Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Ц.Дэлгэрсайхан, А.Гэрэлцэцэг нар Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор энгэрээ мялаажээ.
Энэ талаар тус хамтлагийн гишүүн МУГЖ М.Баярмагнай олон нийтэд мэдэгдэж, хоёр хамтрагчдаа баяр хүргэжээ.
Жүжигчин Ц.Дэлгэрсайхан Говь-Алтай аймагт төрсөн бөгөөд Партизаны сангийн аж ахуйд 10 жилийн сургуулиа төгсөж 2003 онд КУДС төгссөн.
Жүжигчин А.Гэрэлцэцэг багын л урлаг соёл гэж гүйдэг хүүхэд байсан гэдэг. Араваа төгсөхдөө Гэрэлээгийн ангийнхан “Сургуулиа төгсөж байгаа юм чинь энэ жилийн урлагийн үзлэгт тэргүүн байрыг нь авна шүү.
СУИС-аас жүжигчний ангийн гурван хүүхэд авч байгаа. Сайн бэлтгэнэ шүү” гээд их ач холбогдол өгч бэлдэцгээсэн гэдэг. Тэгээд 2-р курсын гурван хүүхэд ирж ангийнхныг нь бэлдүүлэхэд тэд “Чи СУИС-д шалгалт өг. Чи жүжигчин л болох хүн байна” гэсэн аж. Тэр үед л жүжигчин болъё гэж бодон ангийнхаа нэг охинтой хүүхдийн ордны драмын дугуйланд бүртгүүлж байжээ. Ингээд багшийнхаа ачаар 2000 онд СУИС-д элсэн орж, 2004 онд найруулагч, жүжигчний мэргэжлээр төгссөн.