“Хүн эхлээд өөрийгөө таньсан, ямар авьяастайгаа мэдсэн байх хэрэгтэй. Өөрийгөө таньж, хүсэл зорилгоо тодорхойлсны дараа түүнийхээ төлөө хөдөлмөрлөх нь зүйн хэрэг.
Тэгэхээр авьяас, хөдөлмөр хоёр заавал хамт байж амжилт гардаг байх гэж санагддаг” гэж ярих дуучин Ука 1982 оны арваннэгдүгээр сарын 06-нд төрсөн. Өдгөө 38 настай ч эрч хүчээрээ Монголын урлагийн салбарт томоохон орон зайг эзэлдэг, олон хүнд үлгэр дуурайлал үзүүлж яваа хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл юм. Энэ тухайгаа тэрээр “Тэдэн цомог гаргаж, тийм орлого олох зэрэг нь миний зорилго бишээ. Энэ бүхний эцэст ямар сайхан амьдарсан, сайн эмэгтэй вэ гэж дурсагдахаар амьдрах нь л миний зорилго” хэмээн ярьсан байдаг. Үнэхээр ч олон мянган эмэгтэй, охидод сайхан эмэгтэйн жишгийг харуулж яваа, өвөрмөц хэв маягтай, содон уран бүтээлч билээ.
Анх 2004 онд Монголын урлагийн салбарын хамгийн алдартай охидын “Kiwi” хамтлагийг байгуулж байв. Тэдний хамтлаг 2014 онд тарж, тэр цагаас хойш тэрээр ганцаараа уран бүтээлээ туурвиж байна. Энэ цагаас хойш Ука ганцаараа дөрвөн цомог гаргаад байна. Тухайлбал, 2015 онд “I am in love” , “11.06”, 2017 онд “ХӨГ-ЖИМ”, 2018 онд “Don’t Stop” нэртэй цомгоо гаргасан. Үүнээс түүний “Don’t Stop” цомог нь Азийн топ хип хоп цомогт багтсан юм. Тэрээр хамгийн алдартай телевизийн шоуны нэг “The Voice of Mongolia” шоуны шүүгчээр ажиллаж байсан.Тус шоуны эхний ялагчаар Укагийн багийн гишүүн Ц.Энгүүн шалгарч байсан юм.
Дуучин Ука Соёл урлагийн их сургуульд сурч жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж, аавынхаа зөвлөгөөг дагаж “Орхон” дээд сургуульд хэлмэрч, нарийн бичгийн дарга мэргэжлээр суралцсан тухайгаа хэвлэл дөгсөн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг. Дуулахаасаа гадна тэрээр “Нэгүн” студийн анхны бүрэн хэмжээний “Hi Honey” уран сайхны кинонд тоглож байв.
Дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан түүний хувьд “Хэрвээ би дуучин болоогүй байсан бол биеийн тамирын багш, ер нь спортын талын л хүн болох байсан байх” хэмээн ярьжээ.
Хамгийн олон фентэй түүний “Маргаашийн нар луу хамт аялах уу”, “Do It”, “Don’t stop” дуунууд нь Youtube-д хамгийн олон хүн үзсэн дуугаар шалгарсан юм.