Хэвлэлийн хуудаснаас барагтай л бол буудаггүй хэд хэдэн эртэй нэр холбогдож, дуулиан шуугианы эздийн нэг болж ирсэн бүсгүй бол Азийн хатан хаан гэгддэг Г.Оюунгэрэл. Өдгөө “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Бадамсүрэнгийн бэр болж, хоёр хүүхэд төрүүлсэн тэрээр мэргэжлээсээ кайф мэдэрдэг гэсэн.
Харьцангуй багаасаа загварын тайзнаа алхсан энэ бүсгүй “Азийн хатан хаан” гэж цоллогдох хүртлээ багагүй хөдөлмөр, зүтгэлээ гаргасан нь дамжиггүй. Тэрбээр гэр бүлийн амьдрал зохиосноосоо хойш хэсэгтээ л нам гүм амьдарсан.
Христэд итгэгч балчир охин
Г.Оюунгэрэл 1985 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр “Тахь ко” компанийн захирал н.Ганхуягийн эрх танхил охин. Арван жилээ 1 дүгээр сургуулийн математикийн ангийг төгсөж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч, санхүү-эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр 14-хэн настай балчир охин байхдаа “Монгол Модель”-ийн загвар өмсөгч болсон гэдэг. Түүнийг хөрөнгө мөнгөн дунд туйлж өссөн гэдэг ч, өөрөө бол багаасаа хөдөлмөрлөж эхэлсэн хэмээн ярьдаг юм билээ.Нэгэн ярилцлагадаа балансын хуудас компьютер дээр хийж, дэлгүүрт тавьж заруулаад 17 настайгаасаа мөнгө олж эхэлсэн гэсэн байдаг шүү. Харин хоёрдугаар курсээсээ “Эко констракшн”-ы рекламд тоглосноор илүү их орлоготой болсон гэдэг.
Өөрийгөө зөөлөн хэмээн тодорхойлдог энэ бүсгүй тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг. Орой унтахынхаа өмнө маргаашийн ажлаа төлөвлөж бичдэг. Хааяа дэвтрээ мартчихвал бараг бие тавгүй эвгүйцээд байдаг хэмээн ярьсан удаатай.
Г.Оюунгэрэл Христэд итгэдэг. Энэ талаараа “Би сүмд явдаг. Манай гэр бүл христ гэр бүл. Бүгдээрээ библи уншина, бурхандаа залбирна. Жишээ нь рекламны зурганд орох боллоо гэхэд урьд орой нь унтахдаа “маргаашийн рекламны зураг хамгийн гоё болоосой” гэж залбирдаг. Ер нь бүх зүйлд залбирдаг, даатгадаг. Байнга сүмдээ явахыг хичээдэг” гэжээ.
Титэмгүй топ
Түүнийг мэргэжилтнүүд дотуур хувцасны модельд байх ёстой стандартыг хамгийн сайн хангадаг монгол модель хэмээн үнэлдэг. “Монгол гоо бүсгүй-2006”, “Мисс Монголиа-2007”, 2007 онд Хятад улсын Хэнан мужид зохион байгуулагдсан “Олон Улсын Аялал Жуулчлалын Хатан Хаан” гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн 108 орны бүсгүйчүүдээс шалгаран “Азийн Хатан Хаан”/Miss Asia Queen/ гэх өргөмжлөлийн эзэн болж “Мiss World-2007” тэмцээний тайзан дээр ч алхаж байв.
Тэрбээр Өмнөд Солонгосын хамгийн алдартай загвар зохион бүтээгч Андрей Кимийн “Модель центр”-т үндсэн загвар өмсөгчөөр ажиллах үеэрээ Солонгосын орчин цагийн хөгжмийн урлагийг атгаж явсан “Big bang” хамтлагийн гишүүд болох GD, TOP нарын хамтарсан ” HIGH HIGH” дууны клипэнд солонгос загвар өмсөгчдийн хамтаар тоглосон байдаг.
Мөн “Торго” салонд багшилж байсан ба “Гоёл” наадамд тоотой хэдхэн удаа оролцсон юм. Тэрбээр монголд анх удаа загварын “Gorgeous Gerlee” DVD гаргасан. Тэгэхдээ “Монгол хүүхнүүдийн нэрийн хуудас болсон топ Э.Одгэрэл юу ч гаргаагүй байхад би ингэж чадлаа” хэмээн томорсон гэдэг. Мөн “Би топын зэрэг горилоогүй” хэмээж байсан ч, түүнийг загварынхан “Титэмгүй топ” гэж өхөөрддөг.
Найздаа “ар худрагадуулав”
Дэлхийн Мисст оролцогчийг шалгаруулахад тэрбээр найз Сэлэнгэтэй өрсөлдөж, ялагдал хүлээж байсан удаатай. Гэвч тэрбээр “Би хувьдаа бэлтгэлээ маш сайн хангаж оролцсон гэж боддог. Харамсалтай нь оролцогчид нь ч, шүүгчид нь ч, зохион байгуулалт нь ч огт таалагдаагүй. Алдаа оноон дээрээ сураасай, жил болгон тийм битгий байгаасай гэсэндээ л хэлж байгаа юм. Дэндүү олон миссийн тэмцээн болдог нь утгагүй” хэмээн ярилцлага өгсөн байдаг. Нэг ёсондоо өөрт нь амжилт гаргах бүхий л нөөц бололцоо байхад, тэрийг нь үл огоорч, цаагуураа найраа хийчихлээ гэж тэр үзсэн. Тэр тусмаа найздаа ялагдаж, ард нь үлдсэндээ шаралхаж буйгаа ер нуугаагүй л юм.
Ахимаг насны эрчүүдтэй болзож явсан дурлалын паян
“Азийн хатан хаан” өргөмжлөлт
Г.Оюунгэрэл “Эко констракшн”-ы захирал н.Нямдаваатай олон жил учиртай байсан. Дараа нь Ерөнхий сайд асан С.Баяртай дурлалцсан. С.Баяр эрхэм Г.Оюунгэрэлд унаж тустлаа дурласан паянг хүн бүр мэдэх биз ээ. Түүнд зориулан онгоц дүүрэн сарнайн дэлбээ цацуулан романтиклаж явсан. Тэр хоёр “Жаргалан” хотхон дахь С.Баярын нууцхан хаусанд тухлаж, гадаадад болзож, тусгай нислэгээр хамтдаа зугаалж байсан гэдэг. Мөн энэ бүсгүй “Мон уран” компанийн захирал Б.Наранхүүтэй ч болзож явсан тухай хэвлэлүүд сенсаацлаж байсан билээ.
Түүний эрчүүдтэй холбогдож явсан талаарх шуумууд энэ мэтээр хэвлэлээр нэг дэлгэгдэж байв. Үүний дараа тэр их хэл амыг дуусгавар болгож амьдралынхаа ханийг сонгосон юм.