СТА Дуучин Батсайханы Буянжаргал гэхлээр яах аргаүй “Санахгүй л гэсэн юм аа” дуу нь аманд аялагдаж байгаа биз. Уран бүтээлээрээ олондоо танигдаж, бүр түүгээрээ овоглогдож явах шиг сайхан зүйл уран бүтээлч хүнд байдаггүй биз.
Тэгвэл олон сайхан хит дууны эзэн, нийтийн дууны ертөнцөд өөрийн орон зайгаа тодоос тод тамгалж яваа Б.Буянжаргалынх бүл нэмэхээр зэхэж буй аж. Тэрээр өнөөдөр эхнэрийнхээ хамт сонгуулийн санал өгөхдөө давхар биетэй гэргийнхээ зургийг дэлгэжээ.
Түүний хайртай гэргий, хөөрхөн хоёр охины ээжийг Ц.Оюунболор гэдэг. Олон Улсын Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн тэрбээр хайртай ханийнхаа хамгийн дотны зөвлөгч бас хамгийн анхны сонсогч нь. Үеэлээрээ дамжуулан гэргийтэйгээ танилцсан тухайгаа хуучилсан Б.Буянжаргал “Бидний хамтын амьдрал гурван жил хоёр биенээсээ хол байх шалгуурыг даван байж гэр бүл бололцсон хоёр шүү дээ гэж инээвхийлэн ярьсан шүү. Учир нь танилцаад удаагүй байхдаа Ц.Оюунболор Сингапур руу суралцахаар явсан бөгөөд гурван жилийн хүлээлтийг давсан тэдний хайр өдгөө Б.Энгүүн, Б.Энхжин гэх охидоор үргэлжлэн хайрынх нь галыг өрдсөөр байна.
Дуучин Б.Буянжаргал оюутан байхаасаа уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж “Зөөлөн бороо”, “Санахгүй л гэсэн юм аа” гэсэн дуугаараа олонд танигдсан. Түүнээс хойш өдгөө 10-н жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд “Саяана”,”Аавын борлог морьд”, “Ай даа юу ч гэхэв дээ”, “Миний л үзэсгэлэн гоо”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй”, “Гоо бүсгүй”, “Миний монголын намар” зэрэг олон хит дууны эзэн болоод амжсан билээ.