Долоо хоног бүрд хүүхэд амиа алдсан мэдээ мэдээллүүд хэвлэлээр бичигдэх болжээ. Зүрх зүсэм энэхүү мэдээлэлд нийгэм ч айж цочирдохоо больж.
Урьд шөнө гэхэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн нэгдүгээр хэсгийн 3-р гудамжинд гэр шатаж, 4 эмэгтэй, 6 настай эрэгтэй хоёр хүүхэд шатаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Өчигдөрхөн инээлдэж гүйлдэж, ээж аавдаа хүсэл мөрөөдлөө ярьж байсан тэд, өнөөдөр энэ хорвоод үгүй.
Жилийн дөрвөн улиралд томчууд бидний хайхрамжгүйгээс гал түймэр, утаа, халдварт өвчин, зам тээврийн осол, хүчирхийлэл, тог цахилгааны аюул зэрэг олон хүчин зүйлээс болж цөөн цөөнөөрөө хорвоог орхисоор…
Энэ нийгэмд хамгийн хүнд хэцүүг үүрч байгаа хүмүүс магадгүй хүүхдүүд байх. Ингэж хэлэхээр санал нийлэхгүй хүн олон гарах нь мэдээж. Гэхдээ яах аргагүй томчууд бидний хайнга алдаа, харалган бодол, халамжгүй байдал алив бүхний золиосонд хүүхдүүд хохирч байдаг нь үнэн. Гэтэл хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд, хайр халамжаар дутаалгүй өсгөх талаар эцэг, эхчүүд ч тэр, төр засаг ч тэр хангалттай анхаардаггүй.
Хүчирхийллийн золиос болж, хохирсон хүүхдүүдийг байрлуулах газар олдохгүй байхад Хүүхдийн төлөө гэсэн сайхан нэртэй агентлагийнх нь дарга албан өрөөгөө улсын төсвийн хэдэн арван сая төгрөгөөр дээд зэрэглэлийн тансаг байдлаар тохижуулж, үнэтэй төгөлдөр хуур хүртэл тавьж гангарсан явдал гарч л байв.
Хүүхдүүдэд хайр халамж, хамгаалалт хэрэгтэй хэвээрээ л байгаа. Төрийн мэдлийн “Өнөр бүл” төв л гэхэд хуучирч муудсан байранд хүүхдүүд нь тав тохьгүйхэн өвөлжиж, засаг төрийн хайр халамжийг үгүйлж л суугаа юм билээ. Мөн ханиад томууны дэгдэлт ихэсч, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд ачаалал өндөр байгаа. Нялх балчир хүүхдүүд өвчилж, эмнэлгийн коридорт шалан дээр гудас тавиад хэвтэцгээж байхад эрх баригчид, шийдвэр гаргагчид эмнэлэг барих тухай биш шоронгоо өргөтгөх асуудлыг хэлэлцэж, дүүргүүд Тамгын газрын барилгаа хэрхэн тансаг ганган барьж сүндэрлүүлэх вэ гэдгээрээ уралдаж, цагдаагийн хэсгүүд ч гэсэн тэднээс яаж дутах вэ гэсэн шиг төсвийн хөрөнгөөр нүсэр том барилгууд барин тухалцгаасан нь гашуун үнэн.
Хүүхдүүдээсээ гар татдаг төр, хүүхдээ хайрладаггүй эцэг эх, хүүхдийн нэрээр баяжиж хөлждөг, тансаглаж тухалдаг дарга нар хэзээ өөрчлөгдөж, энэ нийгэмд, улс оронд хамгийн үнэ цэнэтэй, хүндтэй хүмүүс хүүхэд гэдгийг жинхэнэ утгаар нь ажил хэрэг болгож, амьдрал дээр биелүүлэх юм бол оо.
Албаны хуурай мэдээлэл, эх адаггүй олон тоонууд дундаас шүүж шүүрдээд харах юм бол Монголд хүүхэд хамгаалал үнэхээр хангалтгүй, ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууд маань эрсдэл, хүчирхийлэл дунд өсөн бойжиж байгааг харж болно. Наад зах нь жилд 50 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдаж байна шүү дээ. Тэдний 45 нь хөдөө орон нутгийн зам дээр амиа алджээ. Эцэг эхчүүдийн хариуцлага энд яригдахгүй гэж үү. Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн золиос нь өнөө л гэм нүгэлгүй алаг үрс маань болж байна.
Хүүхдэд хайргүй, харин ч халтай энэ нийгэм хэзээ өөрчлөгдөж эерэг сайхан болох бол оо.