Монголын улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг ала х захиалга өгч болзошгүй байна.
Захиалга гүйцэтгэгч этгээд нь нэр дэвшигч С.Эрдэнэ рүү утсаар ярьж дарамталсан, хутга барьж дайрсан гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор С.Эрдэнэ Төрийн тусгай хамгаалалтад орох хүсэлтээ өгсөн тул хүсэлтийг нь хүлээн авсан сурагтай.
Ирэх зургадугаар сард Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч сонгогдоно. Тус сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ, ХҮН-аас Б.Энхбат нар нэр дэвшихээр болоод буй.
Г.Батбаяр: Төрийн тусгай хамгаалалтад байгаа нэр дэвшигчийн амь нас эрүүл мэндийг хохироох гэсэн айлган сүрдүүлэлт, заналхийлэл удаа дараа ирж байна
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн бие төлөөлөгч Г.Батбаяраас болсон үйл явдлыг тодрууллаа.
–Урьд шөнө нэр дэвшигч С.Эрдэнийн амь нас, эрүүл мэндийг хохироохыг завдсан гэх мэдээлэл байна. Чухам юу болсон юм бэ?
“Эрүүгийн хуулийн 19.3-т Төри нийгмийн зүтгэлтний амь насанд халдах, 13.5.1-т заналхийлэх, бусдын амь нас эрүүл мэндэд тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж сүрдүүлэх энэ нотолгоог бодитойгоор хэрэгжиж байна гэж үзэж. 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс эхлээд буюу нэр дэвшигчээр бүртгүүлэх баримтаа өгснөөс эхлээд, нэр дэвшигчийн амь нас, эрүүл мэндэд халдах заналхийлэн сүрдүүлэх асуудал ерөөсөө тасраагүй байна. Ингээд тавдугаар сарын 8-наас эхлээд СЕХ–нд нэр дэвшигчийг бүртгэж авснаар Төрийн тусгай хамгаалалтын дөрөвдүгээр зэргээр нэр дэвшигчийг хамгаалалтдаа авсан. Дөрөвдүгээр зэргийн хамгаалалтад байгааг мэдсээр байж янз бүрийн халдлага, довтолгоог хийж ирсэн.
Өчигдөр шөнийн 02-05 цаг хүртэл үргэлжилсэн үйлдэлд 40-50 удаа гар утсаар заналхийлж, “Чи хаана байна, одоохон очоод бусинуудаад өгье. Амь насыг чинь хөнөөнө. Хэрэв нэр дэвшихээ боливол тайван орхиё” гэх мэтээр тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардсан байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ халдлага үйлдэхээр бэлтгэсэн байж болзошгүй зүйл боллоо. Энэ асуудлаар бид Төрийн тусгай хамгаалалтын газар луу хандаж, үүгээр дамжуулж цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас 99113020 гэдэг дугаарт ямар хүн байдаг, ямар хүн сүрдүүлээд байгааг олох байх. Утасны цаанаас хоёр хүн хоорондоо хутга шөвгөө чи авсан, би авсан гэх мэтээр ярилцаж, ямар санаа зорилготойгоор ингээд байгааг бид мэдэхгүй байна. Иймэрхүү зүйлүүд тодорхой болсон. Ер нь бол сонгуулийн үйл ажиллагаанд оролцоход маш хүндрэлтэй, халдлага дайралтууд ерөөсөө тасрахаа больсон юм байна гэдэг энэ баримттай бодит болсон зүйлээс тодорхой харагдаж байна.
–Заналхийлээд байгаа 99113020 дугаарын эзнийг олж тогтоосон уу?
–Үүнийг шалгах эрх бүхий цагдаагийн байгууллага нь тогтоох байх. Өөрсдийн сангаас шүүгээд хэн болох, ямар учраас ингээд байгааг нь олж тогтоогоод хууль хяналтын байгууллага руу шилжүүлэх байх. Төрийн тусгай хамгаалалтад байгаа объект руу ингэж довтолсныг иймэрхүү зүйл болж л байдаг гээд хайнга орхих юм уу, эсхүл хүний амь насыг хөнөөхийг завдсан буюу төгсөөгүй завдалд гээд хэрэг үүсгэх эсэх нь хууль сахиулагч нарын ажил үүрэг юм.