“Үл таних эмэгтэй”, “Улаан пальто”, “Ар хударга” зэрэг кинонд тоглож хэдийнэ үзэгчдийн танил болсон жүжигчин, СТА О.Долгорыг танихгүй хүн ховор. Сүүлийн үед уран бүтээлээс хөндийрөөд байгаа тэрээр багаасаа ном уншиж номын тэмдэглэл хөтлөх дуртай байжээ.
Одоог хүртэл тэр дадлаа орхиогүй бөгөөд ажлынхаа завсар зайгаар Дейл Карнегийн цувралуудаас дахин уншжээ.
Бага насныхаа тухай дурсахдаа “Бага байхдаа картын бараанд дугаарладаг, дүүгээ хардаг, гэрээ орноо цэгцэлдэг айлын том хүүхэд байлаа. Тэр үед угаалгын машинтай айл ч ховор байж. Дүү нарынхаа баахан хувцас угаадаг сан, хажуугаар нь бас хичээлээ хийнэ. Одоогийнх шиг сошиал гэх мэт сатаарах зүйл байгаагүй учраас их л завгүй өнгөрсөн. Тэр бүх ажлаа амжуулаад орой бушуухан шиг орондоо ороод зохиол шиг үргэлжлүүлэн бодож мөрөөдөх дуртай хүүхэд байж билээ.
Урлагийн хүн болно гэсэн мөрөөдөл надад байгаагүй. Харин хувь хүний хувьд ийм тийм хүн болно гэсэн бодлууд минь бүгд биелэлээ олсон. Намайг цаанаас хувь тавилан харж ерөөжээ гэж боддог. Зарим зүйлс өмнө нь тохиолдож байсан юм шиг мэдрэмж төрдөг дөө. Надад төрсөн тийм мэдрэмжүүд минь мөрөөдөж байсан зүйлсийн маань нэг хэсэг, биелэл нь байдаг” гэжээ.