Увс аймгийн Тэс сумын харъяат дуучин Л.Банзрагч Соёлын тэргүүний ажилтан цолыг хүртээд хэдийнэ 10 гаруй жилийг ардаа үлдээжээ. Түүнтэй насаар ойролцоо уран бүтээлчдээс ихэнх нь МУГЖ цол тэмдэгийг хүртсэн. Харин дуучин залуу минь таг чиг.
Угтаа тэр МУГЖ Т.Батсайхан, Л.Болдбаатар, С.Жавхлан нараас дутахгүй дуулж хуурдаж, тоглолт хийж яваа хөдөлмөрч уран бүтээлч. Гэвч Төрийн дээд шагнал түүнийг тойрсоор.
Дуучин Л.Банзрагчийн хувьд сүүлийн хэдэн жил А.Мөнхбат, Д.Бурмаа нартай дөрөө харшуулан уран бүтээл туурвиж яваа. Магадгүй “хурдан явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл хамтдаа яв” гэгч болж буй байх.
Тэрээр аливаа тоглолт арга хэмжээ дээр СТА гэж дуудуулах дургүй гэдгээ хэлдэг. МУГЖ болчихвол, дуудуулах дуртай байх болов уу гэдэг сонин.
Дашрамд дуулгахад, дуучин Л.Банзрагч нэгэн ярилцлагандаа “Нийтийн дууны урлаг, тэр тусмаа ардын хэв загварыг барьж байгаа ийм дуучдын хувьд нийгмийн энэ их бухимдалтай ийм үед амьдралыг дандаа гэрэл гэгээтэй, сайн сайхан талаас нь харуулах ёстой гэж боддог, амьдралын хэв маяг болоод урлагийн талаас нь. Тийм ч болохоор өөрсдийнхөө дуулж байгаа дуунууд, амьдарч байгаа хэв маягийг дандаа гэрэл гэгээтэй, өөдрөг талаас нь харуулсан дуунуудыг сонгодог. “Миний ардын сэтгэл цагаан” дуу бол ард түмнийхээ сэтгэлийн цагаан цайлганыг магтан дуулсан. “Заллага” дуунд,
…Айраг байна уугаарай
Аятай байна өнжөөрэй
Агсал байна эмээллээрэй
Ах дүү нараар минь ороорой гэж монголчуудын зочломтгой, цайлган цагаан зан чанар, тэр бүгдийгээ дагасан айргийн соёл, адууны соёлыг магтан дуулсан. “Амар төвшин” бол ачтайхан ээж, амрагхан хань, алаг үртэйгээ амар төвшин, өвчин зовлонгүй, эрүүл энх жаргая гэсэн дуу. Иймэрхүү дуунуудыг уриалж дуулдаг юм аа. Нөгөө талаар монголчууд амны билгээс ашдын билгэ гэж ярьдаг шүү дээ. Сайн сайхан зүйлд уриалан дуудаж, сайн сайхан зүйлийг ярилцаж байвал амьдрал аяндаа л сайн сайхан болно” хэмээн ярьж байжээ.
Сайн сайхныг санаж явбал бүтнэ дээ, Л.Банзрагч минь.