Монголын хамгийн том бизнесийн групп болох MSC группын дэд Ерөнхийлөгч Д.Энхтүшинг танихгүй хүн ховор. Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа эрч хүчээ хэрхэн сэргээдэг тухайгаа хүүрнэжээ. Хамгийн сонирхолтой нь загнуулчихаар сэргээд ирдэг хүн гэнэ шүү.
Энэ тухайгаа “Хүн бодол дотроо бодит байдлаас их зовж зүдэрдэг” гэж Сенека хэлсэн байдаг. Бодолдоо хэт зүдэрч явахад газардуулах, байранд нь тавих шүүмж хүч оруулдаг. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг. Эхнэртээ хааяа загнуулахаар хийморь сэргээд л явчихдаг.
Бас яг нойр хүрсэн үедээ унтахаар их сайхан сэргэдэг. Тархины алжаалыг мөн хөлс сайн тайлдаг санагдсан. Үүнийг би хүүгийнхээ жишээнээс анзаарсан шүү. Хүү маань сургуулийнхаа хөлбөмбөгийн багт тоглодог. Улирлын тоглолт нь үргэлжилж байх үед ямар ч ачаалалтай байсан хөнгөн, сэргэлэн яваад мөртлөө байдаг улирал нь дуусан үед нэг л түүртсэн ядарсан байдалтай болчихдог байсан. Би нэг их гавьтай биш ч янз бүрийн спорт сонирхож үзээд л байна. Хөл хорионоос өмнө долоо хоногт 2 удаа сагс тоглож, бокс, талбайн теннис заалгаж байсан. Өмнө нь Сингапурт байхдаа триатлонд орж байлаа. Энэ жил триатлонд орох санаа байгаа.
Мөн хүний энерги огт алга болдоггүй юм шиг байгаа юм. Хэчнээн ядарсан байлаа ч үнэхээр дуртай юмандаа хүний энерги ундраад л ирдэг. Тэгэхээр дуртай зүйл, хоббитой байж, дандаа ажил гэхгүй түүндээ цаг зарж байх нь чухал гэж боддог” гэжээ.