Аливаа улс үндэстний оршин тогтнож байгааг харуулах нэг чухал үзүүлэлт бол түүний эх хэл байдаг. Өнөөгийн даяаршлын явцад олон хэл устаж алга болсоор байна. Энэ бол даяаршлын нэг сөрөг тал мөн билээ. Тиймээс дэлхийн ихэнхи улсууд өөрийн үндсэн хэлийг хамгаалах төрийн бодлого явуулдаг болсон ажээ.
Монгол улс дэлхийн даяаршлын гадна үлдээгүй тул хэлний даяарших үйл явц монгол хэлийг тойрсонгүй дайрч гарч байна. Олон гадаад үг монгол хэлэнд орж тэр хэмжээгээр үгийн баялаг нэмэгдэж байна. Гэхдээ ямар ч хэлэнд байдаг гадны үгийг хэрэглэх энэ үзэгдэл хэвийн хэмжээнээс хэтэрч, монгол хэлийг хэрэглээнээс түрэх шахах аюулын хэмжээнд хүрч байгааг бид өдөр бүр харж байна.
“Хэмжээгүй юм гэж байхгүйн” адилаар гадаад үг хэллэгийн хэрэглээ хэмжээнээс хэтэрч, монгол хэлэнд шууд аюул учруулах түвшинд хүрээд байна. Байдал ийм болсонд зөвхөн монголчууд бид өөрсдөө буруутай. Учир нь монгол хэлийг мөхөөх “Ариун дайн”-ыг монголчууд бид өөрсдөө эхлүүлж манлайлан боссон юм.
Монгол улс даяар гадаад үг хэллэг, тэр дотроо англи үгэнд донтох явдал хавтгайрч, албан газар байгууллага бүр гаднах хаягаа англиар бичдэг боллоо. Үүнийг нь хянадаг, шалгадаг, торгодог, болиулдаг газар Улаанбаатарт лав байхгүй байна. Энэ нь тусгаар тогтносон Монгол улсын нийслэл үү ? эсвэл Английн колони хот уу ? гэж эргэлзэхэд хүргэхээр болов.
Бидний монголчууд ийм гажиг буруу зүйлд нүд дасч, дув дуугүй сууна. Хамгийн сүүлд гэхэд “сургуулийн цагдаа” гэсэн монгол үг байсаар атал Монгол үндэстний боловсролыг хариуцсан БШУЯ-наас санаачлан “School police” гэсэн харь бичигтэй шар хантааз хэдэн хүмүүст өмсүүлээд авлаа. Энэ нь “англи үг мандтугай”, “монгол үг сөнөтүгэй” гэж үзснээс гарцаагүй.
Монгол хэлийг хэрэглээнээс шахан гаргах “Ариун дайн”-ы тэргүүн эгнээнд зарлал сурталчилгаа хийдэг газрууд тэргүүлэн явж байна. Тэдний англи үг түлхүү хэрэглэн хийсэн зар сурталчилгаа бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр өдөр бүх тасралтгүй явагдана. Энэ нь хүмүүсийн сэтгэлгээ ба ярианд шууд нөлөөлж, яруу тансаг монгол үг хэллэгийг харь англи үгээр бараг бүрэн солиод амжлаа. Цөөн хэдэн жишээ дурдвал, хямдрал-sale, хэт хямдрал–super sale, шагнал–bonus, сонирхол–хобби, зоогийн газар–ресторан, зочид буудал-hotel, фото зураг-гэрэл зураг зэрэг үгсийн “хойдохыг уншихад” тун ойрхон боллоо.
Япон, Солонгос, Хятад зэрэг улсуудад эх хэл бичгээ уран бичлэгийн урлаг болгон зар сурталчилгаандаа асар өргөн ашиглаж байна. Гэтэл Монгол улсад англи хэлээр нэр хаягаа бичвэл сайхан харагддаг гэж, зар сурталчилгаандаа англи үг олноор хэрэглэвэл худалдан авагчид их ирдэг гэж “ямар чөтгөр нь шивнэсэн” юм бол доо гэмээр л байх юм.
Манай зар сурталчилгаа хийдэг газрууд харь англи үгэнд донтож байхынхаа оронд худам монгол бичгийн уран бичлэгийг өргөн хэрэглэж байвал харин ч Монголын үндэсний онцлогийг гаргасан сурталчилгааны шинэ зах зээлийг бий болгож чадмаар санагдах юм.
“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөдийн минь аугаа их өв эрдэнэ” болсон монгол хэлний эсрэг “Ариун дайн”-д зэвсгээ агсан идэвхитэй байлдаж байгаа шилдэг анги нэгтгэлд арилжааны телевизүүд зүй ёсоор орно. Хамгийн энгийнээр хэлэхэд, Монгол улсад 100 орчим зурагтын суваг байдгаас монгол хэлээр нэрлэгдсэн нь тун цөөхөн. “Малчин”, “Монгол”, “Эх орон”, “Одон”, Монголын үндэсний олон нийтийн телевиз”, “Шинэ дэлхий” зэрэг юм. Бусад нь бүгд гадаад нэртэй. Үүний дээр англиар нэрлэсэн хөтөлбөргүй арилжааны суваг гэж Монголд огт байхгүй. Нэр нь англи нэртэй боловч доторхи нь монгол хэлээр явагдана. Энэ олон сувгийн “баатарлаг гавьяа зүтгэлийн ачаар” тун удахгүй мэдээ (news), ярилцлагa (talk show), цахилгаан (электрон), шуугиан (сенсация), хоолны цаг (cooking time), зар сурталчилгаа (реклам), хөөе хөөе (hey hey) зэрэг олон арван монгол үг хэрэглээнээс гарах гэж байна.
Эхэндээ Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн байсан, одоо Монгол улсын “соёлын эсрэг гавьяат зүтгэлтэн” болсон Ц.Балхжавын удирдсан Улаанбаатар телевизийн бараг бүх нэвтрүүлэг нь англи нэртэй. City news (хотын мэдээ), Global news (дэлхийн мэдээ) гээд харь үгс нь эхэлнэ. Тэрбээр анх “Миний дуунууд” гэдэг тоглолт хийдэг байсан бол одоо түүний англи хэл эрс сайжирснаар “My songs” гэдэг “show” болжээ. Монгол соёлын тулгын чулуу болсон монгол хэлний эсрэг цогтой тэмцэгч ноён Ц.Балхжавт одоо өөрийнхөө нэрийг англи болгож орчуулах л үлдээд байна.
Монголын хүүхэд залуучуудын эх хэлээрээ ярих, бичих чадвар жилээс жилд муудаж байна. Үүнд зурагт, сонин хэвлэл, зар сурталчилгаа, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийн харь гадаад үгэнд донтох явдал маш хүчтэй нөлөөлж байна. Энэ бүхнийг дагаад олон нийтийн дунд харь үг хэллэг хэрэглэх хэт ихэслээ. Стрессдэх–бухимдах, канондах–хувилах, олшруулах, онлайн–цахим, майл–захиа, show–тоглолт, шоппинг хийх–дэлгүүр хэсэх, имэйл хаяг–цахим хаяг, тест–сорил, сорилго, нойл–жорлон, бие засах газар, систем–тогтолцоо, процесс–үйл явц, дизайн–загвар гээд урт жагсаалт үргэлжилнэ.
Энд нэн онцгойлон хувийн хамгаалалтын байгууллагуудын “хамгаалалт” гэдэг сайхан монгол үгийг “security” гэдэг англи үгээр сольж хэрэглээнээс бараг шахан гаргасан бардам амжилтыг “тун өндрөөр үнэлэх” хэрэгтэйг сануулж байна.
Жорлон гэдэг монгол үгнээс ичиж, “нойл” гэдэг харь үгээр хэлж маяглах болсон монголчууд “п”-ээр эхэлдэг харь хэлний хараалыг усны урсгал шиг урсгахдаа огтхон ч ичиж зовохгүй байна. Ингэж бид эх хэлээ доромжлон гутааж, бас мөхөөж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р бүлгийн 8-р зүйлийн 1-д “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж заасан байдаг. Гэтэл Монголын төрөөс цалин авдаг, санхүүждэг төрийн байгууллагууд хүртэл монгол хэлээр бус, англиар нэр хаягаа бичиж Үндсэн хуулиа зөрчиж байна. Монгол төрийн бичгийг Монголын цагдаагийн байгууллага уландаа гишгэж, “Police” гэж англиар бичсээр олон жил болсон ч хэн ч түүнийг нь болиулсангүй. Хувцсан дээр Police бичсэн шигээ бүх цагдаа англиар ярьдаг болсон юм уу гэвэл үгүй. Зарим нь монголоороо ч аятайхан ярьж чадахгүй хэдэн үг хэлэх гэж ээрч муурна. Ингэж гадаад үгээр чамирхах нь хэнд хэрэгтэй бэ ? Үүнийг даяаршиж байгаа нь энэ гэж хэлэх усан толгой арай байхгүй байлтай.
Төрийн хэлний зөвлөл гэж юу хийдэг нь мэдэгдэхгүй атлаа төрөөс зүгээр цалин авч суудаг нэг газар байна. Тэд ядахдаа төрийн байгууллагуудад төрийн албан ёсны хэлээр хаяг, нэр усаа бичих даалгавар өгч чадахгүй хий дүлэгнэнэ. Ажлаа хийж чадахгүй энэ зөвлөлийн ажлыг “Хөх Монгол” зэрэг эх оронч залуучуудын олон нийтийн байгууллагад гэрээгээр өгвөл таарна. Тэдний залуус энэ зөвлөлийн ажлыг харин ч сайн хийгээд өгөх байх.
Монголын олон мянган монгол хэл-уран зохиолын багш нар монгол хэлний эсрэг хийж буй харгис довтолгооны эсрэг ганц ч үг ган хийхгүй, ус балгасан мэт таг дуугүй сууна. Монгол хэлний байдал ийм эмгэнэлтэй байхад монгол хэл, уран зохиолоор эрдмийн зэрэг хамгаалсан олон арваар тоологдох эрдэмтэн мэргэд эх хэлээ хамгаалах талаар нийгэмд нөлөөлөхүйц ямар ажил хийдэг нь огт харагдахгүй байна. Тэр байтугай Монгол хэл шинжлэлийн тэргүүлэх эрдэмтэн гэх нэг нөхөр “Монгол хэл мөхөхгүй” гэсэн сүржин нэртэй даржин ярилцлага өгөөд хээв нэг сэтгэл амар сууж байна.
Монгол улсын Үндсэн хуулийг хүндэтгэн дагаж, төрийн бүх байгууллага төрийнхөө хэлээр нэр хаягаа бичдэг болох хэрэгтэй байна. Юуны түрүүнд, ЦЕГ-ын бүх бие бүрэлдэхүүний хувцас, машин дээрх “Police” гэсэн бичгийг аажим дэс дараалалтайгаар “цагдаа” гэж монголоор бичдэг болгох ёстой.
Төрийн байгууллагуудын дараагаар хувийн хэвшлийн байгууллагуудаас нэр хаягаа монгол хэлээр бичихийг шаардах ёстой. Монгол улсад монгол хэлний байр суурийг эргүүлэн тогтоох ажлыг хийх чин хүсэл байвал үүнийг хий хоосон сүржигнэлгүй энгийн аргаар амархан хийж болно. Аж ахуйн нэгжийн болон соёл, боловсролын газруудыг бүртгэх Улсын бүртгэлийн дүрэм журамд бүх албан газар байгууллагууд “Гадаад хэлээр бичигдсэн бус, Монгол улсын төрийн хэл болох монгол хэлээр бичигдсэн нэртэй байна” гэсэн заалтыг оруулж, тэр дагуу бүртгэл хийхэд аяндаа цэгцэрнэ. Гаднах хаягаа монгол хэлээр бичих шаардлагыг бүх албан газарт тавих, үүнийг зөрчвөл “төрийн албан ёсны хэлийг хэрэглээгүйн төлөө” торгодог байх нь зүйн хэрэг юм.
Монгол хэлийг гадныхан бус, бид монголчууд өөрсдийн гараараа устгаж байгаа нь энэ цагийн эмгэнэл юм. Эх бичиг соёл руугаа довтолж байгаа нүгэлтэй явдлыг зогсоож, монгол хэлийг минь аварч өгөхийг Дээр хөх тэнгэрээс гуйх л үлдлээ.
Профессор Ж.Гэрэлбадрах
“Үндэсний шуудан” сонин. 2014.5.2 № 084 (2020)