Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.06/ Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг.
Ийнхүү “Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм.“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх Даваа гарагт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.
“ХҮДЭР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР-II”-ИЙГ ЭНЭ ОНЫ ТАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд “Салхитын алт, мөнгөний орд”-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1,000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байна. Мөн тус ордын тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниас үлдсэн, жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар дээрх үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадал бүхий “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. “Салхитын алт, мөнгөний орд” нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсон бөгөөд цаашид 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх боломж их байгааг монгол инженерүүд хэлж байлаа.
“МОНГОЛ ХҮН МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД АЖИЛ ХИЙЖ БОЛДОГ, ХӨДӨЛМӨРЛӨЖ ЧАДДАГИЙГ ЭНЭ ТӨСӨЛ ХАРУУЛЖ БАЙНА”
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ, “Салхитын алт, мөнгөний орд”-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Би анх удаа энд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх Даваа гарагаас Монголбанканд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй. Дараагийн анхаарах зүйл бол энэхүү уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг энэ уурхайд түшиглэн амжилттай хэрэгжүүлсэн учраас цаашид энэ жишигт тулгуурлан байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх боломжтойг харууллаа. Нэг ийм жижиг ордыг нийт ахмадууддаа зориулж, өр зээлийг нь тэглэж болж байгаа нь цаашид бусад ордыг энэ жишгээр ашиглаж, ард иргэдээ дэмжих боломжтойг харууллаа. Монгол орон бол газрын доорх байгалийн баялаг ихтэй орон. Гэвч манай улсын байгалийн баялгийг ихэвчлэн гадны компаниуд, лицензтэй эрх бүхий хүмүүс, намын төлөөлөл ашигладаг биш, харин монголын мэргэжилтнүүд ирж ажиллаад, гурван сая монголчууддаа хишгийг нь хүртээдэг, ямар нэгэн байдлаар иргэдийнхээ амьдралыг дэмжих ажлыг хийх ёстой. Аймаг бүрт жижиг, том хэмжээний уурхай байдаг. 21 аймагт төсвийг царай алдахгүйгээр жижиг уурхайнууддаа өөрсдөө менежмент хийж, зээл авахгүйгээр мөнгөө босгоод, яг ийм жишгээр ажиллах боломж байна. Энийг л эрх баригчид ойлгоод, улс орондоо хэрэгтэй ийм ажилд сэтгэл зүрхээ зориулбал улс орон хөгжинө. Ийм жишиг байна гэдгийг “Салхитын алт, мөнгөний орд” харуулж чадлаа. Цаашлаад “Хармагтайн орд” энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сарын дундуур бэлэн болох байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ ажлыг хурдан шийдээд ажиллах байх гэж найдаж байна. Жишээ нь Сэлэнгэ аймагт байршилтай “Бороо гоулд” алтны уурхайг бид мэднэ. Энэ бол үндсэн орд. Монгол залуучууд, монгол инженерүүд энэ ордыг технологийнх нь дагуу ажиллуулж чадаагүй. Канадууд орж ирсэн, харин монголчуудад ухсан нүх л үлдсэн, алт нь Монголдоо тушаагдаагүй. Одоо “Хармагтайн орд”-ыг яг “Салхитын алт, мөнгөний орд” шиг монголчууд өөрсдөө үндсэн ордод нь олборлолт хийж, ашиглаж болдог, үр өгөөж нь Монголдоо үлддэг, ард түмэндээ хүртээдэг энэ жишгээр ажил нь яваасай гэж хүсэж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэдэгдлээ.
эх сурвалж:president.mn