Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор энгэрээ мялаажээ.
Жүжигчин А.Гэрэлцэцэг багын л урлаг соёл гэж гүйдэг хүүхэд байсан гэдэг. Араваа төгсөхдөө Гэрэлээгийн ангийнхан “Сургуулиа төгсөж байгаа юм чинь энэ жилийн урлагийн үзлэгт тэргүүн байрыг нь авна шүү.
СУИС-аас жүжигчний ангийн гурван хүүхэд авч байгаа. Сайн бэлтгэнэ шүү” гээд их ач холбогдол өгч бэлдэцгээсэн гэдэг. Тэгээд 2-р курсын гурван хүүхэд ирж ангийнхныг нь бэлдүүлэхэд тэд “Чи СУИС-д шалгалт өг. Чи жүжигчин л болох хүн байна” гэсэн аж. Тэр үед л жүжигчин болъё гэж бодон ангийнхаа нэг охинтой хүүхдийн ордны драмын дугуйланд бүртгүүлж байжээ. Ингээд багшийнхаа ачаар 2000 онд СУИС-д элсэн орж, 2004 онд найруулагч, жүжигчний мэргэжлээр төгссөн.