Өвөрмөц имиж, үс зүс, өнгө донж болсон тэр л төрхөөрөө олны харцыг эрхгүй татна. Урлагийг, уран бүтээлчийн сэтгэлгээг дүр төрхөөрөө илэрхийлсэн ч байж магад. Түүний гадаад имиж дүр төрх нь өвөрмөц ч, дотоод ертөнц нь илүү өвөрмөц.
Төрийн шагналт зураач С.Саранцацралт “Амьдрал дэндүү богинохон. Хийх ажил зөндөө байхад тэгж цаг үрээд яах юм бэ” хэмээн ярьдаг энэ бүсгүйн дотоод ертөнц тун сонирхолтой.
Тэрбээр шөнө ердөө хоёр цаг хагас унтдаг гэсэн. Олон жил бясалгал хийсний үр дүнд нойроо ийн зохицуулж чаддаг болжээ. С.Саранцацралт “Яг сексийн үед л би өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг” хэмээн ярьсан удаатай.
Тэр 1960 онд Улаанбаатар хотод Сэр-Од, Сувд нарын гэрт төрсөн. Айлын ганц охин. Түүний ээж, аав нь насаараа МИАТ-д ажилласан. Айлын ганц охин байсандаа ч тэр үү, их дур зоргоороо өссөн гэдэг. Тэрбээр “хэзээ ч надад ямар нэгэн юман дээр хориг тавьж байгаагүй. Би өөрийнхөөрөө л байдаг байсан. Тэглээ гээд надад буруудсан юм байхгүй” хэмээн ярьсан удаатай.
Түүнийг тавдугаар ангид байхад ээж, аав нь оймсон түрийтэй 600 төгрөгний гутал авч өгсөн гэдэг. Гутлаа өмсөөд сургууль дээрээ очсон чинь анги, сургуулиас нь уурлаад түүний гутлыг хурааж авч байсан хөгжилтэй дурсамж байдаг аж.
С.Саранцацаралт багаасаа л чихэрт нугасгүй дуртай байв. Бяцхан охины өрөөнд баавгайтай чихэр, 48-ын чихэр байнга байна. Ёстой л чихрэн дунд өссөн гэлтэй.
Тэрбээр багаасаа л зураач болохыг мөрөөддөг байжээ. Багын мөрөөдөл, сонголтондоо нэг ч удаа эргэлзэж байгаагүй. Урлагийн төлөө өөрийгөө зориулсаар, урлагийн хүн болж чадсан. “Багадаа би юмны араар их орж нуугддаг. Тийм л хүүхэд байсан. Би айлын ганц охин л доо. Тэгээд нэг тийм гадаа тоглодоггүй. Зураач болно гэдэг… Тэр бол цаанаасаа миний урьд төрөлд зураач хүн байсан юм шиг байна лээ. Тэр хүний ажлыг үргэлжлүүлж байгаа гэж би боддог. Түүнээс биш би яг “энэ зургийн мэргэжлийг ингэж эзэмшээд, энүүгээрээ би амьдраад” гэсэн бодол хэзээ ч надад байгаагүй. Хоёр, гурван настайгаасаа эхлээд л зурж байсан” хэмээн ярьж байлаа.
Түүнийг Монголын зураач эмэгтэй уран бүтээлчдээс бие даасан үзэсгэлэнгээ гаргах салхийг хагалсан гэдэг. С.Саранцацралт гэх энэ л эмэгтэй жирийн нэг зураач биш, уран бүтээлүүд нь зураачийн дотоод сэтгэлийн илэрхийлэл байж чаддаг төдийгүй үргэлж шинийг нээж бусдыг сэрээж байдаг билээ.
Тэрбээр жинхэнэ байгалиас заяагдмал авьяастан. Өөрийнхөө их авьяас билгийн тухай “Авьяас байгалийн өгөгдөхүүн, хүн төрөлхтний амьдралыг утга, уянга болгох, бурхнаас илгээсэн асар том бэлэг. Заяасан тэр зүйлийг хөдөлмөрөөр тордож, зөвхөн өөрөө эзэмших бус, бусдад хүртээх хэрэгтэй” хэмээн нэгэнтээ ярьсан удаатай.
С.Саранцацралтын гурван том бүтээл Уран зургийн галерейд гал гарах үеэр шатаж үгүй болсон юм. Хамгийн өндөр үнэ хүрч байсан нь бүтээл Германд зарагдаж байсан бөгөөд 15000 доллар хүрч байлаа. Дараа нь Японд 9000 ам.доллар хүрч байсан гэдэг.
“Монгол эх”, “Элэнц хуланцын дурсамж” уран баримал, “Жонон хонгор”, “Арга билиг” бүтээл, “Баадантай юм” үзэсгэлэнгээр толилуулсан бүтээлүүдээр нь түүнийг төр үнэлж 2005 онд Төрийн шагнал хүртээсэн.