Үзэл бодлоо илэрхийлээд 80 сая төгрөгөөр торгуулах уу? Таван жил шоронд суух уу?
Хууль санаачлах эрх УИХ-ын гишүүн, Засгийн газар болон Ерөнхийлөгчид байдаг. Хуулийн төслийг санаачлагч нь УИХ-ын даргад өргөн барьснаар байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталдаг. Харин үүнээс өмнө хуулийн төсөлд олон нийтээс санал авдаг. Өнөөдрийн байдлаар Хууль зүйн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар сайтан дээрээ олон нийтийн санал авч байгаа.
Уг саналд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шууд хязгаарласан, Эрүүгийн хуулийн сүүлийн 18 жилд байгаагүй хүнд ял төлөвлөсөн байгааг хүснэгтээр харьцуулан хүргэж байна.
Тайлбар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2002 онд 24 750 төгрөг байсан бөгөөд уг үнийн дүнгээр тооцов
Сахил хүртсэн биш шал дордов гэгчийн үлгэр бодит амьдрал дээр биелэх эрсдэл байгааг дээрх харьцуулалтаас харлаа. Ямар ч хуулийг сайжруулах гэж хийдэг болохоос ийнхүү дордуулж, шоронжуулах бодлого баримтлах гэж хийдэггүй.
Үүнийг маш энгийнээр тайлбарлая. Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр иргэн та цахим орчинд байр сууриа илэрхийлэх юм бол хүн алж, хүрээ талсан этгээдийн адил хүнд гэмт хэрэгтний нэгэн адил шалгагдах болно.
Өөрөөр хэлбэл, та цахим орчинд санаатай болон санамсаргүй байдлаар пост бичсэн, шэйрлэсэн л бол Эрүүгийн хуулийн 18 жилийн түүхэнд байгаагүй хүнд ялаар яллагдах болно.
Олон улсад гүтгэх заалтыг эрүүгийн хуулиас хасаж харин иргэний шүүхээр хэлэлцээд явдаг жишиг бий. Сэтгүүлч хэрвээ энэ төрлийн алдаа гаргавал өөрийн мэргэжлийн байгууллагын дотоод зохицуулалтаар болон давхар иргэний хэргийн шүүхээр асуудлыг шийдээд явдаг.
Гэтэл манай улсад эрүүгийн хуульд заагаад зогсохгүй, шоронжих гэсэн бодлого баримталж байгааг эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс харж байна. Тиймээс бүх нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөс “13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах, түгээх” хэсгийг хасч олон нийтийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хуулиар далайлгахаа зогсооно уу.
А.Баярмаа