Монгол улсын гавьяат Жүжигчин, зохиолч У.Осор, хүү МУГЖ Бат-Өлзий, Харин түүний хүү, жүжигчин, найруулагч Б.Тамир.
Монголын кино урлагийн түүхэнд “Алтан үеийн” хэмээн тодоор бичигдэж, өнөөг хүртэл үзэгч олондоо дурсагдаж яваа алдарт жүжигчин, зохиолч Улаанхүүгийн Осор агсны тухай мэдэхгүй хүн ховор биз.
Тэрбээр, “Их замын эхэнд” киноны Хоовон хөх, “Ичээнд нь ” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдан, Р. Доржпаламын “Тунгалаг Тамир” киноны Даржаа баатар зэрэг 100 гаруй дүрийг дэлгэцнээ чадварлаг бүтээж, 60-70 оны оросын кинонуудад дуу оруулан, үзэгч олны талархлыг хүлээж байснаас гадна “Усан дээр ассан гал”, “Цоодолын Цоорхой” зэрэг зохиол бичиж Монголын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулж байсан ахмад алдартнуудын нэг юм.
Харин хүү О.Бат-Өлзийг үзэгчид “Нандин эрдэнэ” киноны хүргэн хүүгийн дүрээр сайн мэдэх билээ.
О.Бат-Өлзийн хүү, жүжигчин, найруулагч Б.Тамир өвөөгөөсөө өвлөгдсөн авьяасаа хөгжүүлж, өдгөө өөрийн гэсэн продакшнаа байгуулан, жүжигчин, найруулагч, зохиолч гэх мэт кино урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвиж явна.