Өдгөө 43 нас хүрч буй Соёлын тэргүүний ажилтан, хийлч Ч.Дэлгэрцэцэг төрсөн өдрөө гэр бүлийн хүрээнд тэмдэглэжээ. Тэрээр өмнөх жилүүдэд төрсөн өдрийн баяраараа хүлээн авалт зохион байгуулж нижгэр тэмдэглэдэг байсан энэ жил короновирусын улмаас цомхон хийсэн байна.
Хийлч бүсгүй 40 насны төрсөн өдрөөрөө төрсөн аавынхаа тухай мэдэж, гэнэтхэн гурван ах, гурван эгчтэй болсон тухайгаа “Халамцуу Яриа” нэвтрүүлэгт орохдоо ярьсан байдаг. Тэрээр “Би аавтай өсөөгүй. Аавын тухай хүмүүс ярихаар сэтгэлд хоосон орон зай үүсдэг байсан. Харин 40 насны төрсөн өдрөөрөө төрсөн аавынхаа хүүхдүүдтэй уулзсан. Би аавынхаа хожуу учирсан хайрынх нь үр шим байсан юм билээ. Аавын минь 100 насны ойг угтаж хүүхдүүд нь өөрсдөө намайг хайж ирсэн. Би гэнэтхэн 3 ах, 3 эгчтэй болсон. Миний аав Дундговь аймгийн алдартан сэхээтнүүдийн нэг байсан гэдгийг мэдэж авсан. Тэр хүний генийг өвлөн явж байгаа өөрөөрөө бахархах шиг болсон” гэжээ.
Эмэгтэй хүний хувьд 43 нас гэдэг гоо сайхан нь ид цогцолсон, эрч хүчээр дүүрэн, амьдралын амтыг жинхэнэ утгаар нь мэдрэх үе гэдгийг хийлч бүсгүйд найз нөхөд нь сануулж, үнэтэй брэндийн бэлгээр баярлуулсан байна.