Загварлаг бөгөөд хүчирхэг эмэгтэй гэж тодорхойлж болох цөөнгүй эмэгтэй Монголд бий. Харин тэдэн дотроос хүнд үйлдвэрлэл, уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг, олон мянган ажилтнаас бүрдсэн том корпораци удирддаг эмэгтэй хуруу дарам цөөн.
“МАК” группын ерөнхийлөгч, “Шарк” Н.Цэлмүүн Худалдаа хөгжлийн банканд эдийн засагчаар ажилладаг байсан гэнэ шүү. Тэрээр “Манай ээж, аав энэ компанийг үүсгэн байгуулаад 27 жил болж байна. Монгол улс зах зээлийн тогтолцоонд орсны дараахан 1993 онд МАК үүсгэн байгуулагдсан. Тиймээс би хар багын л аав, ээжийгээ яаж хөдөлмөрлөж байгааг харж өссөн ба энэ нь миний хүмүүжилд ихээхэн нөлөөлсөн. Эцэг, эхийнхээ ачаар би ажилсаг, хөдөлмөрч хүмүүжил авсан гэж боддог юм. Хэдийгээр багаасаа л компанидаа ажиллана гэж бодож байсан ч сургуулиа төгссөний дараа Худалдаа Хөгжлийн Банкинд хоёр жилийн хугацаанд орон сууцны зээлийн эдийн засагчаар ажилласан.
Багаасаа орос сургуулиар хүмүүжиж, гадаадад их сургууль дүүргэсэн байсан болохоор надад банкинд ажилласан туршлага нийгэмшихэд их хэрэг болсон” гэжээ.