Д.Эрдэнэбаярынд очихоор 91…….. дугаар руу залгаж, уулзах газраа заалгав. Гэр хорооллын энхэл донхил ихтэй замаар хэсэг алхлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй ч амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд хөдөлмөрлөж яваа тэднийхийг зорьж яваа нь энэ. Олон гудамж дамжиж явсны эцэст заасан газарт нь хүрч ирэв. Байшингийн цонхны тавцан болон хашаанд банзан тавиур засч мөнгөний гахайг эмх цэгцтэй эрийтэл өрж, гялгар цаасаар бүтээсэн харагдана. Хажуу талд байрлах хүрэн өнгийн чингэлэг мөнгөний гахай урлаачдын ажлын байр. Гурван өрөө болгож, тохилог гэгч нь тохижуулжээ. Олон хүнд түгээж буй мөнгөний гахайг
үйлдвэрлэх явц эдгээр гурван өрөөнд шат дамжлагаар бүтнэ. Цутгалтын өрөөнд хүү нь хоёр найзынхаа хамт гипс зуурч, хэвэнд оруулах ажлыг шаргуу гэгч нь хийж байв. Харин хатаах өрөөнд эхнэр нь пийшин дээр тавьсан гахайнуудын байршлыг сольж хатсан эсэхийг шалгаж байгаа харагдав. Хамгийн сүүлийн шат дамжлага болох будалтын өрөөнд Д.Эрдэнэбаяр өөрөө гахай болон бяцхан багачуудын үзэх дуртай “Пороро” хүүхэлдэйн киноны баатрыг нэгбүрчлэн багсаар будаж байлаа.
Хэсэг хамт байхад л гипс бужигнаж, будгийн эхүүн үнэр хамарт цоргих нь хортой нөхцөлд тэд олон жил уйгагүй ажилласныг сануулна.
Энэ үеэр “Эхнэр минь миний их багш” хэмээн Д.Эрдэнэбаяр хошигнон хэлэв. Түүний эхнэр О.Эрдэнэтуяа 2000 онд ахаасаа мөнгөний гахай хийхийг суралцаж, түүнээс хойш 19 жилийн турш тасралтгүй хийж байгаа гэнэ. Өрхийн бизнес болгож, өхөөрдөм үрсийн мөнгө хуримтлах сэдлийг багаас нь суулгах зорилготой ажлаа эхлүүлсэн тэд мөнгөний гахай урлаж байгаадаа сэтгэл хангалуун амьдардгаа онцолж байлаа.
Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй ч хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн гэдгийг гэр, хашаа, ажлын байраар дүүрэн гахай, хүүхэд багачуудын үзэх дуртай “Пороро” хүүхэлдэйн киноны баатрууд, нохой, туулай, чандгийг хийж буйгаас харж болохоор. Өрхийн тэргүүн Д.Эрдэнэбаяр 1998 онд амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр алс хол Солонгосыг зорьж, жилийн турш ажилласан ч харамсалтайгаар үйлдвэрийн осолд орж гаргүй болоод буцаж иржээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй болчихоод хэсэг гутарч явсан. Гэвч надад шантрах эрх байгаагүй. Ажиллаж амьдрах шаардлага тулгарсан. “Хүмүүн заяа” сонинд оператор “Гоц эрдэнэ” сонины дизайнер хүртэл хийж байлаа. 2004-2006 он хүртэл Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд төлөвлөгөө боловсруулан ажиллаж байсан” гэв.
“Хүүтэйгээ танилцсанаар ханьтайгаа учирсан” хэмээн инээмсэглэл тодруулж, эхнэр рүүгээ харах түүний харц цаанаа хайр өгүүлэх. Хүүгээрээ дамжуулж эхнэртэйгээ танилцсан тэрбээр гахай хийхийг заалгаж явсаар эцэст нь нэг гэрт орсон гэгээлэг түүхээр ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн байна.
Гэр бүл болж, хамтын амьдралаа эхлүүлснээс өнөөг хүртэл хашаандаа өрхийн бизнес эрхэлж, хөдөлмөрлөж, улс орондоо төдийгүй гаднын оронд ч гахайгаа борлуулах туйлын хүсэлтэй гэнэ. Гурван жилийн турш гал тогооныхоо өрөөг ажлын байраа болгож өдөр шөнөгүй хийж эхэлсэн тэдний ажил өдгөө өөрсдийн хэмжээнд гражаа тохь тухтай, товхийтэл тохижуулжээ. Мөнгөний гахайг хийхэд нэлээд ажиллагаатай төдийгүй бүгдийг гараар хийхээс гадна хатааж, будах гэсээр дор хаяж гурван хоногийн хөдөлмөр шингэж үйлчлүүлэгчдийн гарт очиход бэлэн болдог байна.
“Гахай хийх буянтай ажил. Айл гэрт хөрөнгө цуглуулдаг. Дээшээ харсан амсартай болохоор бүтээлээ сэтгэлээсээ хийхийг зорьдог. Хүүхдэд зөв хүмүүжил олгож, багаас нь хуримтлал үүсгэх сэдлийг бий болгоно. Эерэг энергитэй ажил болохоор эрч хүчээр дүүрэн хийдэг дээ” хэмээн О.Эрдэнэтуяа хэлж байсан юм.
Гахай хийх ажил гипс худалдаж авахаас эхэлнэ. Зуурч, хэвэнд цутгаж, хатааж, будах зэрэг олон үе шат дамжлага дамжсаар бий болдог байна. Анх гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын тулд тоонд баригдалгүй хийдэг байжээ. Хийсэн гахайнуудаа зарахын тулд үүргэвчинд хийж үүрээд, хоёулаа хөтлөлцөөд зах, худалдааны төв, гудамж, талбай гээд хаана хүн байна тэнд очиж зарж, сурталчилдаг байжээ.
2012 онд 3000 төгрөгөөр зардаг байсан том гахайны үнэ долоон жилийн дараа 2000 төгрөгөөр өсч өдгөө 5000 төгрөг болсон байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч гахайныхаа үнийн дүнг нэмэхийг төдийлөн эрмэлздэггүй гэнэ. Учир нь хамтарч ажилладаг бэлэг дурсгалын дэлгүүрүүд үнэ нэмэхэд дурамжхан ханддаг аж.
Орлого олохын тулд ажиллаж байгаа тэд хийсэн гахайнуудаа бөөний үнээр дэлгүүрүүдэд худалдана. Гүйлгээ сайтай үе байхад орлого муутай сар хүртэл бий. Есөөс дөрөвдүгээр сар хүртэл орлого хэвийн бол бусад үед нь тааруухан. Энэ талаар Д.Эрдэнэбаяр “Хүмүүс хүний хөдөлмөрийг дуурайж хийх их дуртай. Гаргүй хүн хийгээд байхад би яагаад болохгүй гэж гээд л манай загварыг дуурайгаад хийнэ. Амархан аргаар мөнгө олох амтгүй санагддаг юм. Тэгэхээр өөрсдөө загвараа зохиогоод бусдын бүтээлийг хуулбарлахгүй хайрлах хэрэгтэй” гэв.
Загваруудаа өөрчилж хийхийг хүсдэггүй гахай урлаачид хийж буй хэдэн загвараа чамин, чанартай хийхийг зорьдог байна. “Тоогоо ахиулна” уриатайгаар тэдний гэр бүлийнхэн төдийгүй хүүгийнх нь найзууд ирж, гахай хийнэ. Ажилд суралцхаас гадна хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, цалин авдаг болжээ. Гахайныхаа буянаар ажлын байртай болсон Д.Эрдэнэбаяр чингэлэг худалдан авч, дотор тохижилт, өрөөний хуваарилалт, халаалтыг нь хүртэл өөрөө хийжээ. Худалдаж авч байгаа хүмүүс гахай хийхэд ажиллагаа ихтэйг төдийлөн мэддэггүй. Яг л хүүхэд шигээ харж хандаж, хайрлаж, хамгаалснаар гурван өдрийн дараа дэлгүүрийн лангуунд очдог байна. Гипсээр хийж байгаа учир сайн хатаах хэрэгтэй. Пийшин дээр тавьж хатаадаг учраас байнгын хараа хяналт тавина. Шөнө хүртэл ээлжээр босч гахайнуудынхаа өрөөг галлаж, хатсан эсэхийг шалгадаг байна.
Өрхийн орлого олохын хажуугаар өсвөр үеийн хүүхдүүдийн хийж бүтээх сэдлийг дэмжиж, цалин өгч, урамшуулдаг учраас Д.Эрдэнэбаярынхаас хүүгийнх нь найзууд салахгүй. Мөнгөний хэрэгцээ гарах үед ээлжилж ирээд гахай хийнэ. Биднийг ийн ярилцаж суухад хүүгийнх нь хоёр найз ээлжит ажлаа хийхээр ирсэн юм. Цагийг зөв боловсон өнгөрөөхөөс гадна цалингаа аваад явахаараа хэсэг алга болдог нь хүүхдийн зан гэж хэлж байгаагаас өрөөл бусдад ч зааж сургахыг зорьдог гэдэг нь илт. Хийх орчин нөхцөлийг бүрдүүлэхээс гадна зааж, зөвлөхөд хүүхдүүд хурдан хийгээд сурчихдаг гэнэ.
Тэднийг өдрийн 15 мянган төгрөгөөр цалинжуулдаг юм байна. Жилийн дөрвөн улирлыг ажралгүй жижиг, том гахайнуудыг хийдэг Д.Эрдэнэбаяр малчин хүн шиг тэнгэрийн хаяаг үргэлж ажиглаж явдаг зуршилтай болсон гэнэ. Тэр тусмаа зуны улиралд хэдэн гахайгаа “хариулахад” сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг ярьж байв. Битүү учир чингэлэгт гал түлэх боломжгүй. Тиймээс тавиурнуудаа гадаа гаргаж, салхинд хатаана. Бороо орвол гахайнуудаа хучихаас ажил эхэлнэ.
Шөнө бүтэн нойртой хонож чадахгүй хэдэн гахайгаа эргэж тойрдог тэдний ажил өглөөний 06:00 цагаас эхэлж, 02:00 цагт өндөрлөнө. Эрүүл биетэй хүн ч ажлынхаа ачааллаас болж ядарч, сульддагтай адил энэ хоёрт ч бас өвдөх, шантрах үе бий. Өрөөсөн гараа даахгүй болтлоо өвдөхөд Д.Эрдэнэбаярыг эхнэр нь аргадаж, урмын үг хэлж, хайр халамжаа харамгүй зориулж эрч хүч өгдөг гэдгийг энд дурдах хэрэгтэй. Эхнэрийнх нь бие чичирэхээс эхлээд элдэв янзын олон зовиур илэрдэг ч тэд ирээдүйн зорилгынхоо төлөө хамтын бүтээлээ өргөжүүлэхийн тулд хичээнгүйлэн ажилласаар байна.
Хөлс хүчээ дуслуулж, хийсэн бүтээлээсээ аз жаргалыг мэдэрч, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийг зорьж яваа энэ цагийн эгэл хөдөлмөрч гэр бүлээр бахархах сэтгэл төрсөн юм.
Айлын хойморт тэдний хийсэн мөнгөний гахай залардаг. Фэйсбүүкээр “Гахай хагалав” гэсэн пост хараад өөрсдийнх нь бүтээл байна гээд гэр бүлээрээ баярлана. “Хүсэл тэмүүлэлтэй бол сайхан амьдралын эхлэл тавигддаг” гэж хэлэх дуртай Д.Эрдэнэбаяр ганц гартай гээд залхуурсангүй. Хань хүүтэйгээ сайхан амьдрахын тулд хөдөлмөрийн амтанд орж, хүний хорвоод зөв амьдрахыг эрхэмлэж яваа түүнийг хийж буй үйлдэл, хэлж буй үг бүр нэгийг ухааруулж байлаа. Гэргий О.Эрдэнэтуяа нь төрөлхийн хэл, яриа сонсголын бэрхшээлтэй хазайхад тулж, хальтрахад түшдэг халамжит сайн хань, хариуцлагатай сайхан ээж гэдгийг хэсэг хугацаанд хамт байхдаа мэдэрсэн юм. Эгэл жирийн амьдралтай ч эрхлэн жаргаж яваа тэдний хэтийн зорилго гахайны агуулахтай болж, гурав дөрвөн хүнийг ажлын байраар хангаж, өрхийн бизнесээ үйлдвэрлэлийн хэмжээнд болгох гэнэ. Хийе гэвэл арга олддог гэх үгийн үнэ цэнийн эзэд эднийх аж.
Тэдэндтэй холбогдож захиалга өгөхийг хүсвэл Bondgor Gahai фэйсбүүк хаягаар болон 88644353, 91240747 утсаар холбогдоорой.
С.Ичинхорлоо