Амьдралын үнэн алганы чинь хонхорт, атгахан зүрхний чинь ховдолд дуусдаг юм шүү.
За яг үнэндээ эрхи барьсан лам, эрээн булчингаа зангируулсан бөх, элдэвт мэргэнээ гайхуулсан их мэдэгчдээс чинь илүү эмч сувилагч, эмнэлгийн байгууллагаа түшиж, ард нь атгасан гар шиг нягтарч байж цар тахлын цаана гарна шүү.
Гадныхан эмч сувилагчдынхаа зураг бичлэгийг тавиад урмаар тэтгээд, ухаарлаар ерөөгөөд, чухам эвийн сэтгэлээр эвлэлдэн зүтгэж байхад манайхан болж өгвөл хойд захын хар овоохой болгочих санаатай, бичлэг хийж олон нийтийн сүлжээнд цацна гэж айлгасан улс.
Өөр аль ч улсад байхгүй асар хүнд нөхцөл, сэтгэлзүйн дарамтанд тэд маань ажиллаж байна. Энэ хэцүү цагт байтугай энгийн үед ч онцгой байдал, цагдаа, эмч, сувилагчдадаа л ялархана, ямбаа үүрүүлнэ. Гэр бүлийн хэрүүл, гэдэс базалсны зовиураа үгийн хатуу, үйлдлийн гажуудлаар тэдэнд л гаргана. Ядаж байхад энэ хэдийг маань хамгаалдаг хуулийн зүйл заалт байхгүйтэй адил. Банкинд дугаарлахдаа номхордог омог нь байдгаараа өвдөөд эмнэлэгт очихоороо гэнэт бадарна. Гэхдээ байна аа, ажил мэргэжил, амьдралын төвшнөөс үл шалтгаалан хүн эхлээд хүн л байх учиртай юм, уг амьдран буй оршихуй маань хүний нийгэм. Тийм байтал хэлсэн үг нь шидсэн хутга шиг хүний зүрх сэтгэлийг шархлуулж, хэдхэн алхмын цаана тосч буй ангал руу түлхдэг гэдгийг яагаад боддоггүй юм бэ.
Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургадугаар давхраас унаж нас барсан сувилагч руу гэхэд хэдхэн хоногийн өмнө нэг өвчтөн нь юм шидэн хашгичиж байсан тухай хэвлэлүүд цухуйлгаад эхэлжээ. Хүний төлөө өвдсөн юм уу, гэртээ байхгүй яасан юм. Албатай юм шиг өвдөж эмнэлэгт оччихоод, цагаан нөмрөгтнүүдэд цадиггүй авир гаргаж байдаг тэд яг хэн бэ, хаан уу, заан уу? Өвчтөнүүдийг эмчилж, халдварын голомтонд ажиллаж буй эмч, сувилагч нар 14 хоног харьдаггүй. Ээлжнээсээ буугаад дахиад долоо хоног тусгаарлагдаж байж гэрийн бараа хардаг. Ачаалал нэмэгдсэнээс болоод гэртээ харьж амжилгүй буцаад дайчлагдах энүүхэнд.
Амжаад арай гэж харьтал өвчтөнөөсөө өөдгүй вирус тээж, гэр бүлийнхнийгээ хохироох энүүхэнд. Шуудхан хэлэхэд идэх хоол, уух ундаагаа зөв сонгож чадахгүй гахай нохой болтлоо баастай гүзээгээ чирч өвчинд баригдчихаад, явах газар, суух суудлаа онохгүй дэлгүүр захаар дэмийртлээ тэнэцгээчихээд, албатай юм шиг өвчин чирч, халдвар тээчихээд бөөн уур уцаар болчихсон эмнэлэгт очиж байгаа хүн цөөнгүй.
Тэгээд эмнэлэгийн үүдээр ормогцоо эрүүл бус авир гаргана, эмч, сувилагч руугаа хашгична, дайрна. Эмнэлэг ямар хувийн хашаа хороо нь юм уу. Эмч, сувилагч нар ямар чулуугаар шиддэг нохой нь юм уу? Хүн хүнээ л түшиж туулдаг хорвоо шүү. Хүйтэн хандлага чинь хэн нэгэнд үхэл авчирч болно гэдгийг хаа хаанаа, халуун зүрхтэй бүхэн санаж явмаар байна. Хүн хүнээ түшихгүй тэгээд хүйтэн хана налаад туулж болдог хорвоо юм уу? Юу дуртайгаа хашгирч, хэн дуртайгаа доромжлоод хаана хүрч, хэний энгэрийг түших гээ вэ? Цагаан нөмрөгт бурхадаа хайрлаж, үгээр тэтгэж, үйлдлээр урамшуулж, хайраар нөмөрлөж байж л энэ муухай халдварын ард хамтдаа гарна. Өөр гарц үгүй.
Эгэлхэн энэ дэлхий дээр эхээс унахад чинь эмчийн гар тосч, сувилагчийн сэтгэл угтдаг, эндээс буцахад чинь эцсийн мөчид тэд л хажууд чинь байдаг гэдгийг бүү март. Амьдралын үнэн алганы чинь хонхорт, атгахан зүрхний чинь ховдолд дуусдаг юм шүү.
Эмүжин