Ардчилсан нам удахгүй болох сонгуулийг угтаж гадны лобби компанитай тохиролцож хамтран ажиллахаар болсон гэрээ хэдхэн хоногийн өмнө ил болсон.
Энэ асуудлыг “Бидэнд хамаагүй” гэж Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд мэдэн, будилж байсан ч “DCI” группт захиалга өгч хамтран ажиллаж байгаа хүмүүсийг илчилсэн цахим шуудангууд ил боллоо. Эдгээр мэдээлэл нь Америкийн нэгдсэн улсын Хууль зүйн яамны албан ёсны вэб сайт дахь цахим архивын хэсэгт нээлттэй хадгалагдаж байгаа юм.
Америкт төвтэй “DCI” гэх лобби фирмийн ажилтан Райн Грилло өөрийн илгээсэн и-мейлдээ “Манай фирмийн хамтран ажиллагч Ерөнхийлөгч Баттулга” гэж бичсэн нь анхаарал татаж байна. Улмаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн үйл явдлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэж байна гэсэн худал, ташаа мэдээллийг гадны сэтгүүлчид илгээжээ. Түүнчлэн худал мэдээлэл өгөөд зогсохгүй Ерөнхийлөгчтэй шууд холбогдож ярилцах боломжийг санал болгосон нь энэ лобби фирм Х.Баттулгатай маш итгэлтэй, дотно харилцаж байгааг харуулж байгаа юм.
Уг и-мейлийг “Вашингтон пост” сонинд сурвалжлага бэлддэг Москвагийн Изабель Хуршудян гэх сэтгүүлчид илгээжээ. “Чамайг Украйн, Навальныйгийн асуудал гээд зав багатай байгааг мэдэх ч…” хэмээн и-мейлээ эхлүүлж сонирхолтой нийтлэлийн санаа гэж Монгол улсын сонгуулийн талаар ярьсан байна.
Төрийн тэргүүнээ сонгох тусгаар улсын дотоод хэрэг буюу сонгуульд гадны фирм хөлсөлж, улмаар гадны хэвлэлд улс эх орныхоо асуудлыг худал, ташаагаар мэдээлэх гэсэн энэ оролдлогыг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө захиалан зохион байгуулж байгаа нь байж боломгүй хэрэг билээ. Улс үндэстнээ дэлхийн тавцанд төлөөлж, үндэсний эв нэгдлээ хамгаалан хадгалах ёстой энэ хүн хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагаасаа эрс эсрэг үйл хэргийг өөрөө захиалж, үүндээ ч бас өндөр төлбөр зарцуулжээ.
Америкийн “DCI” фирмтэй гэрээ байгуулахдаа 50 мянган доллараар гарын үсэг зурсан бол гэрээний нэг чухал заалт “Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдан авах” гэж байна.
Үүнд хэвлэл, мэдээллээр өөрсдийн хүссэн мэдээллийг гаргах харилцааг тус фирм Захиалагчийг бүрэн төлөөлөн хийх бөгөөд 100 мянган доллар хүртэлх төлбөрийг 10 хоногийн дотор шилжүүлэх шаардлагатай гэжээ. Мөн 100 мянган доллараас дээшхи үнийн дүнтэй хэвлэл, мэдээллийн зардлыг гурав хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан байгаа нь асар өндөр төлбөрийг, түргэн шуурхай гаргаж өгч байхаар зөвшөөрчээ. Ийнхүү төлбөрөө төлж олон улсын хэвлэлээр “хүссэн дуугаа захиалан” улс, эх орноо зориудаар муухай харагдуулах үйл ажиллагаагаа гэрээгээр албажуулсан байна.
“DCI” фирм нь 1996 онд Вашингтонд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлжээ. Улс төрийн лобби, бохир кампанит ажил хийдгээрээ АНУ төдийгүй дэлхий дахинаа танигдсан компани юм. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болон кампанит ажлуудад олон удаа ажилласан байна. Тухайлбал, Доналд Трампын 2016 оны сонгуульд Кэмбриж Аналитика болон Оросуудтай хамтран ажиллажээ. Мөн Мьянмарын сонгуульд 384 мянган долларын гэрээ байгуулан ажиллаж байсан төдийгүй Мьянмарын цэргийн дэглэм тогтоогчидтой ажиллаж байсан нь Нью-Йорк Таймс, Атлантик зэрэг Америкийн томоохон хэвлэлүүдээр дуулиан тарьж байсан юм. Энэ асуудлаасаа болж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх сунгаанд Жон Мэккэйний зөвлөхөөр томилогдоод байсан “DCI”-ийн үүсгэн байгуулагч Дуг Гүүдеэр гэх хүн нь уг ажлаасаа халагдаж байв.
https://www.nytimes.com/2008/0…
Манай Ардчилсан нам болон Х.Баттулгатай холбоотой мэдээллийг “DCI” фирмийн Дэд ерөнхийлөгч Кэвин Ивэрс болон ахлах ажилтан Райн Грилло, төслийн зохицуулагч Ребэкка Невилл зэрэг хүмүүс хариуцан олон улсын хэвлэлүүдэд түгээх ажлыг хийсэн нь удаа дараагийн и-мейлүүдээс харагдлаа. Yahoo зэрэг уншигчдад танил болсон сайтууд тэдний гаргасан мэдээллийг төлбөртэй хэсэгтээ нийтэлсэн бөгөөд нийтлэлийн төгсгөлд уг мэдээллийн эх сурвалж хэмээн өөр холбоосуудыг зааж өгсөн байгаа. Тэрхүү холбоосоор нэвтэрвэл “PR Distribution” гэх төлбөртэйгээр хэвлэлийн мэдээ түгээдэг агентлагийн вэб сайт бий. Улмаар “Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилал, бүрэн эрхэт байдлаа хамгаалах яаралтай алхам хийлээ” гэх гарчигтай хэвлэлийн мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргуулсан төдийгүй харилцах хэсэгт Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн алба гэдгийг бичсэн байна. Мөн “Энэхүү хэвлэлийн мэдээ нь захиалагчийн бэлтгэсэн нийтлэл бөгөөд агуулгын хувьд “PR Distribution” болон үүнийг нийтэлсэн бусад редакцын агуулгатай хамааралгүй болно” гэсэн тайлбар бичжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас түгээж буй энэ нийтлэлийн агуулга нь дээр дурьдсанчлан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг илтэд гуйвуулсан, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэхчлэн мушгин, худал мэдээлэл дурьдсан, Монгол Улсын ардчилал, бүрэн эрхэт байдал онцгой аюулд учирсан зэрэг хуурамч айдас төрүүлсэн өнгө аястай байгаа юм. Энэ бол олон нийтийг түгшээх, нийтийг үймүүлэх зорилгоор зориуд бэлтгэсэн гэдэг нь илт харагдаж байна. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба нь өөрөө мэдээллийг мушгин гуйвуулж, олон улсад худал мэдээлэл бэлтгэн түгээдэг газар болсон нь ард түмний өгсөн итгэлийг уландаа гишгэсэн хэрэг. Түүнчлэн ардчилал, бүрэн эрхэт байдал ауюлд орсныг аврах хүн нь Х.Баттулга бөгөөд түүнийг 1990 онд Зөвлөлтийн систем задран унасны дараа тайван замаар ардчиллыг авчрах үйл хэрэгт оролцсон МоАХ-ын үүсгэн байгуулагч, Ардчилсан намын шанг татсан, бараг 20 жил парламентад ажилласан гэхчлэн аврагчийн дүрээр хөөргөдөн сайшаажээ.
Гэвч Х.Баттулга олон улсын хэвлэлүүдэд энэ мэтчилэн улсынхаа нөхцөл байдлыг муутган харагдуулах оролдлогыг гадны байгууллагатай хамтран зохион байгуулж, өндөр үнэ төлбөр тохирсон нь дээрх баримтуудаар харагдаж байгаа юм. Мөн ил болсон и-мейлийн төгсгөлд “Энэхүү материалыг Монголын Ардчилсан намыг төлөөлж “DCI” фирм түгээж байна” гэдгийг байнга тодотгон бичсэн нь бий. Дэлхийд нэр хүндтэй хэвлэл, мэдээллийн байгууллагуудад худал, ташаа мэдээлэл түгээх, дурын сэтгүүлчтэй шууд харилцаж сэдэв санал болгох, төлбөр мөнгө төлнө гэдэг тийм ч амар ажил биш. Тиймдээ ч Вашингтонд төвтэй лобби фирмтэй хамтарч, тэдгээр нь төлбөртэйгээр хэвлэлийн мэдээ түгээдэг компани олж улмаар уншигчдын итгэлийг алдсан, найдваргүй сайтуудад мэдээ байршуулжээ. Гэвч улсынхаа дотоод асуудлыг төлөөлөн түгээх эрхийг тэд бохир лобби хийдэг гадны фирмэд ийнхүү даатган өгсөн нь өөрөө манай улсын ардчилал, бүрэн эрхэт байдалд нөлөөлсөн хэрэг юм.