, намын удирдлагынхаа өгсөн чиглэлийн дагуу хуралдсан уу гэж хардаж асуугаад байна. Хяналтын ерөнхий хороо ямарч гаднын нөлөөгүй ажиллаж, хэн нэгэн даргын оролцоогүйгээр шийдвэрээ гаргаж байгаа. Жишээ нь, Хяналтын ерөнхий хороо хуралдана гэдгээ зарлах хэвлэлийн хурал эхлэхээс таван минутын өмнө намын ерөнхий нарийн бичгийн дарга над руу залгасан. Би утсыг нь аваагүй. Удалгүй, яг хэвлэлийн хурлын заал руу орж явахад намын дарга У.Хүрэлсүх залгасан. Би утсыг нь авсан. Та юуны тухай хэвлэлийн хурал хийх гэж байгаа юм бэ гэж асуусан. Хяналтын ерөнхий хороо 60 тэрбумын гэх болон бусад асуудлаар хуралдах гэж байна гэдгээ олон нийтэд зарлана гэсэн. Тэгсэн “Таныг буруу юм хийх гэж байна гэж бодохгүй байна. Гэхдээ та энэ тухайгаа намын удирдлагын төвшинд урьдчилж дуулгаад санал солилцож болохгүй юу” гэж асуусан. Тэгэхэд нь би, намын Хяналтын ерөнхий хороо хараат бусаар, бие дааж ажиллаж байна аа, биднийг зэмлэх, сайшаах юм байвал та дүрмийн хүрээнд нээлттэй тавиарай гээд бидний яриа дууссан.
-Тэгээд 60 тэрбумын асуудлаар Хяналтын ерөнхий хороонд мэдээлэл ирсэн үү?
-Тоймтой санал, мэдээлэл ирээгүй ээ. Ихэнх нь “энэ асуудлаа хэлэлцээч ээ” гэсэн санал, зарим нам бус хүмүүсээс огт баримтгүй, хардлагын шинжтэй ганц нэг гомдол ирсэн. Түүнээс бус, энэ яг 60 тэрбумын гэх схемийн элемент байна даа гэж хардахаар, бодохоор нэг ч мэдээлэл ирээгүй. Өөрөөр хэлбэл, би тэр хүнд төдөн төгрөг өгөөд тийм албан тушаалд очсон, эсвэл ажлаа хүлээж байна гэх маягийн мөнгө төгрөг өгч авалцсан талаар ямарч мэдээлэл ирээгүй. Ер нь Хяналтын ерөнхий хороо тэр хурлаар ганцхан 60 тэрбумын асуудлыг яриагүй. Бид дөрвөн асуудал ярьсан. Нэг хувь гишүүн болон Ховд аймгийн Засаг даргын орлогчтой холбоотой асуудлыг ярьсан. Дөрөвдүгээрт маш чухал тогтоол гаргасан. Энэ бол Хяналтын ерөнхий хорооны хурлын хамгийн гол шийдвэр нь. Энийг нийгэм ч их анхаарах ёстой юм. Харамсалтай нь хэвлэлийнхэн маань сенсаац хөөж 60 тэрбумыг хөөцөлдөөд энэ тогтоолыг сайн мэдээлж өгсөнгүй. Сахилга, хариуцлагыг чангатгах тухай тогтоол гаргасан.
-Засгийн газраас мөн л сахилга хариуцлагыг чангатгах тухай тогтоол гаргасан. Түүнээс юугаараа ялгаатай вэ?
-Засгийн газрынх бол төрд ажиллаж байгаа бүх хүнд хамаатай. Харин манай тогтоол бол манай намын нэрээр төрийн улс төрийн албанд очсон бүх хүнд, манай намын гишүүдэд хамаатай. Манай тогтоол улс төрийн хувьд илүү. Товчоор хэлбэл, төрийн хууль, намын дүрэм хоёрыг хувийн эрх ашгийнхаа дор тавьбал ажил албанаас нь өөрчлөөд зогсохгүй тэр хүнд намаас дахиж улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн утгатай тогтоол гаргасан. Энэ тогтоол ялангуяа УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д байгаа мөн, намын нэрээр төрийн өндөр дээд болон дунд шатанд ажилд очсон манай намын бүх гишүүнд хамаатай. Хяналтын ерөнхий хорооны нэг том эрх мэдэл байдаг юм. Тухайн улстөрчид улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх дүгнэлтийг зөвхөн Хяналтын ерөнхий хороо гаргаж, уг шийдвэрээ намын Бага хуралд танилцуулснаар асуудал дуусдаг. Өөрөөр хэлбэл, намын эв нэгдлийн эсрэг явсан, төрийн хууль, намын дүрмийг зөрчсөн тухайн хүнтэй дахиад улс төрд цаашаа хамт явахгүй ээ л гэсэн үг. Ийм шийтгэл хүлээсэн хүн улс төрийн албан тушаалд томилогдохгүйгээс гадна намын бага хурал болон нийслэлийн намын байгууллагад сонгогдож улс төрийн бодлого тодорхойлоход оролцохгүй. Маш хатуу тогтоол, сүүлийн 20-иод жилд аль ч намаас ийм тогтоол гаргаж байгаагүй.
-Энэ тогтоол нэг талаар тухайлбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдахгүй юу. Гишүүд бол асуудлыг намын эрх ашгийн үүднээс бус, улс орны хэмжээнд харж, өөрийн итгэл үнэмшлээр хандаж байр сууриа илэрхийлж хандах ёстой?
-УИХ-ын гишүүний эрхэнд огт халдахгүй. УИХ-ын гишүүн хууль биелүүлж ажиллах ёстой. Бас манай намаас сонгогдсоны хувьд намын дүрмээ баримталж, намын эв нэгдлийг хангаж ажиллах үүрэгтэй. Тэр хүн хууль, намын дүрэм хоёрыг зөрчвөл л энэ тогтоолоор хариуцлага хүлээнэ. Тухайлбал, намын удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгийн олонхиор шийдсэн улс төрийн шийдвэрийн эсрэг явбал тэр хүнд намаас улс төрийн дэмжлэг дахиж үзүүлэхгүй. УИХ-ын гишүүн байх хугацаанд нь намын бодлого тодорхойлоход оролцуулахгүй. Түүнээс биш, бусдаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдлээд л явна. УИХ-ын гишүүний хуулиар заасан эрхээ эдэлснийхээ төлөө нь энэ тогтоолын дагуу хариуцлага хүлээхгүй. Бид тогтоолынхоо хүрээнд намын эв нэгдлийг сахиулах үүднээс маш олон хүнтэй уулзана. Уулзаад эхэлсэн байгаа, хамгийн түрүүнд УИХ дахь намын бүлэг доторхи талцлыг арилгахын тулд бүлгийн дарга, гишүүдээсээ эхлээд уулзаад явж байгаа. Үр дүнг одоо хэлэхэд эрт байна. Ямарч гэсэн МАН-ын үеийн үед уламжилж ирсэн, үнэнч явсан үнэт зүйл дээрээ нэгдэж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тун удахгүй.
-Түрүүчийн яриагаа үргэлжлүүлье. Хардлагын шинжтэй бас нэг асуулт байна. Танай хороо 60 тэрбумын асуудлыг хэлэлцсэнээрээ УИХ дахь бүлэг доторх талцлыг харин ч дэвэргэж М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах улс төрийн эхийг бэлдэж өглөө гэж зарим хүн харж байгаа?
-Би тэгж бодохгүй байна. Манай намын бүлэгт тусдаа хоёр бүлэг болох хэмжээний талцал байхгүй, нэгд. Хоёрт, ёс зүйн хариуцлага бол ажлын хариуцлагаас ондоо, огт өөр зүйл. М.Энхболд гэдэг хүн МАН-ын даргаар ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдаагүй. Харин ч сайн ажиллаж намаа УИХ-д 65 суудалтай, бүх аймаг, нийслэлд ялуулж чадсан. Гэхдээ түүнийг намын даргаар ажиллаж байхад 60 тэрбумын гэх ярианд манай нам нэр холбогдсон, үүнд харамсч буйгаа М.Энхболд дарга өөрөө илэрхийлсэн. Үүнийг нь Хяналтын ерөнхий хороо ёс зүйн алдаа гэж үзээд энэ хүнийхээ хариуцлагын асуудлыг ярь гэдэг саналыг Удирдах зөвлөлд хүргүүлсэн. Энэ бол ажлын хариуцлага хүлээлгэхээс тэс өөр ойлголт.
-Харин М.Энхболдын ёс зүйн алдаанд нь ямар хариуцлага хүлээлгэхээ Удирдах зөвлөлөөр ярь гэдэг санал чинь л түүнд улс төрийн хариуцлага тооцох далим, улс төрийн эхлэл болчихож байгаа юм биш үү?
-Наадахь чинь чиний л бодол. Минийх бол өөр байна. Харин ч Хяналтын ерөнхий хороо энэ асуудлыг хэлэлцсэнээрээ, ийм саналыг Удирдах зөвлөлд хүргүүлснээрээ нийгэмд болон намд, мөн М.Энхболд гэж хувьд хүндээ ашигтай байдлаар асуудлыг шийдэх боломжийг нээж өгсөн. М.Энхболд дарга Хяналтын ерөнхий хороогоордамжуулаад харамсч байгаагаа нийгэмд зарлачихлаа. Одоо тэгвэл зарим хүний хүсээд байгаачлан Удирдах зөвлөлөөр дамжуулаад намын хамт олноосоо уучлалт гуйх боломжтой болж байна. Энэ нь М.Энхболд даргын хувьд нийгмийн болон намын хамт олны өмнө хүлээж буй ёс зүйн хариуцлага нь болно. Үүнийг нь УИХ-ын даргын ажлын хариуцлагатай хольж хутгах боломжгүй бөгөөд хуулийн тийм үндэслэл байхгүй.
-Өөрөөр хэлбэл, М.Энхболд 60 тэрбумын гэх хэрэгт ёс зүйн хариуцлага хүлээх нь түүнийг УИХ-ын даргаас огцруулах улс төрийн үндэслэл, шалтаг болохгүй ээ гэж байна, тийм үү?
-Яг тийм, энэ хүн ёс зүйн хариуцлага хүлээж байгаа нь өөртөө сэтгэлзүйн маш том дарамт авч буй хэрэг шүү дээ. Энэ чинь л манай нийгэмд хамгийн их дутагдаад байгаа зүйл мөн биз дээ, өнөөдөр. Түүнээс биш, М.Энхболд гэж хүн УИХ-ыг удирдаж явахдаа ажлын хариуцлага алдсангүй, хууль зөрчсөнгүй, хууль зассангүй. Нэгэнт хашиж байгаа албан тушаалынхаа ажлын хариуцлага алдаагүй учраас намын дарга байхдаа гаргасан алдаандаа хүлээсэн ёс зүйн хариуцлагаар нь түүнийг УИХ-ын даргаас огцруулж болохгүй, тийм хуулийн үндэслэл ч байхгүй. Яагаад гэвэл, би дахиад хэлье. Ёс зүйн хариуцлага, ажлын хариуцлага хоёр бол энгийн төвшинд ч, хууль зүйн шинжлэх ухаанд ч огт өөр ойлголтууд. Жишээ нь, би өнгөрсний хойноос нөхөж ярьж байгаа юм биш шүү. Сая Зам тээврийн яаманд болсон хэрэг явдлын дараа манай зарим нөхөд ёс зүйн хариуцлага хүлээж огцорлоо. Энэ зөв үлгэрлэл. Гэхдээ энэ хэрэг дээр ёс зүйн хариуцлагаас гадна ажлын хариуцлага давхар тооцох ёстой, тооцсон. Та нар анзаарсан бол Ерөнхий сайд их зөв томьёолж хэлсэн. Ерөнхий сайд шүү, би намын даргынх нь хувьд хэлээгүй байна. Сайд, дэд сайд хоёрыг өргөдлийг нь үндэслэж ажлаас чөлөөлөөгүй. Ерөнхий сайд “би ийм ийм хүмүүсийг ажлаас нь халж байна, гэхдээ энэ хүмүүс ёс зүйн хариуцлагаа хүлээж чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг бас тэмдэглэж байна” гэж хэлсэн. Энэ бол хууль зүйн хувьд өөр өөр ойлголт. Үүнтэй адил, М.Энхболд гэж хүний намын дарга байхдаа 60 тэрбум гэх хэрэгт намынхаа нэрийг холбогдсондоо хүлээх ёс зүйн хариуцлага нь УИХ-ын даргын ажилд нь хариуцлага тооцох улс төрийн шалтаг, шалтгаан болох учиргүй.
-Зам тээврийн яаманд болсон хэрэг явдал санамсаргүй, тохиолдлын байх. Гэхдээ салбарын гурван том даргад нь зэрэг хариуцлага тооцох нь хэр зөв жишиг вэ, таныхаар?
-Маш зөв жишиг. Би намын удирдах зөвлөлийн хурал дээр ч хэлсэн. Хяналтын ерөнхий хорооны дарга саналын эрхгүй болохоос Удирдах зөвлөлийн хуралд орох, байр сууриа илэрхийлэх эрхтэй л дээ. Тэр хүрээндээ хариуцлагын асуудлыг ганц Зам тээврийн яаманд биш, нэжгээд яам дээр зайлшгүй ярих шаардлага байгааг хэлсэн.
-Үнэхээр байгаа юу?
-Байлгүй яах вэ. Захын яаманд яваад оч. Асуудал шийдэж байгаа юм алга. Хэрэгжүүлж байгаа бодлого ч алга. Хашиж байгаа албан тушаал, хийж буй ажлынхаа шаардлагыг хангахгүй, тухайн салбарын мэргэжлийн бус хүн олон байна. Маш олон үүрэг гүйцэтгэгч нар байна. Монголчууд явах хүнээр ачаа бүү татуул гэдэг биз дээ. Тэгээд яаманд юу байна вэ гэхээр зардал, орон тооны илүүдэл л байна. Энд 1990 оны нийгмийн шилжилтийн нэг сөрөг үр дагавар гарч ирж байна. АН ч гэсэн засаглаж байхдаа энийг анзаарсан байх. 1990 онд 5-6 настай байсан хүүхдүүд өнөөдөр төрийн албанд олноор орж ирж байна. Бараг 80 гаруй хувь нь энэ үеийнхэн байна. Сургууль соёл төгссөн, мэдлэг чадвартай нь ч байна. Тэдний төрийн албанд орж ирж байгаа арга зам нь миний харж байгаагаар гурван янз байна. Нэг хэсэг нь хууль номын дагуу шалгалтаа өгөөд орж ирж байна. Хоёр дахь нь сонгуульд ялсан нам, эвслийн шугамаар орж ирж байна. Гурав дахь нь танил тал, бүлэглэлийн нөлөөгөөр орж ирж байна. Хүний амьдрал баян. Монголчууд цөөхүүлээ, дээр нь танилын нүүр халуун. Иймэрхүү юм байж болно оо, би үгүйсгэхгүй. Гэхдээ тэр хүн ажилдаа сэтгэлтэйгээс гадна тухайн салбарынхаа мэргэжлийн хүн л байх хэрэгтэй. Түүнээс бус, гагнуурчныг шууд газрын дарга болгож болохгүй шүү дээ. Дээр нь төр сэтгэлээр шударга ажиллах ёстой. Гэтэл одоо яаж байна вэ гэхээр өмнөх ажлаа сайн хийхийг бус, яавал дээд удирдлагадаа таалагдах вэ гэсэн бодолтой нь элбэг байна. Яаман дээр яваад очиход “энэ манай салбарын хүн, ийм чадвартай” гэхээс илүүтэй, “тэрний хүн энэний хүн” гэх зэргээр ааваасаа өөр овогтой болчихсон хүн олон байна. Энэ бол манай төрийн алба завхарчихсан байгаагийн нэг илрэл. Үүнээс болж төрийн алба хүчгүйдэж байна. Энэ талаар чиний саяхан бичсэн нийтлэлийг уншсан, бүрэн санал нийлж байгаа. Одоо төрийн албанд яаралтай бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэй. Хуулийн өөрчлөлт бол яах вэ, олон өөрчилж үзлээ шүү дээ. Одоо бодлогоо өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, би нам талаасаа ярихад боловсон хүчний нөөц, бодлого бүх нам дээр алдагдчихсан. Амьдрал дээр хэцүү хэцүү, өөрийнхөө төлөө ажилласан, зүтгэсэн хүндээ тус бололгүй яах вэ. Хамгийн гол нь өмнөх ажлаа сэтгэл зүрхнээсээ хийх, тухайн салбарын хүмүүсийг санал болгооч ээ, тэгээд шийдвэр гаргадаг бүтцүүд нь тухайн хүнийг тохирсон ажилд нь авах эсэхээ шийднэ биз. Би төрийн албанд орон нутгаас нь аваад 30 гаруй жил ажилласан. Танилын зовлон зөндөө л ирдэг. Би тэдэнд ганц л юм хэлдэг. Ажилд гуйж оруулсан хүн, ажилд авсан хүнийхээ чихийг битгий халууцуулаарай. Хууль, дүрмийг хувийн сонирхлынхоо дор битгий тавиарай л гэж захидаг.
-Зам тээврийн яамны хоёр сайд ёс зүйн хариуцлагаа хүлээж өргөдлөө өгөхөд танай Хяналтын хорооны түрүүнд ярьсан Сахилга хариуцлагыг чангатгах тогтоол нөлөөлсөн болов уу?
-Би бол нөлөөлсөн гэж хэлнэ. Яагаад гэвэл, намын нэрээр төрийн улс төрийн өндөр албан тушаалд томилогдсон гишүүдийнхээ ёс зүй, сахилга хариуцлагыг хангаж ажиллахыг намын даргад үүрэг болгочихсон байгаа шүү дээ.
-Тэгвэл, үнэхээр нөлөөлсөн бол өргөдлөө өгсөн энэ хоёр хүнд МАН цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэх үү. Тухайлбал, 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх эсэх гэх мэт…?
– Сайд, дэд сайд хоёр нь “ёс зүйн хариуцлагаа хүлээе” гэж өөрсдөө өргөдлөө гаргасан. Тэр хоёр хүн ард түмний болон намын хамт олны өмнө ёс зүйн хариуцлагаа хүлээсэн. Харин Ерөнхий сайд бол ажлын хариуцлага тооцож огцруулсан. Одоо чиний асуулт,намаас дахиж улс төрийн дэмжлэг үзүүлэх үү гэж. Би бол үзүүлж болно, үзүүлнэ гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ хүмүүс хариуцлагаа хүлээе гээд өргөдлөө бичиж байна гэдэг бол ёс зүйтэй байна ш дээ. Өнөөдөр Монголын нийгэмд ёс зүйтэй хүн маш хэрэгтэй. Тийм учраас ёс зүйтэй байсных нь төлөө энэ хүмүүсийн улс төрийн эрхийг хааж боож болохгүй, тийм эрх ч байхгүй. Түүнээс биш, унасан дээр нь өшиглөнө гэдэг шиг энэ алдаан дээр нь замаасаа зайлуулаад авъя гэж болохгүй. Хариуцлагыг ингэж шат шатанд, бас хүлээлгэх ёстой хүмүүст нь хүлээлгээд л явах ёстой. Ингэж чадахгүйгээс болоод л нийгэм бухимдаад байгаа юм.
-Эцэст нь асуухад, Хяналтын ерөнхий хороо хэлэлцсэнээр, танай саналын дагуу холбогдох бүтцүүд нь шийдвэрээ гаргаснаар 60 тэрбумын гэх яриа танай намаас салах болов уу. Цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуульд энэ яриа танай намын амжилтад ямраар нөлөөлөх бол?
-Миний хувьд бол асуудал дууссан. Харин нийгэм яаж хүлээж авахыг мэдэхгүй. Нэг улс төрийн хүчин нь нөгөө намаа ялах гэж сонгууль бүрээр хөөрөгдөж байгаа хий хоосон, огт хэрэгжээгүй энэ дуулианыг дахиад ямар хэлбэрээр ашиглах, түүнд нь манай нам ямар хариу өгөхөөс ихээхэн шалтгаалах байх. 60 тэрбумын гэх яриаг манай намд албан ёсоор яриагүй, энэ схем төрийн ямарч нэгжид хэрэгжээгүй, хий хоосон улс төр байсан. Үүнийг хуулийн байгууллага ч тогтоосон. Гэтэл өрсөлдөгч намууд улс төрийн зорилгоор, тодорхой хүмүүс хувийн сонирхлоор хөөрөгдөж байгаа. Хэвлэлийнхэн хүртэл хольж хутгаад байгаа.
-Хэвлэлийнхэн гэж дээ, танай гишүүдээс, тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ гишүүн гэхэд энэ зунжин энэ сэдвийг ярьж, бас шаардлага тавилаа шүү дээ?
-Л.Оюун-Эрдэнэ гишүүн одоо болих байх аа. Дахиж ярихгүй байх ч ёстой. Хувь хүн, улстөрчийнхөө хувьд одоо тодорхой ойлголттой болсон.
-Яагаад. Өмнө нь ойлголтгүй байсан юм уу, эсвэл олонхийн эсрэг явбал улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн Хяналтын хорооны тогтоолоос болоод уу?
-Үгүй ээ. Тэр хүний УИХ-ын гишүүний бүрэн эрх тусдаа. Харин улс төрийн энэ асуудлаар Л.Оюун-Эрдэнийн харьяалах нам нь улс төрийн шийдвэрээ гаргачихсан учраас тэр хүн зөрж ярих ёсгүй. Тэр хүн өмнө нь өөрийнхөө үнэлэмжээр яваад байсан байж болно. Одоо бол намын хамт олон нь уг асуудлыг өөрөөр үзэж улс төрийн шийдвэрээ гаргасан учраас түүнийг дагах ёстой.
-Хяналтын ерөнхий хорооны тогтоолыг биелүүлэхэд хугацаа гэж бий юү. Удирдах зөвлөл хэзээ хэлэлцэх бол?
-Хяналтын ерөнхий хорооны тогтоолыг биелүүлэхийг нарийвчилж заасан дүрмийн зохицуулалт байхгүй. Гэхдээ бид тогтоол дээрээ хугацаа зааж өгсөн. 2018 оны гуравдугаар улиралд багтааж Удирдах зөвлөлөөр хэлэлцээд, шийдвэрээ намын хамт олонд танилцуулахыг ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгосон. Энэ 9 дүгээр сардаа багтаана гэсэн үг.
-Хяналтын ерөнхий хороо нь Удирдах зөвлөл болон намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг өгөх эрхтэй юү?
-Хяналтын ерөнхий хороо бол намын их хурлаас байгуулагддаг, дүрмийн дээд хяналт тавих байгууллага. Намын дүрэм сахиулна гэдэг бол намын эв нэгдлийг хангуулна гэсэн үг. Тэр утгаараа Удирдах зөвлөлд санал оруулж, хэлэлцүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу саналаа тогтоол хэлбэрээр ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга бол удирдах зөвлөлийн хурлыг зарладаг.
-Та сая хэллээ. Хяналтын ерөнхий хороог намын их хурлын байгууллага гэж. Харин удирдах зөвлөл бол их хурлаас байгуулсан Бага хурлын бүтэц. Тэгэхээр намын их хурлын байгууллага болох Хяналтын ерөнхий хороо нь шийдвэрээ Бага хурлынхаа бүтэц болох Удирдах зөвлөлөөсөө асуудаг, саналыг авч байж гаргадаг хэрэг үү?
-Бодит байдал дээр манай намын дүрмийн зохицуулалт нь тийм юм. Бид байгаа дүрмээ л барьж ажиллана.
-Ярилцсанд баярлалаа.