Монголын кино урлагт өөрийгөө тамгалж чадсан уран бүтээлч, найруулагч бол МУГЖ Ё.Цог гуайн хүү найруулагч Ц.Хүсэлбаатар. Удам дамжсан уран бүтээлч гэгддэг тэрээр өөрийнхөө хүүхдүүдээр урлагийн удам угсааг түүчээлж яваа.
Түүний анхны амьдралаас төрсөн ууган хүүг Я.Учрал гэдэг.
Хүүгээ ой хүрэхтэй зэрэгцэн ээжээс нь тусдаа амьдарч эхэлсэн найруулагч маань хоёр дахь амьдралаа тухайн үеийн сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг байсан МУГЖ С.Өлзийхүүтэй эхлүүлсэн. Тэд дундаасаа охин хүү хоёртой. Охин Х.Баярмаа “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан, “Аюултай харилцаа” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглон авьяас билгээ харуулсан түүнийг Монголчууд андахгүй.
Харин тэдний бага хүүг Х.Санжаа гэдэг. Х.Санжаа Б.Гангаамаа гэх даруухан бүсгүйтэй ханилж, ээж аавыгаа өвөө эмээ болгоод байгаа.
Алдартнууд маань бэрдээ тун сэтгэл хангалуун байдаг бололтой, төрсөн өдрөөр нь Ц.Хүсэлбаатар “Миний охин үзэсгэлэнтэй, ухаантай, хүлээцтэй, зөөлөн ааштай мөртлөө ажилсаг юунд ч бууж өгдөггүй нямбай, шаргуу, зоримог гээд тэр бүр хүнд заяахгүй сайн сайхан бүхэн заяасан тийм л хөөрхөн охин минь билээ. Хайртай охиндоо, хүүгийнхээ насан туршийн ханьд төрсөн өдрийн мэнд хүргэе. Амьдралын урт харгуйд тосож байгаа бүхэн охиныг минь хайрлаж зөөлөн сайхан бүхнээ өмнө тань дэвсэж байх болтугай” хэмээн сэтгэлийн үгээ илгээсэн удаатай.
Үлгэрт гардагчлан Б.Гангаамаа бүсгүй хадмуудынхаа хувьд сайхан бүхэн цогцолсон “Цэцэн бэр” аж.
Х.Санжаа Б.Гангаамаа хоёрын дундаас төрсөн хүүгийн төрсөн өдөр дээр Ц.Хүсэлбаатарынх халуун ам бүлээрээ цугларчээ.