Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, дөрвөн жилийн сонгуулийн цикльтэй болоод 20 гаруй жилийн нүүрийг үзжээ. 30 дахь жил рүүгээ ч дөхөж байна.
Энэ хооронд улстөрчид нь, ард түмэн нь унаж босож явсаар улс төрийн тодорхой төлөвшилд хүрснийг судлаачид, ажиглагчид хэлдэг юм.
Олон сонгууль үзсэн улс төлөвшихгүй гээд ч яах билээ дээ.
Гэсэн хэдий ч улс төрд хөл тавьж, улстөрч гэгддэг зарим хүний хийдэг үйлдэл дээрх дүгнэлтийг оргүй арчиж орхихоор боллоо. Бүр нэг хөгийн юм үзэгдээд байна.
Яг үнэндээ улс төр бол эрчүүдийн ринг. Тэр утгаараа хатуу. Гэхдээ маш тодорхой дүрэмтэй. Унасан бол уйлж болохгүй. Дээхнэ үеийн хөвгүүд “Бөлдөгдөхгүй, юм барихгүй” гээд зодолддог шиг эршүүд, сайхан дүрэмтэй юм, уг нь. Цусаа гартал зодолдоод, тосоо гартал тэврэлдэнэ гэдэг шиг улс төрийн явдал дээр “алалцах шахам” ам мурийчихаад гараад хамтдаа 100 татаад явж байдаг л улстөрчидтэй байв шүү бид. Түүх сөхөхөд ч ингэж л явж ирсэн байдаг.
Хүншүүлбэл улс төр гэдэг жудаг тарсан талбар юм л даа.
Харамсалтай нь сүүлийн хэдхэн жилд Монголын улс төрийн тавцангаас жудаг гээч зүйл арчигдаж байна. Уг нь бөхчүүд олноороо орж ирж байгаа улс төрд жулаг улам үнэлэгдэх ёстой сон. Гэтэл эсрэгээрээ болж байна.
Хориодхон хоногийн өмнө Нийслэлийн МАН-ын Бага хурал болж Нийслэлийн МАН-ын даргыг сонголоо. Тэр сонгуульд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хоёр өрсөлдөж, Д.Сумъяабазар ялсан. Ингэж Нийслэлийн МАН-ын дарга болсон Д.Сумъяабазар хэд хоногийн өмнө ЯЛАЛТЫН “PARTY”-гаа сүр дуулиантайхан хийв.
Энэ ч яахав. Үүнтэй зэрэгцээд хаанаас ч юм, нэгэн хов живийг түгээсээр улс төрийн хүрээг нэлд нь хамруулж байх шиг байна. Нийслэлийн МАН-ын даргын тамгыг хүлээлгэн өгсөн Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын гэр бүл рүү халдсан таагүй мэдээ юм. Бодвол тийм мэдээлэл сонссон Су.Батболд айгаад Нийслэлийн Засаг даргын ажлаа бушуухан өгнө гэж тооцоолсон бололтой.
Өнөөх Су.Батболд нь ажлаа өгөх үү, үгүй юу гэдгийг бүү мэд. Харин энэ явдлыг хөндлөнгөөс хараад “Арай ч дээ” гэсэн эмзэглэл төрөөд байгаа юм.
Бид чинь Чингисийн удмын хөвгүүд, Хавт Хасарын удмын эрчүүд гээд цээжээ дэлддэг хүмүүс. Үнэн ч бай, худал ч бай энэнээсээ эрч хүч явдаг улс.
Тийм болоод ч тэр үү, монгол хүний чанар, эр хүний жудаг гэдгийг улс төрд хадгалж явах хүсэлтэйгээ улстөрч бүр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлдэг. Ихэнх нь үүнийгээ дагаж мөрддөг гэдэгт итгэдэг.
Харин Су.Батболдын талаар, ар гэрийнхэн рүү нь чиглэсэн хов живийг хэдэн өдрийн турш сонсоод энэ бүхэн алдагдаж байгааг мэдрэв.
Хаачив, тэр эр хүний жудаг, ноён нуруу?
Хаа байна, монгол хүний чанар?
Магадгүй, өнөөдрийн уруудал, доройтолд орсон улс төрийг сэргээх сүүлчийн торомжоо нь энэ жудаг, чанар хоёр байсан байх. Энэ алдагдвал эх орон ч үгүй болж мэднэ.
Тиймээс Монголын улс төрд хөл тавьсан, орж ирэхээр үүд тогшин суугаа хүмүүст ганц л зйүл сануулъя.
Улс төрөө яаж ч хийж болно. Тэр бол таны л авьяас, чадвар, мэдрэмж, алсын хараа байх болно. Харин улстөрчийн ард гэр бүл нь байдгийг бүү март. Танд ч бий. Тэдэнд нялзах сэдвээр бүү оролд. Тэгвэл та ч , тэр ч, Монгол ч сөнөнө!
Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир