ХҮЧТЭНИЙ ДЭРГЭД ХҮЧГҮЙ БУРУУТАЙ ЮУ?
Батлан хамгаалах Зэвсэгт хүчний хэмжээнд гарсан ноцтой осол, гэмтэл гэмт хэрэг зөрчлийн улмаас хүний амь нас үрэгдсэн тохиолдол бүрт ЗХЖШ-ын удирдлагын зүгээс дээрх хэрэг зөрчилд холбогдсон алба хаагчиддаа сахилгын арга хэмжээ авч байна.
Авах нэг хэрэг гэхдээ дурдсан хэрэг зөрчилд тухайн алба хаагчид яг холбоотой эсэхийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдэж гэм буруутайг нь тогтоосны дараа л шийтгэдэг баймаарсан.
Саяхан хугацаат цэргийн нэгэн байлдагч алба хааж байгаа ангийнхаа офицерт зодуулан амиа алдсантай холбогдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар тэр ангийн тухайн өдрийн томилгоот жижүүр манаанд гарч байсан бүх хүнийг цэргийн албанаас халсан сурагтай.
Өнгөрсөн оны сүүлчээр Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хэдэн ахлагч нар ажлын бус цагаар ангийнхаа байрлалаас гадуур архи ууж нэгнийхээ машинд сууж явцгааж байгаад осолдож орж нэг нь амиа алдсан явдал болсон.Мөн саяхан сарын өмнө Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дугаар ангийн хэдэн ахлагч нар нэгнийхээ гэрт хамт архи ууж гэртээ үлдсэн ахлагч нь учир битүүлэг байдлаар нас барсан. Мөн сая ердөө 350 дугаар ангийн ахлагч нар нэгэн орон сууцанд бусадтай зодолдсон бичлэг сошиал сүлжээнд тавигдсан байсан.Тэдний бас халах сурагтай. Тэгвэл дөнгөж саяхан өнгөрөгч 032 дугаар ангийн ахлагч нар архидсаны улмаас нэг нь нас барсан хэрэг гарлаа.Бодвол бас амар хялбараар нь халах байх.
Хэдэн жилийн өмнө 300 айлын албан тушаалын орон сууц барих төсвийн 10 тэрбум төгрөгийг завшсан хэргээр БХЯ-ны нэгэн газрын дарга нэг хурандаа 3 жил шахуу шалгагдаж байхад түүнийг албан тушаалаас нь хуулиа барьж түдгэлзүүлж байсан. Гэм буруутай нотлогдоогүй тул буцаад ажилдаа орсон тэрээр. Тэр хэрэг ч мартагдаж мань хурандаа хамт үгсэж үйлдсэн хамсаатнуудтайгаа уснаас хуурай гарч гэмгүй царайлан ажлаа хийсээр л байна. Төсвийн 10 тэрбум төгрөг газарт шингэж тэнгэрт ууршаагүй байлтай.
Өгүүлж байгаа дээрх хүнйи амь үрэгдсэн гэмт хэрэг осол зөрчилд шууд болон шууд бусаар хамааралтай цэргийн алба хаагчдын албанаас нь халж байгаа нь нэг талаасаа сахилга дэг журмыг бэхжүүлж байгаа мэт боловч нөгөө талаасаа хэт хатуурхаж анги, салбарын офицер, ахлагч нарыг болохоор илэрхий доорд үзэн ялгаварлан гадуурхаж ажлаас нь халж хүний амьдралыг золиосонд гаргасан хүнлэг бус үйлдэл мөн. Тэд чинь бас хүн ардаа амьдралтай тул юугаараа яаж амьдрах болж байна вэ?!. Өнөөдөр банкнаас ипотекийн болон цалингийн зээлгүй хүн үгүй. Худлаа чухал царайлж хариуцлага тооцсон хүн болж чухал царайлж шийдвэр гаргаж байхдаа тэдний амьдралд юу болохыг төсөөлж үзсэн үү?! Ажил орлогогүй болсон тэд гэр бүлдээ ад үзэгдэн ийм байдалд оруулсан дарга захирагч нартаа өсөрхөж хонзогноно, адаглаад.
Төрийн албаны тухай хууль, Цэргийн албаны хуулинд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон болон цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн тохиолдолд л халахаар тус тус заасан байдаг.
Бодвол архи уусан байсныг үндэслэж гол шалтаг болгож халсан байх. Хэдэн жилийн төрийн яаманд төрийн албан хаагчид архидан согтуурсны улмаас хүний амь нас үрэгдсэн гэмт хэрэг гарсантай холбогдон ажлын байран дээр архидан согтууруулах ундаа хэрэглэсан, цэргийн дүрэмт хувцастай архи уусан хүнийг шууд халахаар заасан Засгийн газрын тогтоол, түүний утга агуулгыг тоть лугаа давтаж гаргасан Батлан хамгаалахын сайдын тушаалаа үндэслэж дээрх ангиудын офицер ахлагч нарыг халсан бололтой.
Төрийн албаны болон цэргийн албаны хуулиудаа бус тэдгээр хуулиас илүү дээгүүр заалт бүхий Засгийн газрын тогтоол, салбарын сайдын тушаалаар хүний аж амьдралыг тоглож болохгүй байх аа.
Үндсэн хуулинд хүн бүхэн хуулийн өмнө эрх тэгш байхаар заасан юмсан уг нь. Гэвч БХЯ, ЗХЖШ-ын эрхэм генерал хурандаа нарт тэр үйлчилдэггүй бололтой.Ж.Орвелийн “Амьтдын ферм” өгүүлэл Амьтан бүхэн тэгш эрхтэй, тэр дундаа гахай бүр илүү эрхтэй гэж бичсэн байдаг шиг БХЯ, ЗХЖШ-ын дарга нар хууль зөрчөөд хариуцлага хүлээхгүй байж таарахгүй.Харин ч томилсон Засгийн газрынхаа тогтоол, сайдынхаа тушаалыг уландаа гишгэж ажлын байран дээрээ архидан согтуурдаг хүмүүс гэвэл БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд мөн.
Ажлын байран дээр архи уусан хэлтсийн дарга, хурандаа яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга, архи уучихаад ажлын байр саваар тэнэж явсан ахлах мэргэжилтин бас нэг хурандаа ТЗУГ-ын дарга болчихсон дэвшсэн нь нөгөө хууль дүрэм хаана хэнд яаж үйлчилдэгийн жишээ.
БХЯ-нхан ажил дээрээ үе үе архиддаг ялангуяа дарга нар нь.
ЗХЖШ-ын газрын орлогч дарга, ХЗЦ-ийн командлалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа архи уудаг байсан хурандаа өнөөдөр нэгдүгээр орлогч даргаар ажиллаж Зэвсэгт хүчний Сахилга дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьчилан сэргийлэх зөвлөлийн дарга болчихсон цогиж явна.
БХЯ, ЗХЖШ-ын хурандаа нар ажлын байран дээрээ архидан согтуурах явдал байнга биш ч үе үе гарч л байх юм. Өнгөрсөн өвөл ЗХЖШ-ын санхүүгийн хэлтсийн нэгэн хурандаа биеэ аваад авч чадахгүй согтож коридорт бөөлжтлөө архи уусан. Мөн нэг хэлтсийн дарга хурандаа архи уучихаад тухайн өдрийн жижүүрт гарч байсан офицерт томорсон.
Өнгөрсөн жил ажлын байран дээрээ архидаад согтуу гарч явсан БХЯ-ны нэг газрын дарга хурандаа өнөөдөр гадаадад дипломат албанд НҮБ-д суугаа манай улсын төлөөлөгчийн газарт томилогдчихсон.
ЗХЖШ-ын хуучин хоёр орлогч нь үе үе архи ууж нэг нь бүр хүнээр түшүүлж машиндаа сууж байсан. Тэд өнөөдөр гадаадад цэргийн атташегаар ажиллаж байна.
БХЯ-ны дарга сайд нар өөрсдөө үе үе Офицеруудын ордон дээрээ УИХ-ын гишүүд болон гадаадын цэргийн атташе нарыг оролцуулсан хүлээн авалт болон тэтгэвэрт гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулдаг нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төрийн байгууллагад согтууруулах ундаа хэрэглэх, түүгээр үйлчлэхийг хориглосон заалтуудыг санаатайгаар зөрчсөн үйлдэл мөн.
Саяхан болж өнгөрсөн ОХУ-тай хамтарсан цахимд хуралд оролцсон ЗХЖШ-ын нэгэн газрын дарга генералын дотор нь эвгүйрэхэд уг хуралд оролцсон нэг ангийн захирагч жолоочоороо машинаасаа архи авчруулж генералынхаа доторыг засч байх шиг.Юун ч бэлэн архитай явдаг юм, машиндаа.
Цэргийн албаны тухай хуулинд Цэргийн алба хаагчийг ангийн байрлал, эсхүл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцахыг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцохоор заасан байдаг. Мөн хуулинд цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог.
Жил бүрийн намар , өвөл болдог Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтын үеэр түүнд оролцсон ангийн захирагч нар ажлын бус цагаар албан тушаал дэвшиж захирагч болсон нэгнийгээ тангараг өргүүлж байгаа нэрээр баар ресторанд дүрэмт хувцастайгаа архиддаг.Хэрвээ хууль үйлчилдэг бол тэдэнд бас хариуцлага тооцмоор юмсанж.
Харамсалтай нь тэдэнтэй ямар арга хэмжээ авдаггүй хирнээ ажлын бус цагаар ангийн байрлалаас гадна гэртээ архи уусан ахлагч нарыг архи уулаа гэж ажлаас нь хална гэдэг бол хэтэрхий тэгш бус шударга бус явдал мөн.
“Тунгалаг Тамир” роман дээр Эрдэнэд хандаж Дулмаа юу гэж хэлдэг билээ? Өөрийнхөө эхнэрийг захирч байгаад намайг захираарай. Эхнэрээ Итгэлттэй завхайраад байхад нvд балай, чихэн дvлий болоод сууж байдаг мөртлөө миний явдалд оролцоно гэнээ. Аядвал дээр байхаа гэж хэлдэг.Түүн лүгээ хажууд чинь суугаа генерал хурандаа нар нь хамар дор чинь архидаж байхад тэдэнтэйгээ хариуцлага тооцож чадахгүй анги салбарын муусайн офицер ахлагч нарын амьдралаар тоглоод яах вэ дээ.Улам л гомдож үзэн ядаж жигшиж зэвүүцэн өс хонзон санахад л хүргэнэ.
Дорнод болон Баянхонгор аймгууд дахь цэргийн ангиудад амиа алдсан ахлагч нарын үхэлд хамт байсан ахлагч нарын буруутай эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж дуусаагүй байхад ахлагч болохоор дээрэлхэж дорд үзэн ажил амьдралаар нь тоглосон.
Хүргээд өгөх унаатай, түшээд оруулах жолоочтой дүрэмт хувцастайгаа архидсан согтуу генерал хурандаа нарт хууль үйлчлэхгүй байж таарахгүй.Тэд хүний нүдэнд өртөхгүй ч түмний нүд хардаг шүү.
Хуучны нэгэн кинон дээр дээлнийхээ нударгаа уруулсандаа хорссон залуу “Хувьсгалч хүний гар даарах ёсгүй бол таных бас даарах ёсгүй” гээд зохион байгуулж байгаа этгээдийн бээлийг булааж аваад гал руу шиддэг. Түүн лүгээ цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон дүрэмт хувцастай архи уух ёсгүй бол генерал хурандаа бас архи уух ёсгүй.
Ангийн байрлалаас гадна ажлын бус цагаар гэртээ байхдаа юугаа идэж уух эсэх нь хүний эрх.