Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.12.30) мэдээллээ хийлээ. Өчигдөр 38 хүнд Сovid-19 илэрснээс 36 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн бол үлдсэн хоёр нь Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолооч болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтан байв. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 1175, түүнээс 702 нь дотоодод батлагдаад байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 12828 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 20 хүнээс халдвар илэрлээ. Арванхоёрдугаар сарын 20-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. Халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн учраас тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр иргэний халдварыг дотоодын халдварт тооцохгүй. Үлдсэн 18 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй өвчтөн, сахиур, эмнэлгийн ажилчид юм. Тус голомтод батлагдсан ойрын 1418 хавьтал байгаа бөгөөд өчигдөр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хоёр автобусны жолоочоос халдвар илэрсэн.