Би өнөөдөр ажлаасаа арай эрт тарсан тул хурдхан гэртээ харьж өөрийнхөө дуртай “Саран хөндий” хэмээх сайхан номоо уншмаар яарч байсан ч гэнэт л хөл минь тушаатай мэт хөдөлж цөхөх нь тэр.
Учир нь би өглөө ажилдаа гарахдаа ээж үрүүгээ хашгичиж
– Арчаагүй, бүдүүн, тэнэг авгай. Танаас болоод л таныг харсан хүн бүхэн надаас зугтааж байна, бодвол эх нь ийм бүдүүн чихмэл шиг авгай юм чинь охин нь ч ийм л болох биз гээд намайг хаячихдаг биз , таныг үзэн ядаж байна гээд хаалгаа саваад гарсан минь бодогдох.
“Эх нь хээр алаг бол охин нь шийр алаг ” гэж ирээд л ярьцгаах энэ үгийг би үзэн яддаг.
Ийнхүү элдвийг бодон шатаар алгуурхан бууж явтал хаанаас ч гараад ирсэн юм бүү мэд ажлын маань хөөрхөн хүүхэн Содоо яг өөртэй нь ижилхэн сайхан хувцасласан 50 орчим насны эмэгтэй рүү
– Ээжээ гэсээр хөөр баяр дүүрэн гүйхийг хараад гэрт минь намайг хүлээж суугаа эв хавгүй түнтгэр тарган, үргэлж амьсгаадан баацагнан алхах ээжээ бодохоос ичив.
Саяхан л жаахан ч атугай гэмшингүй байсан бодол минь үгүй болжээ.
Хар нялх байхын л миний ээж гэж нэг ийм хийлсэн бөмбөг шиг бүдүүн хүн байсан. Би хэзээ ч ээжийгээ туранхай гоолиг байхыг хараагүй ээ.
Арван жилд эх эцгийн хурал болоход л ээжийг биш эмээг л очоосой гэж бодох. Учир нь бүдүүн эв хавгүй амьсгаадан алхах ээжээсээ ичээд л тэр шүү дээ.
Азаар би бол харин туранхай бас хүмүүс намайг хөөрхөн гэцгээх.
Аравдугаар анги төгсөөд хэд хэдэн залуустай болзсон ч гэрт маань ирж ээжийг маань харсны дараа тэдний хэн нь ч эргэж надтай холбоо бариагүй юм.
Хамгийн гомдмоор нь надад маш их таалагддаг Болдоог би уржигдар гэртээ урьснаас хойш тэр илт надаас дөлж байгааг харахаас зүрх минь урагдах шиг болж байлаа.
Тиймдээ ч өглөө ээждээ уурлаж, муухай үг хэлчихээд хаалгаа саваад гарчихсан юм.
Хүмүүс намайг ойлгохгүй л дээ. Хүн ээжээсээ ичих гэж юу байдгийг мэднэ гэж үү.
Ээж минь турах гэж тамхи татдаг. Тиймээс шүд нь шарлаж, бас тамхины үнэр нэвт шингэсэн нь нөгөө дуунд гардаг шиг ээжийн минь сайхан үнэр гэж хаана байдаг, хаанаас нь үнэртдэгийг би лав мэдэхгүй.
Би аавыгаа мэдэхгүй ээ.Ээж хэлэхдээ аав чинь туранхай хүүхэнтэй суух гээд чи бид хоёрыг хаяаад явчихсан юм гэж аль 5 – р ангид байхад минь л хэлж байсныг харин мартаагүй юм.
Би хэзээ ч ээжийгээ яагаад таргалсан юм бол гэж бодож байгаагүй. Угийн тарган л хүн гэж бодсоор ирсэн.
Ийнхүү элдвийг бодсоор алхаж явтал
– Хүүе Заяа, Заяа мөн үү гэсээр өөдөөс инээмсэглэх нүдэнд дулаахан сайхан ах зогсож байх нь тэр.
Чи Жаргалын охин Заяа мөн үү гэхэд
– Та яаж манай ээжийг таньдаг юм бэ , би Жаргалын охин мөн гэж гайхан хэлбэл
– Ах нь ээжийн чинь ангийн хүүхэд байгаа юмаа.Бас одоо бол эмч нь, эмчлэгч эмч нь гэх үү дээ гээд нүдээрээ инээмсэглэн намайг ширтэв.
-Ахаа, манай ээж, та манай ээжийн эмч ээ гэж сая хэлэв үү? Манай ээж яахаараа, үгүй ээ манай ээж өвчингүй ш дээ хэмээхэд тэрээр гайхангүй над уруу харж
– Ээж чинь чамд хэлээгүй юм уу ? Ээж чинь бөөрний өвчтэй. Их олон жил энэ өвчнөөр шаналж байгаа шүү дээ. Миний мэдэхийн бараг л хүүхэд байхаасаа. 8 – р анги хүртлээ ээж чинь яг л чам шиг зэгзгэр сайхан охин байж билээ.
Манай сургуулийн бараг бүх хөвгүүд ээжид чинь дурлаж байсан юм шүү дээ .
– Манай , манай ээжид үү, ээж маань үнэхээр хөөрхөн, бас туранхай байсан гэж үү ахаа гэж би маанаг хүн шиг дахин асуухад тэрээр уурсангуй
– Тиймээ чиний ээж чамаас ч гоё, хөөрхөн туранхай сайхан охин байсан юм гэж хэлээд намайг харцаараа ороолгох мэт ширвээд явж одов.
Би яагаад ээжийгээ хэзээ ч хөөрхөн бас сайхан туранхай гоолиг байсан гэж бодож байгаагүй юм бол .Бас яагаад ээжээсээ асууж байгаагүй юм бол .
Үргэлж л ээжийнхээ бүдүүн хадуунаас ичиж, уурлаж олигтойхон ч таван үг сольчихдоггүй, өнгөрсөн, одоо, ирээдүйнх нь талаар асууж ярилцаж байхгүй ном уншиж байна, гээд л ном тэврээд өрөөндөө хэвтчихдэг хүүхэд байсан өөрөөсөө анх удаа ичив.
Амьдралынхаа 18 жилийн бүхэл бүтэн 10 жилийг би ээжээсээ л ичихэд зориулсанаас биш миний ээж яагаад бүдүүрсэнийг, яаж зовж шаналж байгааг нэг ч удаа сонирхож байсангүй.
Ээж ч надад юу ч ярьж, бид ярилцаж байгаагүй юм.
Ээ муу эргүү тэнэг гэж өөрийгөө зүхэн анх удаа ээждээ зориулж бэлэг авахаар дэлгүүрт орж ирэв.
Үнэндээ би ээжийнхээ хурууны ч хувцасны ч хэмжээг огт мэдэхгүй бүүр багцаа ч байхгүй өөрийгөө л хөөрхөн гоё гээд бодчихсон тэнэг охин байлаа.
Харж харж ээждээ үнэртэй ус, час улаан сарнай цэцэг хоёр аваад гүйхээрээ гэртээ орж ирэв.
Ээж минь өглөө л намайг гарахад өрөөндөө хэвтэж байсан тэр л янзаараа цааш хараад хэвтэж байх ажээ.
– Ээжээ, би , охин нь ирлээ. Ээжээ та хардаа би тандаа бэлэг авсан.Та хардаа гэхэд ээж минь огт хөдөлсөнгүй.
-Ээжээ, ээж гэсээр ойртон очиж толгойнд нь гараа хүргэвэл ээжийн минь нүүр аль хэдийн хөхөрч , амьдын шинж үгүй болсон байлаа. Ээжийнхээ гарыг шүүрэн авч Ээжээ, ээжээ охиноо битгий орхиоч дээ, ээжээ миний буруу , гэж уйлан хайлж сэгсчихэд орных нь дэргэдээс шарлаж хуйлагдсан зураг унахыг харан дэлгэвэл өөдөөс минь 18 настай ээжийн минь залуухан хөөрхөн туранхай гоё охин өнөөдөр надтай гудамжинд таарсан эмч ахтай тэврэлдээд авахуулсан зураг намайг цоргитол ширтэн харж байлаа.
Өөд болсон ээжийгээ анхны бөгөөд эцсийн удаа халуунаар тэвэрч, үнсэж уйлж суугаа надад ээж минь урьдынхаас туранхай агшихсан, бүүр жижигхэн ч болчихсон юм шиг санагдав.
Анх удаа би ээжээсээ ичихээ больсон тэр өдөр миний бүдүүн ээж надаас үүрд явчихсан юм даа.
Яг л ингээд хэзээ ч надтай ярьж чадахгүй болох өдөр ирэх л байтал яагаад та минь надаас хамаг бүхнээ нуудаг байв даа …..
Яруу найрагч, зохиолч Хулганайн Тэргэл