“Зориг бүхнийг дийлнэ” хэмээн хэлэх дуртай, ерөнхийдөө тийм л загварын хүн гэж өөрийгөө хэлдэг Асашёорюү Д.Дагвадорж агнуур хийж яваа бололтой.
Багаасаа сумо бөхөөр хичээллэсэн Монгол хүү, дэлхийн дэвжээнд гартлаа алдаршив. Тэрбээр Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд нийт 25 удаа түрүүлж, 669 ялалт байгуулснаар 2003 онд буюу 23-хан насандаа “Ёкозүно” цолонд хүрч 68 дахь Их аварга болсон билээ. Дагваа аварга эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртэж, сумогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдсэн амжилтыг үзүүлж чадсан.
Ийнхүү түүнд гарамгай барилдааны шагнал гурав, дайчин барилдааны шагнал нэг удаа тус тус олгосон бол Монголын төр түүнийг үнэлж Монгол Улсын Гавъяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар цол олгосон билээ.
Мөнгөтэй, төгрөгтэй л болсон хойно бизнесийн карьер хөөх сонирхол хэнд ч байдаг нь лавтай. Харин түүнийг улстөрийн карьер хөөж улс төрд орох болов уу гэж зарим хүмүүс хардаг. Олны танил, нэртэй цуутай хүмүүс улстөрд амархаан гэгч нь ороод ирдэг олон жишээ манайд бий. Түүний ах гэхэд л яалаа даа одоо нийслэл хотын дарга болсон. Д.Дагвадорж аварга улс төрийн намуудаас санал ирсэн ч хүлээж аваагүй гээд байдаг л даа.
Тэрбээр “Би Их Хуралд ороод дөрвөн жил тэнд юу хийх юм бэ. Би харин хөрсөн дээрээ буумаар байна. Энэ улстөрчид ард түмэн, ард түмэн гээд л тархийг нь угаагаад байх юм. Би ч гэсэн ард түмний нэг хэлтэрхий биз дээ. Би ингэж тархиа угаалгамааргүй байна” хэмээн нэгэнтээ ярьсан байдаг