Ц.Олзвой (1914-1941)
Халхын голд данй гал дүрэлзэж дарийн утаа манарч байв. Бууны сум мөндөр мэт асгарч, манай түрүүчийн анги дайсантай тулалдаж эхэллээ.
Ангиа ашигтай байр эзэлтэл дайсны хүчийг барьж байхыг хорооны дарга Л.Дандар нэг байлдагчид тушаажээ. Тэр байлдагч хөнгөн пулемётыг мэргэн галаар дайсны хүнд пулемётыг салаа цэргийн хамт устгажээ. Бас дайны гүнд нэвтэрч японы тагнуулын албаны том тушаалын даргыг устгаж байлдааны зураг, бичиг баримт зэрэг чухал нууцыг нь олзлон авчирчээ. Энэ байлдагч бол гарамгай тагнуулч, зоригт пулемётчин Ц.Олзвой билээ. 1939 оны V сард ширүүн тулалдаанд дайсны гурван суман цэрэгтэй манай нэг суман байлдахад Ц.Олзвойн пулемётын мэргэн галд 90 гаруй Самурай алагджээ. Дараа нь Ц.Олзвой дөрвөн нөхдийн хамт тагнан байлдах үүрэгтэй явж дайсны 50 гаруй хүнтэй холбоо тагнуулын заставыг бүслэн авч бүрмөсөн устгаснаар ангийнхаа давших нөхцлийг хангажээ.
VII сард болсон байлдааны үед Ц.Олзвой дайсны Их буугийн дуранг олзолж ирэх тушаал авчээ. Туслах буучныхаа хамт шөнийн харанхуйгаар японы их бууны анги дээр очиж манаачий нь баривчлан нөхөртөө тушаагаад өөрөө түүний хувцсыг өмсөн дайсны байранд орж их бууны яндан дуранг ангидаа авчирч өгчээ.
Пулемётчин Ц.Олзвой нэг удаа өөрийн сайн нөхөр Лундаажанцантай хамт тагнуулд явж байгаад дайсны хоёр машин цэрэгтэй тулгаран байлдаж тэдний ихэнхийг устгаад үлдсэний нь баривчилжээ. Ховд аймгийн Манхан сумын харьяат, Халхын голын байлдааны эрэлхэг байлдагч, гарамгай тагнуулчин Цэндийн Олзвойд 1939 онд БНМАУ-ын баатар цол олгожээ.