2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх боломжтой учраас одоогоор тус намууд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд өрнөж буй.

Ялангуяа Та бидний эвслээс сонгогдсон МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэр яригдаж байсан юм. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай эвсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр МАХН-аас гарч байгаагаа мэдэгдэж, намын батлахаа буцаан өгчээ.
Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар “Би МАХН-ын эсрэг нэг ч байр суурь илэрхийлээгүй. Харин МАН мөрөөрөө явж байгаа улс төрийн хүчнийг тайван орхиоч л гэж хэлж байгаа. Би ард түмэндээ, эрдэнэтчүүддээ, МАХН-даа үргэлж хүндэтгэлтэй ханддаг. Эрдэнэтчүүд намайг Та бидний эвслийг төлөөлж 2024 он хүртэл ажиллах үүрэг өгсний дагуу ажиллана. Би Монгол Улсын Ерөнхийлөгч нэг л өдөр болно. Та бидний эвсэл С.Ганбаатарыг өрсөлдүүлэх эсэхийг шийднэ” гэсэн тайлбар өгч байв.
Ийнхүү МАХН УИХ-д суудалгүй боллоо.

