Б.Алтанхуяг: Би хэнтэй ч хамтраад юу ч хийж магадгүй
“Анир” студийн захирал хөгжмийн зохиолч, найруулагч Б.Алтанхуягтай ярилцлаа.
– “Манай гаригийн залуус-20” тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Хэний санал санаачлага байв?
– Ярьвал их урт түүх болно. Санаачилсан тодорхой нэг эзэн гарч ирж л таарна. Би бол нийгмийн захиалга байсан гэж бодож байгаа. Нийгэм хүссэн хүсээгүй цаанаасаа нэхэж байсан. Хүн дуунаас таашаал авдаг шүү дээ. Ялангуяа Монгол аялгуутай дуугаар цангаж байсан. Хоёрт, нийтийн дууны энэ залуучууд нэг хэсэг шуугиулж байсан. Эд нарын хөгжил, туршлага, чадвар, хөгжим техник гээд бүх зүйл сайжирсан байх ёстой биз. Тэрийгээ үзүүлье гэсэн зорилготой байсан. Тэгээд л сайн баг, залуучууд бүрдэж, хамтарч ажилласан, амьд хөгжимтэй, хуучин сайхан дурсамжуудаа сэргээж ярьсан яриатай, арга хэмжээ боллоо.
МУСТА, дуучин Д.Хишигбаяр, Л.Чулуунбаатар хоёр над дээр санал тавиад ирсэн. Энэ саналыг ажил хэрэг болгох санаа анх цар тахлын өмнө Л.Чулуунбаатарын нэг гоё тоглолт болсон, тэрнээс эхлэлтэй. Тухайн үед Л.Чулуунбаатар шинэ юмны эхлэлийг тавьсан. Юу гэхээр амьд хөгжимтэй, оркестртэй болсон тоглолтыг уран бүтээлчид, дуучид тасалбараа худалдаж аваад үзсэн. Үзэгчдийн тал нь уран бүтээлчид байсан гээд боддоо. Их сонин, гоё үзэгдэл. Юугаараа шинэ вэ гэхээр манай энтертайнмент чиглэлийн буюу зах зээлийн урсгалаараа явж байгаа уран бүтээлчид олон талаасаа юмыг бодоод найрал хөгжимтэй ерөөсөө бүтэн хэмжээний тоглолт хийдэггүй. Хийе гэхээр бололцоо гардаггүй, зардал өндөр гардаг. МУГЖ С.Жавхлан, Т.Баясгаланг оркестртой бүтэн тоглолт хийж байхыг санахгүй юм байна. Ганц нэг дууг оркестортой дуулж байсан. Гэхдээ бүтэн тоглолтыг амьдаар хийж байсан түүх байхгүй. Гэтэл Л.Чулуунбаатар бүтэн тоглолтыг оркестортой тоглосон. Л.Чулуунбаатар өөрөө их гоё, сайхан дуучин. Энэнээс бүгд сэдэл авсан гэж би ойлгож байгаа. Ийм амьд тоглолт хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрчихсэн.
-Тоглолт их нүсэр бүтэц зохион байгуулалттай харагдсан?
-Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын эстрад симфони найрал хөгжим, Дуурь бүжгийн эрдмийн театрын утсан хөгжимчдын бүрэлдэхүүн оролцсон. Найруулгыг манай “Анир” студи хариуцсан бөгөөд дуу дууны тохиргоо зэрэг зүйлсүүдийг сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй хослуулан дугаргасан. Нотны найруулгыг манай хөгжмийн найруулагч Ж.Отгончулуун найруулж бичсэн. Миний хувьд найруулага, нот, хөгжим талын продюссер, удирдаач болон зохион байгуулагчаар оролцсон.
-Манай гаригийн залуус дуу 20 жилээс өмнө дуулагдаж байсан тийм ээ?
-Тухайн цаг үеэ тодорхойлсон дуу л даа. Манай гаригийн залуус дууг хамгийн сүүлд Ч.Бат-Эрдэнийн тоглолтод дуучид бөөнөөрөө дуулаад дуусч байсан шиг санагдаж байна. Энэ дууг дуулсны 20 жил болж байгаа гэдэг утгаараа “Манай гаригийн залуус 20” гэж нэрлэсэн.
Өмнө нь Болдоо ах дуулж байсан. Анхнаасаа өөр хүн дуулж байсан дуу л даа. Тэрнээс энэ дуу зохиогдоод 20 жил болж байгаа юм биш. 1985 онд зохиогдсон дуу.
-Тоглолтод дуулагдсан дуунуудыг хэрхэн сонгосон бэ?
-Анх дуулж байсан дуунуудыг нь сонгосон. Ихэнхи дуунуудын найруулгыг хуучин манай студи дээр хийж байсан. Энэ удаагийн тоглолтонд шинэчлэн найруулж тоглолтын уур амьсгалтай болгож найруулсан юм.
-Мөн дуулагдсан бүх дууны найруулга шинэчилэгдсэн?
-Тийм, миний л бужигнуулсан ажил. Аливаа юм хувьсаж байх хэрэгтэй. Тоглолтынхоо уур амьсгалд зориулаад найруулга нь өөр өөр хийгддэг.
-Энэ удаагийн тоглолт “Анир” дуу бичлэгийн студийн 20 жилийн ойн олон арга хэмжээний нэг хэсэг, бэлтгэл ажил гэж харсан?
-Бэлтгэл ажилтай зэрэгцчихлээ. “Анир” студийн 20 жилийн ойд зориулж байгаа бидний бэлэг гэж хэлж болно. Манайх 20 жил болчихлоо. Сонин байгаа биз?
-Саяхан л “Анир”-ын 10 жилийн ойн тоглолтоор тайзны ард уулзаж байсан санагдаж байна. Ийм хурдан болчих гэж…
-Үгүй ээ тэр чинь ингэсэн. Би буруу бодсон юм билээ. “Анир”-ын 10 жилийн ойг 2013 онд хийчихсэн. Яг үндсэндээ бол “Анир” студиэ 2001 онд байгуулсан юм. Тэгээд 2011 онд хийх байсныг өнгөрөөчихсөн. 2013 онд хийх бололцоо, тохироо таарахаар хийчихье гэхээр ухарсан болчих гээд байдаг, 15 жил гэхээр худлаа болчих гээд байна. За за зүгээрээ зүгээр гээд 10 жилийн ойн тоглолтыг хийчихсэн.
2013-2021 онд уран бүтээлчдийн уурыг нь барлаа. Өөрөөр хэлбэл 2-3 жил хаягдчихаад байгаа биз. Энэ хугацаанд олны хүртээл болсон маш сайхан уран бүтээлүүд гарчихсан байсан. Оноор нь хөөхөөр бүгд хаягдах болчихоод байгаа юм. Тэгээд одоо МУГЖ Д.Энхзулаас эхлээд гомдол мэдүүлсэндээ надад. “Хүний сайхан сэтгэл” дуу тэрнээс өмнө гарчихсан байсан ш дээ. /Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд… аялав. сур/ Тэгэхээр бас гомдолтой байгаа биз. Тэр хүмүүсийн уран бүээлийг үнэгүйдүүлчих гээд байсан болохоор “За уучлаарай 20 жилийн ойгоо яг цагт нь хийе. Уучлаарай миний буруу” гэж хэлсэн.
Энэ жил яг албан ёсоор 20 жилийн ой болно.
-20 жилийн ойн олон арга хэмжээ төлөвлөгдсөн байх. Та бол кино, жүжиг, дуу гээд олон төрлөөр уран бүтээл тууривсан шүү дээ?
-Манайх киноны хөгжим, жүжгийн хөгжим, мюзикль гээд олон төрлөөр ажиллаж байж. Жүжгийн төрөл гэхэд “Тэнгэрийн хүү”, “Сарны цагаан зүс”, “Ээжээ” гээд замбараагүй олон бүтээл, мюкизклийн төрөлд гэхэд Увертюра хамтлагийн “Надад үлдсэн найз”, Гэгээн муза наадмын хамаг шагналыг түүсэн “Хязгааргүй” бүтээлийн хөгжим дээр ажиллаж байж.
10 гаруй жил төрийн наадмын нээлтийн дуу бүжигтэй “ноцолджээ”. Энд хүний бүтээл, миний өөрийн бүтээл гээд ер нь их олон юм байна. Өнгөрсөн жилийн “Шарка Барка”-аас эхлээд үзүүлэх найгүй их юм байна. Эд нарыгаа тус тусад нь хувааж байгаад тоглолт хиймээр санагдаж байна.
Үүнээс МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаагаас эхлээд рок попын хамтлаг дуучид, нийтийн дууныхантай зөндөө олон бүтээл хийлээ. БНХАУ-д хүртэл бүтээлүүд хийсэн. Увертюрагийнхан маань сайхан бүтээлүүд, тоглолтууд хийсэн. Энэ бүхнээсээ сорлож байгаад хийнэ дээ.
-20 жилийн тоглолт их хүлээлт үүсгэж байнаа?
-Тийм шүү маш олон хүн хүлээж байгаа. Манай уран бүтээлчид хэзээ болох уу гээд асуугаад хүлээгээд байна. Цар тахлын байдлаа харж байгаад энэ жилдээ хийнэ гэж бодож байна. Хавар цар тахал гээд худлаа, зун ардын хувьсгал ялсны 100жилийн ойд манайх их үүрэгтэй оролцож байгаа, намраас хийх болов уу гэж горьдож байна.
-Та Холливудын болон Хятадын уран бүтээлчидтэй хамтарсан гэж байсан энэ талаараа?
-Чингис хаанд тоглодог жүжигчин Баасан ахын багтай хамтраад “Хувилай хаан” гээд 86 ангит киноны хөгжмийг хийлээ. Одоогоор олны хүртээл болгоогүй байна. Яагаад гэхээр БНХАУ гэлтгүй дэлхийн олон улсад гарах учраас үзэл суртлын хороогоор орж, хянагддаг. Чингис хаан кино л гэхэд хийснээсээ хойш долоон жилийн дараа үзэгчдэд хүрсэн байдаг. “Хувилай хаан” кино хяналтад яваад дөрвөн жил болж байна. Цар тахлаас болоод хойшилчихлоо. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард гарах мэдээлэл байсан.
Би хөгжмийн зохиолчийнх нь хувьд энийг үзүүлмээр байна, тогломоор байна. Гэвч киноы гарсны дараа миний тогллуулах эрх нээгддэг болохоор хүлээгдэж байна.
Хубилай бол дэлхийн хаан гэж ярьдаг. Тэгэхээр кинонд ганцхан Монгол хөгжим хийхгүй, олон үндэсний хөгжим хийнэ. Үзсэн шүү дээ. Болсоон болсон. Хоризм руу хийж байгаа дайн, Хятадын урд талын Гуандун, Сүн улстай хийж байгаа дайныг би мэдэхгүй болохоор тусгай хөгжмийн зохиолч ашигласан. Тэгээд үндсэн хөгжмийн ажлуудаа буюу Хубилайн дотоод сэтгэлгээ, хүүхэд нас, залуу үе, Өгөөдэйн удмаас Тулайн үе рүү шилжиж байгаа байдал,хамгийн хүнд дайн болох Аригбөхтэй хийсэн дайны хөгжим гэж нүсэр ажлуудыг би өөрөө хийсэн.
Бээжингийн оркестр, Монголын Морин хуурын чуулга, Филармонийн уран бүтээлчид, Дуурийн театрын уран бүтээлчид болон БНХАУ-ын найрал дуучид, ардын хөгжмийн найрал, бөмбөрийн анссамбел, ардын хөөмий, уртын дуучид гээд бүрэлдэхүүнүү тоолоод үзэхэд замбараагүй их болсон. Бичлэгийг энд ч хийсэн БНХАУ-д ч оичж хийсэн. Хоёр жил шахам ноцолдсон.
-Жүжигчин Р.Анхнямын гол дүрд нь тоглож байгаа нэг бүтээлд таныг ажиллаж байгаа гэж дуулсан?
-Монгол, Холливуд, БНХАУ-ын уран бүтээлчид хамтраад “Хайрын дуу” гээд кино хийлээ. Киноны хөгжмийг Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцаноров гуай зохиож, би хөгжмийн найруулга дээр нь ажилласан. Тэр кино БНХАУ, Хятадад их нэрд гарсан байна. Манайхан мэдээгүй явж байгаа. Бид хоёр тэгээд нэг хэсэг мандаад авсан.
Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцаноров гуай бид хоёр гадагшаа энэ мэтээр их олон бүтээл дээр ажилласан.
-Тухайлбал?
-150 морь давхидаг тайз гээд төсөөлөөд үздээ. Тэр тайзан дээр циркийн морины үзүүлбэртэй тоглолт БНХАУ-д хийгдсэн. Тоглолтын хөгжмийн зохиолчоор ажиллаж байлаа. Монгол хүн, Монгол морь хоёрын хамт өсөж, дайн тулаан, амьдралын жаргал зовлон, унаж босож байгаа бүх юмыг харуулсан шоу юм. Морь нь өөрөө жүжиглэнэ. Хамгийн гоё морьд тэнд явж байна. Дан хөгжим явсан энэ тоглолт таван жилийн өмнө тоглогдож байсан.
-Хэдий заванд нь хийж амжуулаад байнаа?
-Цагийн зохицуулалт. Өөр арга байхгүй ш дээ. Та завтай юу гэж асууж байгаа хүнд би дургүй. Яагаад гэхээр завыг гаргаж болдог. Завыг хүлээнэ гэвэл худлаа. Тэгэхээр та энэ ажилд зав гаргаж өгөөчээ гэж хэлэх нь зөв байгаа биз. Заваа гаргана гэдэг бол цаг зохицуулалтын менежмент гэсэн үг.
Одоо залуу цагтаа хийхгүй бол хэзээ хийхэв дээ.
-Цар тахал гараагүй, хил хаагаагүй байсан бол олон ажлууд төлөвлөгдсөн байсан байх?
-Би энэ энтертайнмент урлагийн хөгжлийг гүйцэхгүй юм байна. /инээв/ Бууж өгье. Яагаад бууж өгье гэхээр боломжгүй юмыг боломжтой болгож байна. Миний багад үзэж байснаас өөр байна. Жишээ нь пүүзэн дээр дээл өмсөнө гэдэг ойлголтгүй, тийм юм үзээгүй нийгэм өсөөд одоо байж байсан чинь Ука үсээ сүлжээд тэгээд гараад ирж байгаа юм. Нээрээ ч зүгээр юм уу гээд харж байна. Энэ утгаараа энтертайнмент чинь баригдаггүй юм байна. Тэгэхээр би юу ч хийж магадгүй. Би хэнтэй ч хамтраад юу ч хийж магадгүй.
Сая жишээ нь Манай гаригийн залуус контент шиг санал ороод ирвэл би ажиллахад бэлэн
-Харин хөгжмийн судлаачийн хувьд?
-Би өөрөө баруун Монгол хүн. Би баруун Монгол дууны хөгжмийн талын судлагааг өндөр, түлхүү хийсэн гэж боддог юм. Баруун Монголын хөгжмийн судалгааны бүтээл дээр суурилсан нэг гоё хөгжим хиймээр санагдаад байгаа юм.
Бие биелэгээ гээд бүжиглээд байдаг. Үүний цаана маш олон гоё дуу хөгжим бий. Тэрүүгээр дамжуулан хөгжмийн бүтээлүүд хийж болохгүй гэж. Аянуудыг хийгээд энтетайнмент чиглэлд яагаад оруулж болохгүй гэж? Гээд олон зүйл бодож байна.
Жишээ нь машинтайгаа хөдөө гарахаар сэтгэл уужирдаг даа. Тэгээд хөгжим тавингуут баруун бол баруун зүгийн ая дантай хөгжим орчин үеийн хэв маягтай, байгалийг мэдрүүлсэн юм хийж болохгүй гэж. Хамгийн түрүүнд баруун Монголоос эхлмээр байна.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
А.Баярмаа
1 сэтгэгдэл
Энэ цаг үед хөөрхөн гэгээлэг ярилцлага байна Баярмаа. Анзааргагүй ганц нэг үсэг илүү дутуу дарагдсан байна шүү.