Зава Дамдин Ринбүчи буюу Д.Осгонбаяр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах март 8-нд ээждээ мэндчилгээ илгээжээ.
“УРЛАНХАН”
Эргэлдэнхэн ертөнцийн хүмүүний төрөлд эрхэмхэн эх эцгийн тунгалгаас үүдсэнхэн
Ээж хэмээх яруухан тэр бүсгүй уран хэвлийдээ намайг тоолшгүй олон судал шөрмөсөөр нэхэн урласанхан
Энгүй тансаг шимт уургийн будаг хүйн нандин бийр тэргүүтнээр гадна дотно бүгдийг урлан зурсанхан
Эхийн алтан урлалаас төрөн гарахуйд энгэртээ нааж бүүвэйн дуу үлгэр домогоор мэдрэхүйг минь тэжээсэнхэн
Энхэр хос бумбаны сүн далайн рашаанаар угжинхан байж л эл биеийг гуа зүсээр торниулсанхан
Эрхэмсэг залуу халуун ахуйдаа манцуй бойтгийг минь оёж л суусанхан
Эрхэлж наадсаар элээж урсан хуучин хувцадыг минь нөхөж л асанхан
Элдэв багсармал идээ тэргүүтэй тэнгэрсийн зоогоор бүгдийг асранхан асанхан
Эцгийг дагаж ах дүү нартайгаа аяланхан явах аяны цацрыг ч бас л оёсонхон
Эвий булцгар найлзуурыг минь дааруулахгүй хэмээн хос бээлий урлан асанхан
Энэ дэлхийг бэдэх хос зээрдийг минь зүдүүлэхгүй хэмээн угалзат оймсыг шагласанхан
Эгэлхэн тоонот гэрийн соёлыг хан хас лугаа цогцлоон уламжлуулж эгч ахан дүүгийн холбоог өлзий утсаар уралсанхан
Элэнц хуланцын нандин шүтээн ёсыг элэг зүрхэнд бүрэлдүүлэн ган тулга мэт сийлсэнхэн
Эрдэм номын мөрд явахад минь номт соёрхлыг орхимжлон оёсонхон
Эгэлгүй өвгөн багш нарын гарш дээлийг гайхамшиг болгон урласанхан
Эрдэнийн зуун найман судрын баринтагийг өлгий адил энхрийлэн зүйсэнхэн
Эрэлхэг дияанд суухуйд эрдэнийн хасбуу олбогийг ширж шидэж хайрласанхан
Энхрий олон шавь нарын сургууль увдисын номын хиазат дээлийг хатгасанхан
Эртний баатар дагинасын манжлагат титэм цээживч хормогчийн загварыг эсгэн бүтээсэнхэн
Эсгий цагаан өргөөний туурга дээвэр цаваг бүрээс бүгдийг үлгэрлэн шидсэнхэн
Эм тангийн манхаг үнээ мал тугал тэргүүтний нэмнээ ер аль бүгдийг оёсонхон
Эгнэгт уран зүүд зөн совингоор сайныг зөгнөн муу аюулаас баруун хөхөөрөө даллан авранхан
Энэхэн насны амьдралыг ч бас үсэн буурал болтлоо үйл болгон урланхан суугаа нь уярамхан
Эрин галбыг элтэл хажууд минь суугаад тэнгэрийн заадал мэт түг түмэн зурлагыг урланхан
16.12.2020
Хан уулын бэлд
Зава Дамдин ринбүчи
08.03.2021
Миний ээж тэргүүтэй бүх хатагтай нарт
баярын мэнд дэвшүүлье